Хойд Солонгосын 1,200 орчим ажилчин Монголоос явахаар болжээ
НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол улсад гэрээгээр ажиллаж байгаа 1,200 орчим ажилчин энэ онд багтан нутаг буцахаар болжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100,000 орчим Хойд Солонгосчууд ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг засгийн газартаа оруулж байна гэсэн тоог НҮБ гаргасан байдаг.
Гэвч энэ мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа гэж үзсэн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм.
Тиймээс Монгол улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгалгүйгээр энэ онд багтаан буцаах болсон талаар албаны хүн мэдэгджээ.
“НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээгээ сунгахгүй болж байгаа. Монгол улс хоригийг бүрэн мөрдөж, хэрэгжүүлэх болно” хэмээн Монгол улсын гадаад хэргийн яамны ажилтан Шижээхүүгийн Одонбаатар AFP агентлагт ярьжээ.
2013 онд Монголд ажиллаж байгаа Хойд Солонгос иргэдийн тоо 2,123 болсон нь дээд үзүүлэлт байв. Тэр цагаас хойш жил бүр буурсаар өнөөдөр 1,190 ажилтан үлджээ.
Пёньяны дэглэмийн ихэнх ажилчид ОХУ, Хятадад ажилладаг. Мөн Ази, Африк, Европ, Ойрх Дорнодод хямд үнэтэй ажиллах хүч болдог ажээ.
Тэдний хоногийн ажлын цаг 12-16 цаг байдаг ба сард 1-2 өдөр амардаг гэдэг. Ажлын хөлс нь сарын $300-$1,000 байдгийн 70-90 хувийг нь Хойд Солонгосын засгийн газар авдаг гэсэн тоог АНУ-ын төрийн департмент гаргаж байжээ.
Эх сурвалж: AFP
Р.ТӨМӨР, IKON.MN
URL: