Хулгайч хулгайчийнхаа харыг гайхав….
Жүжиг эхлэх гэж байна. Энэ удаа тасалбар зарахгүй. Бүх суудал дүүрсэн. АН-ын засаглалын үед бий болсон Баттулга, Гансүх, Золжаргал хэмээх гурвалсан холбооны тухай ээлжит жүжиг эдүгээ үргэлжилж байна.
Төмөр зам барих нэрээр үгүй хийсэн 250 сая ам.доллартай холбогдон шалгуулж байсан Баттулга Ерөнхийлөгч болсноор Гансүхийгээ татан авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилчихлоо.
Зугтаад алга болсон гэх Монголбанкны Золжаргал эх орондоо ирлээ. Эл алдарт гурвалсан холбоо одоо бүх хөзрийг атгаж байгаа. Тиймээс хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэнийг хэрхэн буланд шахах тухай драм үргэлжилж буй юм. Товчхондоо бол луйварчин луйварчныхаа харыг гайхаж, хулгайч хулгайчийгаа хаацайлдаг энэ жүжиг Ерөнхийлөгч солигдох тоолонд тайзнаа ээлжлэн тавигддаг.
Энэ удаа Элбэгээ болон түүний АН, МАН дахь халаас нэгт нөхөд үзэгч, нөгөө талд нь Баттулга ерөнхий найруулагч. Оффшорын жүжиг ч бас хөөрхөн тавилттай, хөнгөн шийдэлтэй. Цаазаар авах ялын асуудал ч бас хөшиг нээгдэхийн өмнөх хөлсний үзүүлбэр. Ерөнхийлөгч Баттулга хөшиг нээгдмэгц өөрийнхөө оффшор дансны тухай ярина гэж мөрөөдөж байна уу?
Гансүх Солонгос руу гуйваад алга болсон 250 сая ам.долларын тайланг тавина, төмөр замын оронд овоолсон шороо үлдсэний учрыг тайлагнана гэж итгэж байна уу? Үгүй. Энэ зөвхөн хагарч бутарсан улс төр бизнесийн томоохон бүлэглэлийнхний хоорондын өрсөлдөөн, мөчөөрхөл, амрагийн явдал, атаа хорслын тухай жүжиг юм. Тайзан дээр дуулах боломж энэ удаа Баттулгад ирэв.
Хэнд ч саналаа өгсөн хэнээтэй энэ бүлэглэлийн аль нэг гишүүн сонгогдчихоод байна гэхээр мөн ч олон гишүүнтэй, мөнгөө булаацалдан зодолдож дуусдаггүй хөөрхийс юм. Жүжиг болгон зодооноор эхэлдэг. Барьж хорьсноор үргэлжилдэг. Тавтай сууж, таалан соёрхож, алгаа хорстол ташаарай.
URL: