Ж.Энхжаргал: “Өргөө”-гийн хувьчлал бол Н.Энхбаярт үйлчилдэг нөхдүүдийн хийсэн луйвар

“Өргөө” зочид бууд­лын хувьчлалтай холбоо­той хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тул­гыг Улсын мөрдөн бай­цаах газар (УМБГ)-аас саа­туулж, 14 хоног ба­ривч­лахаар болсон би­лээ. Төрсөн ах Б.Хуягийнх нь талаар Б.Тулгаас тод­руулахаар саатуулсан гэх аж. Б.Хуяг бол “Хар дун” компанийн захирал. Нийс­лэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар са­рын 17-ны 188 тоот тог­тоо­лоор “Өргөө” зочид бууд­лыг “Хар дун” компа­нид шилжүүлсэн байдаг. Хууль бус байж мэдэх уг асуудлыг шалгуулахаар Ж.Энхжаргал жилийн өм­нө УМБГ-т өргөдөл гарга­сан. Түүний өргөдлийн дагуу Төрийн өмчит үйл­чилгээний газар (ТӨҮГ)-ыг ямар ч тендер зарлал­гүйгээр, НИТХ-ын тогтоо­лоор “Хар дун” компани­тай нэгтгэж хамтарсан компани байгуулсан гэх хэргийг УМБГ шалгаж бай­гаа билээ.

ӨргөөТӨҮГ-ын за­хирлаар ажиллаж бай­сан Ж.Энхжаргалтай ярилцлаа.

-Таны гаргасан өр­гөдлийн дагуу УМБГӨргөөзочид бууд­лын хувьчлалтай хол­­бог­дуулан Ерөн­хийлөгч асан Н.Энх­баяр, түүний шадар туслах, тухайн үеийн НИТХ-ын дар­га гээд цөөн­гүй хү­нийг бай­цааж байх шиг бай­на. Тиймээс ТӨҮГ хэр­хэн, хэн гэгч эрхмийн орол­цоотойгоор ху­вийн компанид шилж­сэн та­лаар дэл­гэрэнгүй ярилц­маар байна. Та­ныг удирдаж байх үеийнӨргөөзочид бууд­лын үйл ажил­ла­гаа ямар байсан талаар яриагаа эхэлье.

-”Өргөө” зочид буудал (ТӨҮГ) 1995 онд бай­гуу­лагдан Чингэлтэй дүүр­гийн I хороо, Худалдааны гудамжинд үйл ажилла­гаа явуулж эхэлсэн түүх­тэй. Миний хувьд 1999 оноос хойш есөн жил ша­хам “Өргөө” зочид бууд­лын захирлаар ажил­ла­сан. Манай байг­ууллага нийслэлийн удирд­лагуу­дын шуга­маар ирсэн зо­чид, төлөө­лөгчдөд үйлч­лэх үүрэг­тэй. Намайг аж­лаа авс­наас жилийн да­раа “Дүн­жин­гарав-Өргөө” НӨҮГ-ыг “Өргөө”-тэй нэгт­гэсэн.

“Дүнжингарав-Өргөө” дангаа­раа оршин тогтнох боломж­гүй учраас татан буулгаж, нэгтгэсэн л дээ. Одоо ч ханыг нь хуруугаараа чичихэд нурах дөхсөн барилга бий. Үндсэндээ бид хоёр зочид буудлыг нэгтгэсний дараа урдах зарлагаа хойноос нь нөхөөд нийслэлийн захиргаанаас ямар нэгэн татаас, зовлонгүй үйл ажиллагаа явуулж байсан. Эхний үед жилд 14-15 сая төгрөгийн ашигтай ажиллаж бай­лаа. Яваандаа ашиг нь буурсаар алдагдалтай болж ирсэн. Ерөн­хийдөө дорвитой хөрөнгө оруу­лалт хийхгүй бол үйл ажиллагаа тааруу болж  байлаа. Тиймээс ч бид үйл ажиллагааг нь өргөтгөх, өм­чийн харилцааны менежментийг шинэчлэх, хөрөнгө оруулалт хийж өөд нь татахаар төсөв санал бо­ловс­руулснаа Нийслэлийн өмчийн газарт удаа дараа өгч байсан. Хотын захиргаа өөрөө буудал­тайгаа байя гэвэл хөрөнгө оруу­лалтыг нь сайжруулах. Эсвэл хувь хүн хөрөнгө оруулах боломжтой бол хамт олонд нь өгөөд асуудлыг шийдэж, цэгцлээч гэсэн саналыг удаа дараа хүргүүлсэн баримт бий.

-Хэдэн оны үед тэр вэ?

-2004-2006 онд. Хотын удирд­лага, Нийслэлийн өмчийн харил­цааны газраас бидний саналд ямар ч хариу өгөөгүй. Тэгсэн атлаа гэнэт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын сана­лаар, НИТХ-ын дарга Н.Болормаа­гийн шийдвэрээр “Хар дун” ком­панид шилжүүлчихсэн хэрэг. Ерөө­сөө л нууц байдлаар шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ нэлээд олон жилийн өмнөөс төлөвлөсөн байсан юм билээ. Биднийг хүсэлт гаргаж байхад ерөөсөө шийдэхгүй байсны учир нь тэр байж.

-Одоогийн УИХ-ын гишүүн Ц.БатбаярӨргөө“-г хувьчлах санал оруулсан юм уу?

-Ц.Батбаяр 2007 оны наймду­гаар сарын 17-нд “Өргөө”, “Дүн­жингарав” зочид буудлын менеж­ментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барь­­сан юм билээ. Улмаар НИТХ 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалга­руулж, дүнг нь танилцуулахыг Ц.Батбаярт даалгасан. Тэгтэл Ц.Батбаяр ямар ч сонгон шалга­руулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буул­гаж, “Хар дун” компанийн 75, нийс­лэлийн өмчийн 25 хувийн орол­цоо­той “Дун-Өргөө” ХХК шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьсан. Ингээд л НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Хар дун” гэх компанид “Өргөө”-г өгчихсөн. Ту­хайн үед НИТХ-ын таван гишүү­ний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн.  Харин Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газарт ажил­ладаг байсан Ганзориг нар “Наа­дах чинь улайм цайм луйвар бай­на” гэж эсэргүүцсэн юм билээ.

-”Хар дункомпанийн хөрөн­гийг Н.Энхбаярын хүү Э.Бат­шугар гар­гаж байсан гэдэг.

-Тэр үед “Хар дун” хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани байсан. Ердөө “Өргөө”-г авахаасаа наймхан хоногийн өмнө байгуу­лагдсан компани. Өөрөөр хэлбэл, “Хар дун” компани 2007 оны арав­ду­­гаар сарын 9-нд байгуулагдаж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр дарга “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан. НИТХ нь аравдугаар сарын 17-нд нь хамтарсан компани байгуулах шийдвэрээ гаргачихсан хэрэг. Зургаахан өдрийн дотор төсөл сонгон шалгаруулалт явуу­лаа­гүй нь хэнд ч ойлгомжтой бай­гаа биз. Илтэд хууль бус, луйвар байсан нь тодорхой. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын даргаар ажиллаж бай­сан Н.Болормаа нарын гүйцэтгэ­сэн луй­вар. Харин ард нь хэн байсан нь одоо тодорхой болж байх шиг байна. Буяагийн Хуяг гэдэг залуу “Хар дун” компанийг байгуулсан гэдэг. Сүүлд мэдэхэд Б.Хуягийн дүү Б.Тулга Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын шадар туслах байж. Бас Н.Энхбаярын хүү Б.Хуягийн ком­панид хөрөнгө оруул­­сан гэх мэдээ­лэл сонин хэв­лэлээр гарч байна. Тэр үед Н.Энх­баяр, түүний хүү, эхнэртэй нь холбоотой бүх асуудал нууц бай­сан шүү дээ. Ямар ч бай­сан Н.Энх­баярт үйлчилдэг байсан намынх нь нөхдүүдийн оролцоо­той хийсэн луйвар. Дандаа МАХН (хуучнаар)-ын луйварчид оролц­сон байгаа. Тэр дундаа Ц.Батбаяр, Н.Болор­маа нар голлох үүргийг гүйцэт­гэсэн.

-”Хар дункомпаниӨргөө“-д хэр хэмжээний хөрөнгө оруу­лалт хийхээр гэрээ байгуулсан юм бол?

-Ерөөсөө ганцхан гишүүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байсан шүү дээ. Тэгсэн атлаа шинээр байгуулсан “Дун өргөө” ХХК-ийн 75 хувь буюу нэг тэрбум 404 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хөрөнгийг гаргах гэрээ байгуулсан байдаг. Яаж тооцохоор ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компани, өөрийн­хөө хөрөн­гөөс 1404 дахин их хэмжээний хөрөнгө гаргаж чадна гэсэн нь сонин байгаа биз.

-”Хар дункомпани гэрээ байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж яажДун Өргөөкомпанийн 75 хувийг нь эзэмших эрх авсан байж таарах вэ?

-Хөрөнгө оруулаагүй байж, 75 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуул­чихсан байгаа биз дээ. “Өргөө” зочид буудалд “Хар дун” компа­нийн нэг ч төгрөг ороогүй байсан. Тэгсэн атлаа хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг хийсэн юм билээ. Нэг жилийн дараа гэхэд нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг гэрээнд тусгаж. Тэр гэрээ нь аль хэдийнэ зөрчигдчихсөн. Хувьчилж авснаас нь хойш хоёр жилийн дараа л дөнгөж хүн шагайх төдий тохижуулсан шүү дээ. Нийс­лэлийн өмчийн газартай байгуул­сан гэрээнээс л үзэхэд хувьчлалыг цуцлахаар болчихсон байгаа. “Дүнжин­гарав-Өргөө”-д өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, цоожтой хэвээрээ л байгаа. Өнөө харганын ноос түүгээд эсгий хийнэ. Тэр эсгий­гээрээ гэр барина гэдэгтэй адил гэрээ бай­гуулсан байгаа юм.

-Та хамт олонтойгоо хөрөнгө оруулалтыг нь шийдээд, өөд нь татах боломж байсан уу?

-Боломж байсан учраас хөрөн­гө оруулагч түншүүдтэйгээ ярил­цаж, удаа дараа саналаа өгч бай­сан шүү дээ. Ерөөсөө л 500 сая төгрөг байхад “Өргөө” хөл дээрээ хангалттай зогсчих боломж байсан. Тэр үед НИТХ-аар “Өргөө”-г хувьч­лах гэж байсныг би огт мэдээгүй. Бүр шийдвэр нь гарчихсаны дараа хүнээс дам сонссон хэрэг шүү дээ. Сонгон шалгаруулалт явуулсан бол захирлынх нь хувьд ядаж сонсоно биз дээ. Бүх зүйлийг нуу­цаар үйлдсэн байдаг.

“Дүнжингарав Өргөө”, “Өргөө” гэсэн хоёрын хоёр обьектын ядаж нэгийг нь хамт олонд нь давуу эрхээр хариуцуулж болох л бай­сан. Нэгийг нь дээрэмчин, луйварч­дад нь өгдөг л юм байгаа биз. Тэгтэл хоёуланг нь луйвраар хувь­чил­­чихсан. Тэр үед нь Н.Энх­баяр энэ луйварт ямар холбоотой байс­ныг мэдээгүй. Явцдаа Н.Энх­баярын эхнэр О.Цолмон оролцоод байгааг гадарласан л даа. О.Цол­мон, Н.Болормаа нарын эхлүүлсэн ажил байх. Н.Болормаа бол О.Цол­монтой үй зайгүй найз. Тэгэхээр яалт ч үгүй энэ луйврын цаана Н.Энхбаяр байсан нь тодорхой болоод байгаа юм.

-Та тухайн үед хуулийн бай­гуул­лагад гомдол гаргах бо­ломж байгаагүй юм уу?

-Тухайн үед “Өргөө”-г “Хар дун”-тай нэгтгэх 188 тоот тогтоолыг эсэргүүцэж НИТХ-ын бүх гишүүдэд хандаж өргөдлөө өгч байлаа. НИТХ “Хүлээж авахгүй” гэх утгатай хариу өгсөн л дөө. НИТХ-ын дарга Н.Болормаатай уулзахад мэдэн будилсан байдалтайгаар “Тэр компанид “Өргөө”-г өгөх шийдвэр гаргасан. Та тэр хүмүүстэй хамт­раад ажиллаж болно” гэсэн утгаар хүн доромжилсон хариу өгч билээ. “Өргөө” ТӨҮГ-ыг татан буулгангуут Ц.Батбаярын захирамжаар намайг болон 20 гаруй ажилтанг шууд халчихсан. 20 гаруй айлыг нэг л өдөр амьдралгүй болгочихож бай­гаа юм. Захирлаас нь эхлээд жо­лоо­­чийг нь хүртэл халчихсан. Ганц сарын цалинтай тэнцэх ч тэтгэлэг өгөөгүй. Тиймээс би Захир­гааны хэргийн шүүхэд хандаж, 188 тоот тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан.

-Шүүх хуралд хариуцагчаар НИТХ-ыг татсан уу. ЭсвэлХар дункомпани оролцсон уу?

-НИТХ-ын даргад холбогдуу­лан гомдол гаргасан. Тэгтэл Н.Болор­маа нь Нийслэлийн өм­чийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэнг  итгэмжлэгд­сэн төлөөлөгчөөр томилчихсон. Гуравдагч этгээд болох “Хар дун” компанийн захирал Б.Хуяг мөн л итгэмжлэгдсэн төлөөлөгчөө орол­цуул­сан байдаг. Н.Болормаа өөрийн­­хөө оронд хүн томилоод, луйвардаж авсан компанийнхаа хүнтэй нийлээд миний эсрэг “Үзээд бай” гэсэн бололтой юм билээ.

-Шүүх тэгээд ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Захиргааны хэргийн шүүх хур­лын хэлэлцүүлгийн явцад нөгөө тал яг унах нь тодорхой болдог. “Тендер зарласан баримтаа аваад ир” гэхэд л нөгөө тал таг болдог. Тэгэнгүүт л шүүх хурлыг хойш­луулчихдаг байсан. Ингэж явсаар захиргааны хэргийн шүүхээр би ялагдсан. Дараа нь 2008 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дээд шүүхийн захиргааны хэргийн тан­химын давж заалдах шатны хур­лаар  НИТХ-ын шийдвэр хууль бус, луйврын шинжтэй болсныг тогтоож 188 тоот тогтоолыг хүчингүй болго­сон. Тэгтэл л 2008 оны УИХ-ын сонгуулийн маргааш хяналтын шатны шүүх НИТХ-ыг зөвтгөсөн шийдвэр гаргачихсан.

-Яагаад. Давж заалдах хур­лаар 188 тоот тогтоолыг хүчин­гүй болгосон биз дээ?

-Эцсийн шатны шүүх намайг заргалдах субьект биш гэж үзсэн. Заргалдвал төрийн өмчийг хариуц­сан албан тушаалтан л заргалдах боломжтой гэсэн. Гэтэл төрийн өмчийг хариуцаж байсан этгээдүүд нь луйварт оролцчихсон явааг яалтай ч билээ. Иргэний журмаар гаргасан нэхэмжлэл маань ингээд ямар ч үр дүнгүй болчихсон хэрэг. Тиймээс л өнгөрсөн оны арваннэг­дүгээр сарын 15-нд УМБГ-т өргө­дөл гаргасан.

-УМБГ-т ямар утгатай өргөдөл гаргасан гэж?

-Төрийн өмчийг хууль бусаар, бэлэглэх шахуу хувийн компанид шилжүүлснийг шалгаач гэж. Үүний цаана ямар эрх ашиг, хэдэн төгрө­гийн авлига, төрийн өмчийн том луйвар байгааг шалгаач гэсэн. Тодруулбал, Н.Болормаагийн ал­бан тушаалаа урвуулан ашиг­лаж, төрийн өмчийг үнэгүйдүүлж, шам­шигдуулсан луйврын гэж бо­лох хэргийг шалгах хүсэлт гаргасан.

-Н.БолормааУМБГ-аас на­майг хууль зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэнгэсэн хариултыг манай сонинд өгсөн.

-Тэр хүн юу ч гэж ярьж болно шүү дээ. Хувьчлал нь зөв байсан бол УМБГ өнөөг хүртэл олон хү­нийг шалгаад, байцаагаад явахгүй байсан биз.

-Таны өргөдлийн дагуу Н.Энх­баярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл бас байгаа.

-Би Н.Энхбаярт холбогдуулж өргөдөл өгөөгүй шүү. Түүнд эрүү үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Өөрөө цэвэрхэн, ядарсан хүн мэтээр л ярих юм билээ. “Хар дун”-гийн захирлаар ажиллаж байсан хүнийг л шоронд хийгээд шалгахад л минийх биш уучлаарай, би ийм хүний дарамтаар луйварт оролц­сон гэдгээ хүлээх байлгүй. Хуулийн­хан гүйцэтгэх ажиллагаагаа мань мэтээр заалгахгүй биз дээ.

-УМБГ-аас танаас тайлбар авсан уу?

-Шүүхийн шийдвэртэй холбоо­той асуудлаар л нэг удаа дуудсан.

-Одоо тэгээдӨргөөзочид буудал яг хэнийх нь мэдэлд байна вэ?

-Н.Энхбаярын ч бай, “Хар дун”-гийн ч бай өмч болоогүй. Тэд багахан хэмжээний хөрөнгөө хий­сэн л гэдэг. Яаж ч бодсон нэг тэрбум 404 сая төгрө­гийн хөрөнгө оруулсан гэж үзэх ямар ч бо­ломжгүй. Хааш хаашаа 4-5 метр зайтай, гадагшаа тэлж, дээшээ өндөрлөх боломжгүй ба­рил­гад тийм их хэмжээний хөрөнгө хаана нь оруулах юм бэ. Эрээнээс хэдэн тавилга л авчраа биз. Ямар ч үнэлгээний компани хэдэн төгрө­гийн хөрөнгө оруулсныг нь тооцоод гаргачихна. Хотын захиргаа үнэл­гээг нь гаргаад Н.Энхбаярт ч юм уу, Б.Хуягт нь өгөг л дээ. Н.Энхбаяр нь эргээд шүүхдэх биз. Шүүх үнэл­гээний комиссын гаргасан дүгнэл­тийг нь яах юм. Нэгэнт гэрээнд заасан хөрөнгийг оруулаагүй бол төр өмчөө буцааж авах эрхтэй биз дээ. Шударга ёс гэж байдаг бол “Өргөө”-г хамт олонд нь буцааж өгөх байх л гэж найддаг. Цаана нь огт ашигладаггүй “Дүнжингарав өргөө” зочид буудал байж л байна. Луйвардаж аваад ажлаа хийж чадахгүй байхад буцаах л ёстой.

-”Дун-Өргөө“-гийн захирлаар одоо хэн ажиллаж байгаа юм бол?

-Миний сонсоход Б.Хуягийгаа жийчихсэн юм биш үү. Б.Хуяг ту­хайн үед ердөө л хүүхэлдэй болж тоглож байсан бололтой юм. Н.Энх­баяр шадар туслахын ахын нэр дээр компани байгуулж бай­гаад “Өргөө”-г авчихсан юм биш үү. Мэдээж хувь шанг нь өгч явуулаад, оронд нь хүүгээ эзнээр нь тавь­чихсан бололтой. Одоо “Дун-Өр­гөө”-г Н.Энхбаярын хүү Э.Бат­шу­гар удирдаж байгаа гэх юм. “Хар дун” гээчийнх нь захирал Б.Хуяг бай­сан. Одоо “Дун-Өргөө” Н.Энх­баярын хүүгийнх болсон юм биш үү.

-”Хар дункомпани одооӨргөөзочид буудлын 75 хувийг эзэмшиж байгаа юм болов уу?

-Нийслэлийн өмчийн газрын даргаас асуусан нь дээр байх. Гэрээнд зааснаар нэг жилийн дотор хөрөнгө оруулаад дуусчих­сан байх ёстой, биелээгүй. Өрөөг нь алтдахгүй л бол нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх газар байхгүй.

-Оросын мафийнхны ажил­ладаг зарчмаар төрийн өмчийг хувьдаа авсан байна гэж хардах ч хүмүүс байдаг юм билээ.

-Ойлгомжтой. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бүх зүйлийг мэдэж бай­гаа. Ц.Батбаяр Нийслэлийн өмчийн газрын даргад үүрэг өгсөн. НИТХ-ын дарга нь оролцсон. Тэдний ард мафийн толгойлогч байгаа. Н.Энх­баяр нь байна уу, О.Цолмон нь байна уу. Би тэр үед Ерөнхийлөг­чид мэдэгдэлгүй эхнэр нь зохион байгуулаад байна гэж харж бай­лаа. Харин сүүлийн үеийн мэдээл­лээр толгойлогч нь Н.Энхбаяр бололтой юм. Н.Энхбаяр энэ мэ­тээр Баянхонгор аймгийн Шар­галжуут рашаан сувилал энэ тэрийг луйвардаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Бүр 25, 26 ширхэг обьектыг өөрийн болгочихсон юм биш үү.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих