Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана

24203575_749265381943388_1472886791_n_20171201043803

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа. Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.  Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа.

Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохидлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах шийдвэр гарч байна.  Мөн Засгийн газрын зүгээс ЕБС-д суралцаж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа гадуур явахдаа амны хаалт хэрэглэх асуудалд анхаарч, судалгаа гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ээлжит хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн дулаан алдагдлыг бууруулах чиглэлд иргэдийг хэрхэн яаж дэмжих талаарх асуудлыг судалж  дараагийн хуралдаанаар танилцуулах үүрэг өгөв” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих