Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил нэмэгджээ

1512027709_hilchid

Булган аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн хурал болж энэ оны хил хамгаалах ажлын үр дүн, төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, ирэх онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.
Хил хамгаалах ажлыг хилийн цэргийн байнгын бүрэлдэхүүн, орон нутгийн засаг захиргаа, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, хил хамгаалалтад туслах хүчний аймаг, сумын зөвлөл, гишүүдийн оролцоотойгоор зохион байгуулж байна. Энэ онд хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг бүрэн илрүүлж, шийдвэрлэсэн бөгөөд хилийн дэглэмийн зөрчил 80,0, хил орчмын дэглэмийн зөрчил 51,8 хувиар өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байна гэж Тэшиг сум дахь хилийн цэргийн ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж мэдээллээ.

Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн ажиллаж амьдардаг байрлалаар нь хил хамгаалалтад оролцуулж байгаагийн дээр хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллага, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат хамгаалалтын захиргаатай хамтарсан шалгалтыг долоон удаа хийжээ.

Тус аймагт хилчдийн албан үүргээ гүйцэтгэх боломжийг сайжруулж, хөвч, ой тайгын бүсэд эргүүл хийх нисэх аппаратаар хангаж, “Нэг баг-нэг агт” аян зарлан аймгийн хэмжээгээр 62 агт хандивлаж, хилийн заставын гэр цэцэрлэгт байшин барьж өгөн, хилчдийн ар гэрийн есөн хүнийг байнгын ажлын байртай болгосон байна.
Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн хурлаас ирэх онд мэргэжлийн байгууллагатай хамтран хилийн застав, харуулуудыг ойн түймрээс хамгаалах шороон зурвас байгуулах, тэмдэгжүүлэх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангах, хилийн нэг салбарыг орчин үеийн жишиг застав болгон хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих