“Хорихын үйлчлэл” төслийн хүрээнд 403-р анги буюу Авдрантад ажиллажээ

15228

Монгол хурандаа нийгэмлэг , Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо хамтран “Хорихын үйлчлэл” төслийн хүрээнд Төв аймгийн Лүн суманд байрлах шүүхийн шийдвэрийн 403-р анги буюу Авдрантыг зорилоо.

Анир чимээгүйг эвдэх хүнд хаалганы хяхалзах дуу бие арзайлгах шиг. Харанхуй, тарчиг өрөө бүхний цонх битүү төмөр хамгаалалттай. Хаалгыг нь дангинатал цоожилсон. Цоожтой хаалганы цаана хүн биш “араатан” амьдарна. Тэд зөвхөн хоригдож, хийсэн хэргийнхээ ялыг хатуугаар үүрэх ёстой… Бид хорих ангийг энэ мэтээр төсөөлдөг.

Хорих ангид гэмт хэрэг хийсэн хүмүүс гэм нүглээ эдэлж, галт зэвсэг агссан харуулууд чанга гэгч манасан байдаг гэж боддог.

Харин хорих анги гэх хүн бүгдийг жигших, зэвүүцэх байдлаар хүлээн авдаг газарт амьдрал хэрхэн өрнөдгийг мэддэггүй. Басхүү мэдэхийг ч хүсдэггүй ажээ.

Бид 403 дугаар ангийг Авдрантын хорих гэдгээр андахгүй сайн мэддэг. Авдар уулын бэлд байрлах энэ хорих ангид 100 гаруй хоригдол хүмүүжиж байна.

Авдрантын хориход халхын засрашгүй “сайн эрс”-ийг хоригдож, хүмүүжиж байсныг хүмүүсийн ам дамжсан ярианаас гадарлана.

Цагтаа Монголын хамгийн хатуу чанга хорихын нэг байсан Авдрант одоо бол жирийн дэглэмтэй болж өөрчлөгджээ. Хуучин гяндан байсан хорихын байр балгас мэт харагдах бол одоогийн хорих ангийн байр нилээд засвар хийснийх орчин нь хамаагүй сайжирсан нь илт.

Төв аймгийн ахмадын хорооныхон хоригдож буй хүмүүст зориулж дулаан бээлий оёж өгснийг ” . . . сайн хүмүүжээрэй, хүүхдүүд минь. Эх оронд чинь та нарыг хүлээж буй олон зүйл бий. Гарч ирээд хүн шиг амьдраарай. . . ” гэсэн сургамжийн үгийн хамт өглөө.

Мөн МУСТА дуучин Ц. Мөнхсоёл “Дуучин охин чинь дуунд уяраад , дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь” гэсэн сайхан дуугаараа ая дууны түрлэг өргөлөө.

Тус ангийн захирагч Б.Мөнхгэрэл, албан хаагчид, хүмүүжигчид бид бүхнийг халуун дотноор угтан авч ” Дахин ирээрэй” гэсээр үдлээ.

Хотоор зайдуй амьдардаг тэднийг зориод очдог хүмүүс ховор тул хэн хүнгүй л хүний мөрөөсөл болдог бололтой.

Эрхээ хасуулаад хоригдож буй хүмүүсийн ихэнхи нь залуус байсныг хараад өөрийн эрхгүй зүрх шимширлээ.

Ээж аав, эх орныхоо тухай олон сайхан дуунуудыг хамтдаа дуулан зогсохдоо “Хурдан засраад гарнаа. Яах гэж би хэрэг хийв ээ ” гэж харамссан байсныг нүднээс нь олж хараад бага ч гэсэн тайвширснаа нуух юун.

Хоригдол гэж эрхээ хасуулаад хоригд, хоригдсоныхоо дараа дөл мэт бадар гэсэн үг юм гэнэ лээ. Хурдан хүмүүжээд гараарай. Эх орон тань хүлээж байгаа шүү.

С. Пүрэвсүрэн

15230 15229 15227 15226 15225


URL:

Сэтгэгдэл бичих