”Хамууд-аа Энхбаярдая”

Ойрын үед эрүүгийн ертөнцийн сонгодог өвөрмөц хэллэг бол ”Энхбаярдах” гэдэг үг болж моодонд ороод байна. Хамаатан садан, гэр бүл найз нөхдөөс нь цагдаа , шүүх, прокурорт дуудагдаж үзээгүй хүн Монголд байдаггүй юм. Хулгай дээрэм хийдэггүй юм гэхэд машин шүргэчихээд юм уу, түрийвчээ алдчихаад цагдаагийн үүд сахиж “өдөр өнжүүлэх”-д суудаг. “Өдөр өнжүүлэх”-д орох тун амархан. Нэг мөрдөгч зарлан дуудах хуудас явуулаад л гүйцээ.

Тэр зарлан дуудах заналт хуудас нь хоёр хувь. Нэгийг нь дуудуулагчид өгч гарын үсэг зуруулна. Зарлан дуудах хуудаснаа тэдний өдрийн тэдэн цагт………дүүргийн мөрдөн байцаах газрын… тоот өрөөнд бэлэн бай. Хэрэв дурьдсан цагт ирэхгүй бол Эрүүгийн хуулийн зүйл… ангиар шийтгэнэ гэж айлгасан үг нь анх дуудуулагчийг өөрийн эрхгүй чичрүүлнэ. Ямар ч аавын хүү энэхүү хуудсыг аваад үг дуугүй гөлөлзөн очно. Хэрэв очихгүй томорвол цагдаа нар давхиж ирээд гавлаад аваад явна.

Ингээд “хулгайч нэртэй болоод өглөө есөн цагт цагдаагийн үүдэнд гозойж, албандаа бүртгүүлээд орой 18 цаг хүртэл гиеүрэн сууна даа. Доожоо муутай бага гарынхан мөрдөгчдөө долигонон тамхи, хоол, утасны нэгж дөхүүлэх, арай дөнгүүр дунд гарынхан мөрдөгчөө ваар ресторан хэсүүлсэн шиг, машинаараа үйлчилсэн шиг “өдөр өнжүүлэх”-ийг орой шөнө өнгөрүүлэх болгоно. Бас зугаатай. Мөрдөгчид зарагдаж ийш тийш гүйхийгээ “Дарьбазардах” гэнэ. Мөрдөгчид бол том шүү дээ.

Хуулийн сургуулийн дадлага хийж байгаа зарлан аваачиж өгдөг сонсогч “Дарьбазар”-аас эхлээд үүдэнд нь чулуу нясласан шиг сууж байгаа сэжигтэн “Дарьбазар” хүртэл бүгд мөрдөгчийн өмнө “хэзээ ч бэлхэн”. Анх “ногооноороо” дүүргийн цагдаагийн үүд сахиж суухад хэцүү л байдаг. Таньдаг хүнтэй тааралдах вий гэхээс хөлс чийхраад явчихдаг. Олон удаа дуудагдаад ирэхээрээ сурчихдаг бүр архагшчихдаг юм.

Ах хүү хэдтэй вэ гэхэд би насаа биш яллагдах эрүүгийн зүйл ангиа хэлнэ. “111″-тэй гэх ёстой. “111″ тэй гэхэд л “хулгарууд” бол андахгүй. Ах хүү дээгүүр золгож дээ зургаан cap шоолийжээ гэнэ. “111″ гэдэг бол сэтгүүлч төрийн боссуудын, нэр хүндэд халдсан, санаатайгаар гүтгэн доромжилсон эрүүгийн ялт хэрэг. Би энэ зүйл ангиар арваад удаа “өдөр өнжүүлэхэд” сууж, яллуулж бас өршөөгдсөн болохоор “хам”-уудынхаа хэллэгийг мэднээ.

Бас Мааньтад жинхэнэ “хулгар”-уудын дэргэд бага насаа өнгөрөөсөндөө тэдний өвөрмөц хэллэгийг бол гадарлана. (Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг энэ зүйл ангийг албан ёсны Ерөнхийлөгч маань эрүүгийн хуулиас хасаж иргэний хуулинд оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Г.Д) Гэхдээ эрүүгийнхний өвөрмөц хэллэг улс төрийнхний үйл хөдлөлөөр баяжиж байдаг юм. Арав гаран жилийн өмнө айлын хаалга эвдэж ухахыг “Одхүүдэх”, араас нь хутгалахыг “Дүлзэндэх” гэхээс өөр юмгүй байлаа.

Саяхан нэг хулгар над руу ярив аа. Хөөе Баатархуяг, Уянгаа хоёр чинь чиний дүү нар биш билүү. Тиймээ “манай гал”-ынх, би даалтанд авсан ухаантай гэв. Тэрээр чи хашир “хулгар” байж яахаараа “Нямдорждуулчихваа”. Сонгууль өнгөртөл “Энхбаярдаад” хэвтүүлчихгүй гэх нь тэр. Уянга, Баатархуяг хоёрыг өмгөөлсөндөө “шорон арга” зааж өгч байгаа нь энэ. Намайг” Энхбаярдах” гэдэг хэллэгийг чинь мэдэхгүй юм гэхэд. Тэрээр учрыг ийн өчив.

“Энхбаярдах” гэдэг нь “мөрдөгчөөс зарлан дуудах хуудас ирэхэд “томхон дэр аваад” би очихгүй гээд тас гүрийхийг хэлдэг. “Дэр авах”, “тэврэх” гэдэг бол барьцах, хань татах, цугтаа үхэх гэж байгаа том гаруудын хуучин хэллэг. Сониноос мөрдөгч нар одоо ёстой хялайж байгаа гэнэ. Нэг мөрдөгч саяхан 12 хулгайчид зарлан өгчээ. Тэгсэн чинь найм нь “Энхбаярдчихжээ”. Хулгайчууд ер нь муу юмандаа тун сайн, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй.

Эхэлж Энхбаярыгаа бариад дараа нь намайг дууд гээд суучихдаг болжээ. Мөрдөгчид одоо яаж ч чадахаа болиод байгаа гэв. Бас нэг хулгайч мөрдөгчөөрөө “дэр” авчихжээ. Тэр хулгайч мөрдөж байсан байцаагчаа эхлээд чи ажлаасаа гарчих. Тэгээд намайг байцаа гэж туусан ажээ. Үүнийг бас “Энхбаярдах” гэдэг болж. Мөрдөгч нар аргаа баржээ. Зайлшгүй “хорих” шаардлагатай хулгаруудыг олны нүд, телевиз, сониноос далд”Хурцдах” гэдэг аргатай болсон гэнэ.

“Хурцдах” гэж цагдаагийнхан сэжигтнээ сэмхэн гэнэдүүлж хулгайлж авчрахыг хэлдэг болж дээ. Хоншоортой хулгайчууд “Энхбаярдаад” дийлдэхгүй бол “Хурцдаад” чирээд ир гэж үүрэг өгнө. Нэгэнт “Хурц”дуулаад ирсэн бол заналтай нь аргагүй, хатуухан “Нямдорҗдог” болсон гэлээ. Хүнд ял оноохыг “Нямдорждох” гэдэг болсон бололтой. Эрүүгийн ертөнцийн өвөрмөц хэллэгийн онцлог нь хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлан уншиж болно. Бас нууц үгний үүргийг гүйцэтгэнэ. Таслагдсан ялтангуудын дотор мөн л улс төрийнхнөөр нэршсэн өвөрмөц хэллэг дүүрэн бий.

Тэнд Сайхансамбуудах, Гүндалайдах, Алтайдах гээд явчихна. Жишээ нь мөрдөнд байгаа нэг хулгар “Ах, Хадам хоёр Сайхансамбууд хайртай юм байна. Боломж олоод цутгаад өг” гэсэн үг хэлүүлбэл зөвхөн түүний хамууд ойлгоно. Бид мэдэхгүй. Хулгайчуудын энэ хэллэгийг бидний нарныхан ойлгож түүгээр ярих албагүй л дээ. Ямарч гэсэн тэр ертөнцөөс бие бие рүүгээ ийм мессеж нисгэж байна. “Хамуудаа Энхбаярдая”. “Бүгдээрээ Энхбаярдая” гэж.

Г.ДАШРЭНЦЭН

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих