Ард түмнээ доромжилсон урлаг ба доромжлуулаад байгаагаа ойлгодоггүй үзэгч

Инээснийг асуу, уйлсаныг бүү асуу гэдэг. Нэг л их үнэн худлаа нь мэдэгдэхгүй инээцгээсэн хүмүүс. Монгол улсад тийм их инээхээр, баярлахаар, хөөрцөглөхөөр зүйл болоод байна уу? Инээх нь элгэнд сайн гэдэг. Зөв бага зэрэг инээх нь элгэнд хичнээн сайн ч гэсэн буруу их инээх нь нийгэмд хортой юм. Энэ байдал өөрчлөгдөхгүй даамжирсанаар нийгмийн гаж үзэгдэл болон төлөвшдөг.

Улс орны хөгжлийг олон зүйлээр тодорхойлдог ч хувь хүний хөгжил нь тухай улсын хөгжлийн нэг том хэмжүүр нь болдог. Хувь хүний хөгжил гэдгээр тэр хүн хэдэн машинтай, хэдэн солионы хувцастай, хэдэн гар утастай гэдгээр нь биш хэр мэдлэг боловсролтой вэ гэдгээр нь хэмждэг. Ард түмний оюуны түвшин нь тухайн цаг үед хүчээ авч буй урлагийн чиглэл болон агуулгаар илэрдэг.

Урлагийг монголчууд мөнгө олох хэрэгсэл мэт буруу ойлгосон байна. Урлаг гэдэг бол нэг талаасаа бизнес боловч нөгөө талаасаа нийгмийн хөгжлийг илэрхийлэгч чухал нэг хэмжигдэхүүн юм. Монголчууд урлагийг бизнес гэсэн өнцгөөр нь харсаар удлаа. Бид харах өнцгөө өөрчлөх цаг нэгэнт иржээ.

Данийн зохиолч К.Андерсоны 1860-д оны үед бичсэн “Хааны шинэ өмсгөл” зохиолд Эзэн хаандаа харагддаггүй хувцас чинь их сайхан зохиж байна гэж хэлэн олны өмнө нүцгэн гардаг тухай бичсэн. Уг зохиолын хааны дүрээр тухайн үеийн язгууртануудын шуналтай, боловсролгүй, харанхуй бүдүүлэг байсан тухай, хааныхаа хувцасыг зохиж буйг нь магтсан хүмүүсээр ард иргэдийн бялдууч зан нь дэндсэн тухай төлөөлүүлэн дүрсэлдэг. Уг бүтээл тухайн үедээ хувьсгалын суурь болж байсан түүхтэй. Гэтэл өнөөгийн Монгол улс тухайн үеийн Дани улс шиг эрх баригчид нь “Шалдан”, ард түмэн нь “Хоосон” болчихсон байна.

Хадам ээж ямар буруутай гэж Монголын бүх хошин шог, жүжиг, кинонуудад муулаад байгаа юм бэ? Хадам ээж гэж муу гэж хэлсээр байгаад хадам ээж болж байгаа хүмүүс би муу байх ёстой гэж ойлгон хадам ээж нар муу болоод байх шиг, сайн хадам ээжүүд хохироод ч байх шиг. Хөөрхий тэр хөдөөний хүүхэд Улаанбаатарт ирээд будилах нь аргагүй шүү дээ түүнийг яагаад шоолоод байгаа юм? Шоолж байгаа хүн ч гэсэн өөрөө анх очиж үзээгүй газраа очвол будилж л таарна. Тэгээд яагаад өөрийгөө шоолж инээгээд байгаа юм? Ард түмнийг аятайхан амьдруулах үүрэг, даалгавар аваад төр өндөр албан тушаал аваад гарчихаад өөрсдийнхөө төлөө юм хийгээд байгаа луйварчин хүмүүсийг муулахгүй байж яагаад амьдрах гэж ядаж буй ард түмнээ шоолоод байгаа юм? Бүдэрсэн хүнийг цохидоггүй гэдэг Монголчуудын сайхан уламжлал хаашаа алга болчихов?

Монголд тавигдаж байгаа хошин шог, жүжгүүд нь гэж ард түмнээ муулаад л, доромжлоод л байх юм. Муулаад байгааг нь үзэгчид нь ойлгохгүй байгаа юм уу. Эсвэл доромжлоод байгааг нь ойлгохооргүй оюуны түвшин нь тийм дор орчихсон бололтой.

Яасан ч доромжлуулж ханадаггүй ард түмэн юм, яасан ч доромжилж ханадаггүй хошин шог, жүжигнүүд юм. Яагаад доромжлоод байгаа хошин шог, жүжигнүүд нь ийм олноороо удаан хугацаанд байгаад байдаг юм бүү мэд.

Урлагийн яг ямар үзэгдэл дээр хүмүүс их инээж, уйлж, сэтгэл нь хөдөлж байна яг тэр инээгээд, уйлаад, сэтгэл нь хөдлөөд байгаа нийгмийн хэсэгт нь хямрал нүүрэлчихсэн, хөгжил нь зогсчихсон байдаг.

Урлагийн гол зорилго бол мөнгө олох гэсэн бизнес биш. Урлагт харин улс үндэстний сайхан ирээдүй, сайн амьдралыг гарган үзүүлж ард түмэнд сайхан ирээдүйд хүрэх арга замыг уран сайхны аргаар илэрхийлэн ухаарал хайрлах явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд литератур, уран зураг, сонгодог хөгжим болон тайзны дуурь ба жүжгүүд нь бүгд л эцсийн эцэст хуурамчийн маскийг хуулж үнэнийг харуулах ба ариун нөмрөгөөр хучиж бохируудаас хайрлан хамгаалах юм. Өөрөөр хэлбэл нүцгэн үнэнийг харуулж харин ариуныг хадгалах юм.

Уг нь урлаг бол нийгмийг эмчлэх үүрэгтэй багаж юм. Нийгмийн яг хаана нь өвчтэй байна гэдгийг мэдрээд түүнийгээ л эмчилж байвал урлагийг үүргээ сайн биелүүлж байна гэж дүгнэх ёстой. Урлаг ард түмнээ муулах биш харин нийгмийн хямралыг бий болгоод буй нөхдүүдийг олж илрүүлэн оновчтойгоор гарган тавьж хошин эсвэл эмгэнэлтэйгээр илэрхийлэх ёстой.

Философийн магистрант Б.Үнэнбат


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих