МОНГОЛ ХҮҮХЭД ЭНДЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН ТОМ АЗ ЖАРГАЛ

9e86ede6c343c0a34ee7677a20927e54

Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн ахлагч М.Чимгээ эмчтэй хийсэн ярилцлагаас

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-За, баярлалаа

-Та бидэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн ахлагч М.Чимгээ

-Та яагаад эмч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Эмч болно гэдэг ёстой л байгалиас заяагдсан өгөгдөл юм шиг санагддаг. “Дуучин хүн миний хоолой төрмөл” гэдэг шиг эмч мэргэжил нь хүний төлөө гэсэн төрмөл чанарыг шаарддаг юм болов уу даа гэж би боддог юм. Би ч ээжээсээ тавуулаа. Ээж минь охиныгоо л эмч болоосой гэж хүсдэг байсан. Тэр хүсэл мөрөөдлийг нь биелүүлж би эмч болсон доо. Ээж намайг төрсөн цагаас минь л эмч болгоно гэсэн шийдвэртэй байсан болохоор айлын хүүхэд  их асруулдаг байлаа. “Хүүхдээ манай охиноор асруул. Энэ чинь эмч болох гэж байгаа хүн байхгүй юу” гээд л доороо өчнөөн олон дүүтэй байхад айлын хүүхэд нэмж өгнө. Тэгсэн хэрнээ гурил зууруулахгүй, “Болохгүй ээ, эмч хүний гар туяхан байдаг юм. Эмч хүн гараа муухай болгож болохгүй. Чиний гар эвдэрчих юм бол яаж мэс засал хийх вэ? Гар чинь хэлбэр хэмжээ нь алдагдчихвал хүүхэд төрөхөд яаж эх барьж авах вэ? гээд л багаас маань бэлтгэл хангаж ирсэн дээ /инээв/.

Намайг Японы нийслэл Токиод удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаад ирэхэд ээжийн минь бие их муудчихсан байсан юм. Би ахдаа “Та эмнэлэг рүү аваад явчихаж болсонгүй юу” гэхэд “Гарынхаа эмчид л үзүүлнэ гээд хөдлөхгүй юм байна ш дээ. Чамаас өөр хүнд үзүүлэхгүй бололтой. Одоо чи л яахыг шийд” гэв. АУ-ны докторпрофессор Э.Санжаа ээжийн маань ангийн хүүхэд байгаа юм. “Ядаж Санжаа эмч дээр очихгүй яасан юм” гэхэд “Үгүй” л гэж байж билээ.

-Мэргэжлийнхээ сайхныг болон хүнд хэцүүг онцолж хэлвэл…?

-Сургуулиа төгсөөд Төрөхийн сэхээнд ээж, хүүхэд хоёрын амийг аврах гэж долоон жил цаг, наргүй зүтгэлээ. Тэр үед зах зээлийн нийгэм рүү шилжин эдийн засгийн эргэлт гарч, их хүнд үе тохиож байсан юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр бараа байхгүй, эмнэлэгт ч эмч, эм байхгүй тийм үед ажлын гараагаа эхлүүлж байсан. Өвчтөндөө тариа хийхийн тулд эмнлэгийн даргаар цохуулж байж хийнэ.

Төрөхийн сэхээнд долоон жил ажилласан тэр өдрүүд маань одоо бодоход аймаар санагддаг. Өдөрт 16 хагалгаанд унтуулга өгнө. Энэ тоо бол дэндүү олон. Эх барихын эмч нар өдөрт гурван хагалгаанд ороод явдаг бол бид 16 хагалгаанд ордог байсан. Дээрээс нь бүх хүнээ үзнэ. Би нэг зуныг их тод санадаг юм. Яагаад гэвэл зуны гурван сарын хоёрхон хоногт нь гэртээ хоносон байдаг. Наадам, цагаан сар, шинэ жил гээд баярын өдрүүдэд гэртээ бараа нь харагдахгүй. Гэвч нэг зүйл надад бахархалтай сайхан санагддаг юм. Тэр хүнд хэцүү цаг үед ажиллаж байсан ч надаас шалтгаалж эх хүүхэд эндээгүйд л баярладаг даа.

-Эмч хүн бусдын төлөө өөрийн гэр бүлээ мартдаг юм шиг санагддаг?

-Тийм шүү, би нөхөртөө л их баярлаж явдаг. Охиноо төрүүлчихээд л сэхээний эмчээр ажиллаж эхэлсэн. Долоон жилийг сэхээний тасагт өнгөрүүлж байхад охин маань нэгдүгээр ангид орох болчихсон. Энэ хугацаанд би ээжийн үүргийг хэр гүйцэтгэв ээ гээд бодоход охинтойгоо маш ховор, богино хугацаанд хамт байсан байдаг. Охиныгоо өсөж өндийхөд аав нь л их үүрэг гүйцэтгэсэн дээ.

-Та өрхийн эмнэлгийг бие даан хөгжихөд томоохон дэмжлэг үзүүлж байсан, тэр үеийг дурсахгүй юу?

-Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж эхлэхдээ нийгмийн эрүүл мэндийг онцгой анхаарч ирсэн. Эдийн засгийн хүнд үед Өрхийн эмнэлгийг бие даасан санхүүжилттэй болгоно гээд ороход манай дүүргийн Засаг дарга “16 өрхийн эмнэлэгт бүх төсвөө хуваагаад өгнө гэнээ. Яаж төсөв, хөрөнгө цуглуулах вэ гэж аргаа барж байхад та яахаараа ийм эсрэг бодолтой явдаг хүн бэ?” гээд маш их гайхаж байсан юм. Бид хоёр нэлээн удаан ярилцаж, эцэст нь тэр үеийн Гэгээрлийн ордонд Улаанбаатар хотын бүх эмч нарыг цуглуулаад танилцуулга, ярилцлага хийгээд 100 хувийн саналаар бие даасан өрхийн эмнэлэг байгуулагдаж байсан.

Тэгээд Сүхбаатар дүүрэгт хамгийн анхны өрхийн эмнэлгийг байгуулж байв. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Бааст бид хоёр энэ ажлыг эхлүүлэх гэж гарын үсгийг 100 хувь зуруулж авна гэдэг хэцүү даваа байлаа. Өрхийн эмнэлэгийн эмч нар маань зах зээлийн эдийн засгийн тэр үед бие даах хэлбэрт шилжээд орно гэхээр хэцүү санагдсан уу, ерөөсөө ойлгож өгөхгүй  жижиг уулзалтуудыг маш их хийж байв. Би одоо ч өрхийн эмнэлгийг дэмждэг. Яагаад гэвэл би өөрөө хийсэн, бүтээсэн зүйлээ хамгаалах хэрэгтэй. Хоёрт энэ зам зөв зам байсан. Одоо жишээлвэл нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн эмч, дотрын эмч гээд “нэг айл”-ыг салгачихдаг. Харин өрхийн эмнэлгийн эмч бол тэр айлыг бүхэлд нь авч явна. Өвчний түүхтэй нь бүгдийг нь судалж хэлж чадах хүн байхгүй юу.

-Та өөр ямар асуудалд анхаарал хандуулж байв?

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орчны эрүүл мэндийг нэлээн хөндсөн. Гэвч амжилтанд хүрээгүй. Гэр хорооллын хөрсний бохирдолтоос болоод гар, хөл, амны өвчин, шар, гэдэсний халдвар гэх мэт өвчлөлүүд маш их гарч байгаа учраас айл өрх бүрийг улсын жишиг стандарт жорлонтой байлгах гэж багагүй явсан. Дүүргүүд, нийслэлийн хэмжээнд явж, холбогдох газруудад танилцуулсан ч одоо болтол гэр хорооллын нойл стандартын бус хэвээр л байна.

Мөн цэргийн насны залуучууд цоо эрүүл байж цэргийн албанд явах заалттай. Гэтэл 60 хувь нь өвчний улмаас цэрэгт таталгаас чөлөөлөгдчихдөг. Хамгийн цоо эрүүл байх ёстой насан дээрээ элэгний хатууралтай, чихрийн шижин өвчтэй байна. Арьс бол эрүүл байх ёстой, гэтэл арьсан дээрээ шивээстэй, газрын зураг хүртэл шивчихсэн байдаг. Энэ байдлыг өөрчлөх, залуучуудыг эрүүлжүүлэх нь миний том мөрөөдлүүдийн нэг юм.

За цаашлаад нэгдсэн эмнэлгийг байгууллаа. Хүүхдийн эндэгдэлгүй эмнэлэг болох зорилт тавьж, 2012 оноос Нийслэлийн эндэгдэлгүй эмнэлгээр шалгаран Засаг даргаас өргөмжлөл, урамшуулал авлаа. Хүүхэд эрүүл байна гэдэг гэр бүлийн хамгийн том аз жаргал. Ерөөсөө хүний эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд гэдэг чинь бид нарын үр хүүхэд байхгүй юу. Тиймээс бид хүүхдийн эндэгдлийг буруулахын төлөө уйгагүй явсан, их ч олон юмыг туулсан. Одоо эргээд харахад их ч зоригтой байж, их ч ажлыг хийжээ. Бид нар чинь энэ эрүүл мэндийн салбарт борви бохис хийхгүй, ёстой шоргоолж шиг л ажиллаж, тэмцэл дунд энэ их амжилтанд хүрчээ. Бидний амжилт бол багийн амжилт, хамт олны амжилт юм.

-Хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд их зүйлийг туулсан гэлээ. Жишээлбэл…?

-Нэг жишээ дурдахад удирдлагын гэрээгээр ажиллаж байгаа эмнэлэг гээд эмийн тендерт оруулдаг. Үүнээс болоод хүүхдийн эндэгдэл буурч өгдөггүй байсан. Хямд үнэтэй эм чинь хүүхдийг маань эдгэрүүлж өгдөггүй. Би хамгийн хямд үнэтэй эм авчихаад яаж тэр хүүхдийг эдгээнэ гэж тэмцэх юм бэ? Тэгээд тендерээсээ гараад  явахад ёстой л нэг хад мөргөөд байсан даа. Их бөх юм билээ, бид нар чинь. Дараа нь судалгаа хийгээд тендергүй болоод сайн эм аваад эхэлсэн, хүүхдийн эндэгдэл эрс буурсан.

Би зөвхөн нэг л жишээ хэлж байна. Цаана нь эмчийн мэргэжлийн дадлагашилт, тасралтгүй сургалт, шинэ стандарт, шинэ тоног төхөөрөмж гээд л бүх юмыг өв тэгш цогцлоон бүтээсний үр дүнд гарч байгаа эерэг үзүүлэлт юм шүү. Манай энд ажиллаж байгаа слесарын хөдөлмөр хүртэл байгаа. Би боддог юм, эмнэлэг гэхээр л аягүй мундаг доктор эмчийн буян гэж боддог, үгүй байхгүй юу. Тэр эмнэлэгт ажилтай бүх хүний хүч хөдөлмөрөөр л сайн үр дүн гарна.

Слесарь хүн нойлын өрөөний бөглөө гаргахдаа стандартыг зөрчих юм бол, бөглөө гаргасан бохир хувцастайгаа эмнэлэг дотор явах юм бол халдвар тархах том нөхцөл болно. Манай сантехникчид нойлын өрөөнөөс гарахдаа бүх хувцсаа солиод уутанд хийгээд гардаг. Тэр битгий хэл, нойлын асрагч гэж тусад нь хүн гаргасан. Нойлыг зөвхөн тэр хүн л хамгаалалтынхаа хувцсыг өмсөөд цэвэрлэнэ. Мөн цэвэрлэгээний стандартыг хангаж ажиллах нь чухал. Энэ бол өвчтөний өрөөнийх, энэ бол гал тогооных, энэ коридорынх гээд тусад нь ялгаж ажилладаг. Эдгээр стандартыг манай эмнэлэг арав гаруй жил хэрэгжүүлж байна.

-Бусад эмнэлгүүдэд ийм нарийн дэг журам байдаггүй. Таны тогтоосон стандартыг эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжүүлмээр санагдаж байна шүү?

-Хэрвээ би тэр Японд эмнэлэгийн удирдах ажилтны, төрийн нарийн бичгийн дарга, сайд бэлддэг тэр том сургуульд сураагүй бол ийм жижиг зүйлийг харж чадахгүй байсан байх. Тэр сургууль намайг үнэхээр хүмүүжүүлсэн. Бид энэ стандартыг тогтоож хэрэгжүүлэхдээ улсаас нэг ч төгрөгний төсөв авдаггүй, зөвхөн дотоод нөөц боломжоороо л гүйцэтгэж байгаа.  Эмнэлэгийнхээ тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь гурван удаа шинэчилж, эмнэлэгийн барилгын засварыг гурван удаа иж бүрнээр нь хийгээд байна.

-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэдэг энэ том өрх айлыг та үнэхээр гайхалтай авч явдаг гэдгийг би нэг давхраас эхлээд ирж явахдаа ч анзаарлаа. Эмч нар коридорт хүмүүстэй мэндэлж, өвчтөнүүдтэй хүндэтгэлтэй харьцаж байгаа нь их сайхан санагдлаа. Магадгүй, өвдсөн зовсон үйлчлүүлэгчдэд эмч нарын ийм дотно харилцаа хандлага хамгаас чухал эмчилгээ болдог байх аа?

-Өвчтөнд эмчдээ, эмнэлэгтээ итгэх итгэлийг төрүүлэх л хамгийн чухал нь. Тэр итгэл төрсний дараа бол эмч, өвчтөн хоёр нийлж байгаад тэр өвчнийг ялан дийлэх магадлалтай. Би хамгийн түрүүнд хүнээ бодох нь чухал гэж хэлдэг. Аппарат, тоног төхөөрөмж бол олдоно, мөнгө ч олдоно, хүн бол олдохгүй. Тиймээс хүн гэдэг хамгийн чухам эрхэм дээд юм.
Манай ажилчид өглөөний цайгаа эмнэлэг дээрээ ууна. Мундаг доктор, профессор эмч ч байсан, үүдэнд зогсож байгаа хөтөч ч байсан бүгдээрээ л хүн. Энэ эмнэлгийн сайн сайхныг босгох гэж цогцлоож байгаа хүмүүс. Эд нарыгаа яаж халамжлах вэ гэж бодоод би өөрөө цай чанаж өгдөг байсан юм. Одоо бол гал тогооныхон цай чанаж өгнө. Өглөө манай хэд чинь яадаг гэхээр хүүхдээ, нөхрөө гэж байгаад өөрөө цайгаа уухгүй гараад ирдэг хүмүүс шүү дээ.

Дээрээс нь витаминжуулна. Манайхан чинь ажилдаа түүртээд эм ч ууж амждаггүй юм. Мөн электрон бараагаар хангаж өгөх зорилго тавьсан. Гэртээ очоод юм гараараа угаах хэцүү ш дээ. Урлагийхан бол тайзан дээр гарахад алга ташсан баяр бэлэглэсэн хүмүүс өөдөөс нь угтана. Манайхан бол тийм биш. Ядарсан, өвдсөн, уйлсан хүмүүс л угтана. Тэгэхэд тийм хүмүүс асарч асарч гэртээ очиход дахиад гэрийн хөдөлмөр байж болохгүй. Цаашлаад ажилтан, албан хаагчдаа орон сууцаар хангахыг хүссэн.  Тэгээд барилгын компанитай их л юм болж байж, энэ хэдийгээ байртай болгох гэж зүтгэсэн дээ. Энэ орон сууцыг зүгээр нэг тендер зарлаад л бариулчихсан юм биш ээ. Бид нарын өөрсдийн чин хүсэл, хөлс хүч шингэсэн.
Одоо манай ажилчид цалингаасаа машин авч унах төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилтнууд ардаа ар гэртэй хүүхэдтэй шүү дээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө, авна гээд л асуудал зөндөө байна.

-Сая би дээшээ гарч ирэхэд хүүхдийн дуу явж байна. Хүүхдүүд тэр дууг дагаж дуулаад л, бас ээж, аавтайгаа байгаа харагдсан. Хүүхдийн тасаг их өвөрмөц болжээ?

-Намайг эмч болж байхад шилэн шпириз хэрэглэдэг байсан. Бид шпризний зүүгээ ирлэнэ, тэгээд буцалгаж ариутгана /инээв/. Одоо бол өөр болсон. Бид бүр тарилгын менежментийг сольж, хүүхдийг аль болох тарихгүй байхыг хичээж байна. Хүүхэд антибиотик тариа их хийхээр дархлаа нь алдагддаг. Антибиотик нэг талдаа өвчний нян бактерийг үхүүлж байгаа ч нөгөө талдаа хүүхдийн маань эрүүл эсийг давхар үхүүлээд дархлаа буулгадаг.

Нөгөө талаас аав, ээжүүдэд их анхаарч байгаа. Тав хоног хүүхдээ сахиад л ядарчихдаг. Хөхөнд нь сүү орохгүй байх жишээний. Би ээжүүдэд зориулж нэг ном гаргасан юм. Хөхөнд сүү оруулах, цус цэвэрлэх, шүдээ хэзээ хэрхэн угаах гээд эрүүл аж төрөх арга барилыг зааж өгсөн. Хөхүүл ээжүүд гэррүүгээ “шар будаатай цай аваад ир” гээд л захидаг. Миний зааж өгч байгаа арга бол усаар хөхөндөө сүү оруулах. Хоёр литр час халуун ус нэг цагийн дотор уулгаад л унтуулчихдаг. Хүний биед 5 литр цус байдаг, гурав нь биедээ эргэлдээд хоёр нь хадгалагдаж байдаг. Хадгалагдаж байдаг цусны хэмжээтэй усыг халуунаар нь уувал судас тэлж өгнө. Хөх биений гадна байдаг учраас цусны эргэлтийг нь сайжруулдаг. Нэг ээж надад “Та усаар сүү оруулаад тэжээлгүй сүү хүүхдэд өгөөд байна” гэсэн. Ямар ч хоол идсэн эхийн сүүний найрлага өөрчлөгддөггүй. дархлаа тогтоодог уурагтай хэсэг, цангаа тайлдаг тэр хэсэг нь яг л тийм байдаг. Хөхний сүү гурван бүрэлдэхүүнтэй, хамгийн эхлээд дархлаа тогтоодог хар уураг, дараа нь тэжээл өгдөг цагаан уураг, шингэн усархаг уураг нь амны цангааг тайлж өгч байдаг. Би тэгээд хэлсэн юм. Африкийн хамгийн ядуу ээжийн сүү, Английн хатан хааны өргөөнд байгаа гүнжийн сүү хоёр яг адилхан ш дээ. Битгий тэгэж бодоо” гэсэн. Тэгээд тэр ээж явсан.  Хүүхэд нь ч сайхан өссөн. Миний энэ арга ээжүүдэд үнэхээрийн гайхалтай үр дүнг өгч байгаа.

-Эрүүл мэндийн салбарын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах юмсан гэж их боддог. Зах зээлийн эдийн засгийн энэ нөхцөл байдалд бүх юм төсвөөс хамаарна. Өвддөгүй юм шиг төсөвт их харамч. Хүнээ эрүүл байлгаж байж улс орон хөгжинө. Нэгт бид нарын харилцааны механизмд байгаа доголдолыг гаргахгүйгээр эрүүл мэндийн салбар хөгжихгүй ээ. Хоёрт энэ мундаг эмч, сувилагч, эрүүл мэндийн төлөө гэсэн ариун үйлстэй хүмүүсийн үйл ажиллагааг нь бид нар зөв менежментээр, зөв удирдаж авч явахгүй бол эмч нар маань саяынх шиг цалин нэхээд л байгаад байна. Цалинг нь нэмэж өгч чадахгүй л юм бол цалингаа нэмэх боломжуудыг нь тавьж өгөх ёстой байхгүй юу. Өдөрт 8-9 цаг жижүүртэй ажлаа хийгээд л  амардаг өдрүүдээрээ төлбөртэй тусламж үйлчилгээ явуулж, өөртөө орлого оруулах тэр боломжийг нь нээж өгмөөр байна. Тийм боломж алга. Нэг ёсондоо эрүүл мэндийн салбарын алдаа гэж хэлж болно.

Нөгөө талаар тоног төхөөрөмжийн алдаа бас байна. Тэрийгээ дагаад маш их хэмжээний зардал гарч байгаа юм. Зөвхөн эхоны аппарат гэхэд төрөл төрлөөрөө байдаг. Яг сайныг нь аваад өгчихвөл манай эрүүл мэндийн салбар хөгжинө. Зөв зохион байгуулалт, зөв менежмент хийх нь л чухал.

-Энэ дээр нэмж хэлэхэд зөв зохион байгуулалт удирдаж явуулах зөв хүчин хэрэгтэй юм шиг санагдлаа. Таныг хамт олон чинь “Эх, хүүхдийн элч эмч” гэж ярьдаг. Эмэгтэйчүүдийнхээ,, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгийн сайн анхаардаг эмч гэдэг юм билээ. Таны ойрын хамгийн том зорилго юу байна, төлөвлөж байгаа ажлуудаасаа хэлээч?

-Энэ цэргийн насны залуучуудад онцгой анхааръя гэж бодож байна. Нас баралтын шалтгаан өндөр хувий эзэлж байна. Хүйсийн харьцааг харахаар эрэгтэйчүүдийн эндэгдэл хэтэрхий залуу байна. Хөдөлмөрлөх чадвартай үедээ хайхрамжгүй байдлаасаа болоод алдаж байгаа тохиодол их байна. Гэмтэл согогоос их алдаж байна. Би одоо энэ сардаа багтаагаад дүүрэгт санал оруулж, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх зорилгоор том ажлыг эхлүүлэх гэж байгаа. Цэргийн насны залуучуудыг цэрэг татлагад дуудаж, эрүүл мэндийн үзлэг хийхэд тэмбүүтэй гарч байна. Дараагийн жил цэрэг татлагад ирэхдээ өвчнөө эдгээсэн байх шаардлагыг тавих ёстой. Тэгэхгүй бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бүрхэг хэцүү үлдэж байна.
Монгол хүн эрүүл байх ёстой. Бид нар чинь гуравхан саяуулаа, их бага тоо шүү. Яаж таван сая болгох вэ гэдэг бодлого чухал. Энэ бол цогц үйл ажиллагаа. Эрүүл мэндийн салбараас гадна төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшил, иргэн бүр анхаарч байж эрүүл улс орон болно. Дархлаажуулалтын аян хийгдэх хэрэгтэй. Төлбөртэй ч хамаагүй хийх хэрэгтэй. Мөн бид гамшгаас урьдчилан сэргийлж менежмент хийх нь чухал.

-За маш сайхан байлаа. Хамгийн сүүлийн үгийг танд үлдээе. Та нийт Монголчууддаа, уншигч олон түмэнд хандаж, гоё энергитэй үгээр эрүүлжих хүчийг өгөөч?

-За, эрхэм дээд бол эрүүл мэнд. Алт эрдэнэ биш. Эд хөрөнгө биш. Эхлээд эрүүл бай, дараа нь эрдэмтэй бай. Адгийн баян бол тэр эд баялаг л байх нь байна ш дээ. Энэ эрхэм дээд баялагаа л урдаа бариарай. Миний том зорилго бол нийгмээ эмчлэхийн төлөө, нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө эмч нь бүхий л амьдралаа зориулна даа. Баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих