Хүүхдүүд яагаад алга болсоор байна вэ

images (1)

alga bolson

Өнгөрсөн арваннэгдүгээр сар хүүхэд, залууст тун халтай сар болж өнгөрлөө гэхэд нэг их хилсдэхгүй биз. Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж цагдаагийн байгууллагад хандсан нэлээд олон тохиолдол бүртгэгджээ. Үүний дотроос олон нийтийн сүлжээгээр дамжуулж эцэг, эх нь хүүхдээ хайсан тохиолдлыг та бүхэнд нэхэн сануулж байна.

alga bolson

-Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ АЛГА БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙГООР 36 ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАН МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ-

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд алга болсноос хойш яг нэг сар хоёр хоног өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл ямар ч сураг чимээгүй хэвээр. Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа.

Сүүлийн өдрүүдэд охиныг Эрээнээс амиа алдсан байдалтай олдсон ч цагдаагийнхан маш ихээр нууцалж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болов. Харин энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас эрс үгүйсгэсэн.

alga bolson

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар хэлэхдээ “Энэ сарын 17-ны өдөр дугаараа нууцалсан иргэн бидэнтэй холбогдож, охин Эрээн хотод байна гэсэн мэдээлэл өгсөн. Бид мэдээллийн дагуу Эрээн хотын цагдаагийн газартай холбогдож, газар дээр нь очиж ажиллуулахаар албан хаагчдаа томилсон. Хожим нууцалсан дугаарыг нь илрүүлтэл энэхүү дугаарын эзэн Эрээн хотынх биш, бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй иргэн байсан.

Дугаараа нууцалсан этгээд рүү эргүүлэн холбогдоход таамаг дэвшүүлж залгасан гэсэн тайлбар өгсөн. Үүнээс болж гадуур сураггүй алга болсон охиныг Эрээн хотоос олсон гэх худлаа мэдээлэл цацагдсан. Энэ мэт эрлийн ажиллагаанд хуурамч дуудлага, худлаа мэдээлэл ирүүлэхгүй байхыг хүсэж байна” хэмээн ярьсан юм.

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, 118 тээврийн хэрэгсэлтэй оролцож, Замын-Үүд сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалгасан.

Мөн тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж, ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд сум, орон нутагт шалгагдаагүй, орхигдуулсан газар, объект үлдээгүй. Бүгдийг нь л дахин шалгаж үзсэн ч одоог хүртэл охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирсэнгүй гэж сүүлийн байдлаар мэдээллээд байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржавын өгсөн мэдээллээр Д.Сэржмядаг охин алга болсон хэрэгт холбогдуулан 36 хүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан байна.

 alga bolson

-АЛГА БОЛСОН ОХИНЫГ ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА ААВ НЬ ОЛОВ-

Өнгөрсөн сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг “Аман хуур” хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 13 настай охин алга болсон талаар цахим хуудаст мэдээлэл нийтлэгдсэн билээ. Охиныг гурав хоногийн дараа олсон, охины бие зүгээр гэсэн мэдээллийг аав нь дуулгаснаар нэг хүүхэд ч гэсэн сураггүй бологсдын жагсаалтаас хасагдсан нь сайшаалтай.

Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч байна гэх мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн дүүргүүдийн зарим сургууль дээр багш нар нь хүүхдүүдэд танихгүй хүн дагаж явахгүй, хичээлээ тараад өөр тийш явбал ямар эрсдэл дагуулж болох талаар сургалт зохион байгуулж эхэлсэн байна.

Мөн сургуулийн насны хүүхдүүдийг заавал эцэг эх, асран хамгаалагчид нь өөрийн биеэр хүрэлцэн ирж авч байхыг сургуулийн зүгээс сануулж эхэлжээ. Хамгийн сүүлийн жишээ дурдахад “Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олоход контейнерт хорьсон байжээ” гэх агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкийн сүлжээгээр нийтэд цацагдсан. Энэ талаар тус сургуулийн нэгэн багш эцэг эхийн хурал хийх үеэрээ эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хийх үүднээс ярьсан байсан аж.

Уг мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгахад үндэслэлгүй, ташаа мэдээлэл болох нь тогтоогдсон байх юм. Учир нь тухайн хүүхэд ээж, аавдаа дээрх байдлаар хоригдсон гэж худлаа ярьсан байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм.

alga bolson

-АЛГА БОЛСОН 21-ТЭЙ ЗАЛУУГИЙН АР ГЭРИЙНХЭН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСААР БАЙНА-

Өнгөрсөн сарын 22-ны өглөөний 07:00 цагийн үед Үндэсний дээд сургуулийн оюутан, 21 настай А.Мягмарсүрэн “Цамбагарав ороод цааш хичээлдээ явлаа” хэмээн гэрээсээ гарсан байдаг. Түүнээс хойш тэрбээр ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй, хэнтэй ч холбоо барилгүй алга болсон гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн.

А.Мягмарсүрэн гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртка, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй явсан байдаг. Энэ талаар ар гэрийнхэн нь манай сайтад өнгөрсөн сарын 29-нд мэдээлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл хийж, сүүлд холбогдсон гэх ангийн найзуудаас нь мэдүүлэг, тайлбар авч байгаа хэмээсэн.

Мөн оюутан залуу хөдөөнөөс ирж, төрсөн ахындаа амьдардаг байсан бөгөөд гэрээсээ гарахгүй, компьютер тоглоом тоглож байгаагүй, архи тамхи хэрэглэхгүй, үг дуу цөөн, даруухан нэгэн гэдгийг гэр бүлийн гишүүд нь хэлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар түүний олдсон, сураг нь гарсан эсэхийг лавлахаар ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдоход “Мэдээлэл өгөх боломжгүй” хэмээгээд утсаа тасалсан юм.

alga bolson

-СУРАГГҮЙ БОЛСОН ОХИН ТӨӨРЧ ЯВААД АЙЛД ОЧСОН БАЙВ-

Өнгөрсөн сарын 27-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын  төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат, 15 настай Х охин сураггүй болсон. Тодруулбал, тухайн өдөр иргэн С-ийнд байж байгаад, гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 12:30 цагт аймгийн онцгой байдлын албанд ирсэн байдаг.

Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны хүчинд хоёр хоногийн дараа буюу 29-нд 13 цагийн үед хүүхдийг олсон юм.

Түүнийг байж байгаад гарсан С гэх айлаасаа 26 км-т, Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь эсэн мэнд олсон бөгөөд охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогдсон билээ.

-ЗААЛАНД ТОГЛОНО ГЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН 15-ТАЙ ХҮҮГ ХАЙЖ БАЙНА-

Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 27-нд 15 настай Х.Есөнтөмөр гэдэг хүү алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад ханджээ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед зааланд тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Тэрбээр гэрээсээ гарахдаа хар өнгийн жинсэн өмд, шар өнгийн түрийтэй гуталтай, хар саарал өнгийн дөрвөлжин, нэг мөрөндөө үүрдэг цүнхтэй, цагаан захтай, богино, хар өнгийн бомбер курткатай гарсан байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр хүртэл утас нь дуудаж байсан ч түүнээс хойш утас нь холбогдохоо больсон гэж ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Б.ЦЭЛМЭГ

http://medee.mn/main.php?eid=100625


URL:

Сэтгэгдэл бичих