Өргөмжлөл хэмээх өвчин

Гадныхан манай наадмыг хуушуурын, цагаан сарыг буузны баяр гэж ойлгодог. Харин шинэ жилийг жаазны баяр гэж нэрлэдэг болох нь.
Удахгүй шинэ он гарна. Хувийн хэвшлийнхэн шинэ жил тохиолдуулан бараа, үйлчилгээгээ санал болгоод эхэллээ. Шинэ жилийг бид цагаан cap наадмаас дутахгүй тэмдэглэж заншсан. Европт Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг энэ баяр Монголд орж ирээд 80 шахам жил болж байна.

Бага байхад шинэ жил маань хамгийн гоё баяр байсан. Хүүхэд бүр эцэг, эхийн хөрөнгө, албан тушаалаас үл хамааран өвгөн ааваас бэлэг хүртэнэ. Онц сурсан нь хоёр бэлэг авна. Бүгд л баярлаад өнгөрнө. Бидний үеийнхэнд насаараа өвлийн өвгөн болсон Ц.Гомбосүрэн гуайгаа харах нь бас нэг баяр.

Харин өнөөгийн шинэ жил тэмдэглэж байгаа байдал Шар хадныхны хүнд өвчтөнүүдээс ялгагдахгүй зураг харагдана. Ядаж байхад ирэх жил УИХ-ын сонгууль болно. Тиймээс он гарсны дараа болох Цагаан cap, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, хүүхдүүдийн баяр цагаандаа гарсан зусардал, бялдуучлалын жүжиг болж хувирна. Ямар ч эх, эр цэрэг, хүүхэд баярлахгүй.

Цагаан cap нь хөөрөг, дээл, ууцны уралдаан, мартын найман, цэргийн, хүүхдийн баяр нь тэднийхээ нүүрийг ашиглан хүнд танигдах гэсэн шалихгүй улстөрчийн увайгүй арга. Шинэ жил дөхөх тусам эсвэл малийсан хэдэн улстөрч жааз гардаж байгаа нь эсвэл хэдэн улиг болсон цөөн кино л үзнэ. Монгол үгсийн санг дуусгаж байгаа өргөмжлөлийг дагадаг жааз нь хятадын амиа аргацаадаг жижиг үйлдвэрийн хаягдал.

Өргөмжлөл гардуулах нь өнөө цагт нэгэн төрлийн бизнес болж хувирч байна. Аль нэгэн байгууллага хэн нэгнийг юу ч гэж өргөмжилж болно. Цагтаа гуравдугаар Ерөнхийлөгч, нөхөр Н.Энхбаярыг оны дээд, НҮБ-ыг ч өлхөн удирдана гэсэн өргөмжлөл өгч байсан бол өнөөдөр түүнээс муу хүн ертөнцөд байхгүй мэтээр сурталчилна. Нөгөө цагтаа Бурхантай зүйрлэж байсан хүнээ өнөөдөр үхрийн баас мэтээр сурталчилна. Энэ бол өргөмжлөлийн мөн чанар.

Эхний ээлжинд албан тушаалтнуудыг аль нэг ажлаа бүтээлгэсэн байгууллагууд өргөмжлөнө. Дараагийн ээлжинд улс төрөөр бус мөнгөөр эрхэм гишүүн хоч зүүх сонирхолтой бацаанууд жүжиглэнэ. Энэ өвчин нийгэмд газар авч байна. Одоо цэцэрлэгийн хүүхдээс эхлээд захын эмгэн өвгөн өргөмжлөл өгөхгүй бол гомддог болсон. Эрээний элдэв жааз, тэмдэг, цомгүй хүн гэж өнөөдөр байхгүй.

Хоосон өргөмжлөлд итгэсэн тэдний сэтгэхүй магтаагүй, зусардаагүй бүхнийг дайсан хэмээн үзнэ. Хүүхдүүд хар багаасаа л элдэв магтаал, өргөмжлөлд дуртай болж сурах, боловсрохын өргөмжлүүлэх, зусардуулах боломж хайж эхэлнэ. Шинэ жилээр өөрийгөө өргөмжлүүлж байгаа улстөрч дүрдээ итгээд зогсохгүй, эгээ л дараагийн УИХ-д сонгогдсон мэт аяглана. Гэтэл хүн амын 40 хувь нь шинэ жилийг хэрхэн тэмдэглэх тухай санаа зовж сууна.

Хэдэн хүүхэддээ бэлэг биш гэхэд хэдэн чихэр үмхүүлэхийг хичээнэ. Хэр тааруу шинэ жилийн гацуур чимэхийг л бодно. Энэ бүхнийг хийхэд сарын 21 мянга юу ч биш. Тэтгэврийн, 21 мянгын дэвтрүүдээ тавиад ч аятайхан баярлахад бэрх. Ядаж байхад асдаг, асдаггүй ТВ-гээр хойт насандаа үзэхээргүй тансаг шинэ жилийн баяр, өндөр хөгжилтэй орнуудын одуудаас үнэтэй хувцсаар гайхуулсан улстөрчид, түүний эхнэр хүүхдийн зураг салахгүй. Өргөмжлөл өгч байгаа, авч байгаа нь ч үүнийгээ мэдрэх юм байхгүй.

Эцсийн эцэст бидний баяр гэдэг Эрээний ченжүүдийн ашиг болж хувирна. Энэ бүхнийг улс төрчид ард түмнээ баяруулж байна гэж харна. Хэний баяр хэний гуниг гэдгийг хятадын жаазууд үл мэднэ. Хэзээ нэгэн цагт гуниглагчид тансаг ширээ рүү дайрна.

Х.БАТТӨГС

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих