ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БУЙ Л.БАЙГАЛЬМААГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРНА

15066

-Манай улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдэж, харийн шоронд хоригдсон ч Монгол Улсын иргэд заавал эх орондоо ирэх ёстой гэж үзээд энэ асуудлыг тууштай хөөцөлдсөний эцэст ийнхүү шилжүүлэн авчрахаар болжээ-

2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийд гаргасан.

Энэ хэрэг тухайн үедээ маш их дуулиан дагуулж, Монгол Улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүнийг хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч тусыг олоогүй. Тэгвэл Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах хэлэлцээр амжилттай болж, ирэх сарын 6-нд Монгол руу шилжүүлэхээр болсон тухайг эх сурвалж мэдээлэв.

Уг нь энэ оны гуравдугаар сард түүнийг энэ хэлэлцээрт багтаах байх гэж найдаж байсан ч талаар болсон. Тодруулбал, манай улс энэ оны эхээр БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргаад байсан. Харин тэдний дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр байгаагүй аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тухайн үед асууж байхад Л.Байгальмаа өөрөө хүсэлт гаргаагүй байсан тул хэлэлцээрт багтаагүй гэж байв.

Мөн 2014 онд ГХЯ-ны консулын газраас Л.Байгалмаагийн биеийн байдлыг асууж сардаа нэг удаа холбогддог бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд түүнийг эх оронд нь шилжүүлэн авах талаар хөөцөлдөж байгаа ч энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдгийг ар гэрийнхэнд нь дуулгаад удаж байсан ч ийнхүү өнөөдөр биеллээ олж байна.

Өөрөөр хэлбэл, манай улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдэж, харийн шоронд хоригдсон ч Монгол Улсын иргэд заавал эх орондоо ирэх ёстой гэж үзээд энэ асуудлыг тууштай хөөцөлдсөний эцэст ийнхүү шилжүүлэн авчрахаар боллоо. Хятад улстай манайх ялтан солилцох гэрээтэй бөгөөд хар тамхи зөөвөрлөсөн этгээдүүдэд хатуу чанга дэглэмтэй ялтанд тооцогддог тул эх оронд нь авчирна гэдэг тийм амархан зүйл биш гэдгийг ч албаныхан ч хэлдэг.

Ер нь Л.Байгальмаа ямар учраас хамгийн хүнд гэмт хэргийн нэг болох хар тамхины асуудалд хутгалдав. Энэ талаар нэхэн санаваас, Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан Л.Байгальмаа таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаЖ, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонсч байсан. Тухайн үед түүнийг хар тамхины бүлэглэлд өөрөө ч мэдэхгүй орсон хэмээн мэдээлж байсан юм.

Түүнийг анх Ё.Оюунчимэг, Ж.Гантуул гэгч эмэгтэйчүүд эх орноос нь авч явсан гэдэг. Гэхдээ сүүлд энэ хэргийн учиг тайлагдахад, Л.Байгальмаа нь гэнэн итгэмтгийдээ энэ хэргийн золиос болчхоогүй, өөрөө учир байдлыг маш ойлгож байсан. Тэрбээр баригдахаасаа өмнө хоёр ч удаа геройн зөөвөрлөж амжсан нэгэн байсан гэдгийг олон нийт мэдсэн билээ. Хэдийгээр БНХАУ-ын шүүх түүнд ял оноосон ч уг хэргийг үргэлжлүүлэн шалгаснаар түүний явсан маршрутыг олж тогтоосон гэдэг. Тухайлбал, Мөрдөх ажиллагааны явцад Л.Байгальмааг Зүүн Өмнөд Азийн нэлээд хэдэн орноор явж хар тамхи зөөвөрлөснийг тогтоосон гэсэн үг.

Угтаа нөгөөтээгүүр Л.Байгальмаа нь одоо эрүүл мэндийн ноцтой байдалд орсон учраас ийнхүү эх оронд нь авчрах гэрээг.байгуулсан байна. Түүнийг монгол хүний гэнэн итгэмтгий, цагаан цайлган зангаасаа болж, ийм хэрэгт орооцолдлоо хэмээн олон нийт үзэж байсан ч тэр бидний бодсон шиг тийм гэнэн цайлган нэгэн биш байсныг эндээс харж болохоор. Яг үнэндээ ар гэр үр хүүхдээ тэжээхийн тулд хар тамхины зөөвөрлөгч болж, өдгөө аль улс оронд хэчнээн Монгол иргэд байгааг бид мэдэхгүй.

Гэсэн ч Монголын төр иргэнээ яаж ийгээд авчрахаар болсон нь сайшаалтай. Ер нь сүүлийн үед гадаадад байгаа монголчууд хэрэг төвөгт орооцолдох давтамж, тоо ихэссээр байгаа. Өнөөгийн байдлаар, нийт 300 орчим мянган монгол хүн харьд ажиллаж, амьдарч байна гэх албан бус тоо бий.

Харин нийт 250 шахам хүн 17 улсад ял эдэлж байгаа гэдэг. Тухайлбал, 2011 онд БНХАУ-тай ялтан солилцох гэрээ байгуулж, гурван иргэнээ авчирсан бол 2014 онд БНСУ-аас хоёр иргэнээ шилжүүлэн авсан байна.

Харин энэ онд Ялтан солилцох гэрээг амжилттай үзэглэж чаджээ. Одоогоор энэ гэрээгээр гадаадад хоригдож байгаа яг хэчнээн хүнийг эх оронд нь авчрах нь тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар Л.Байгальмаа ямар ч гэсэн багтсан нь тодорхой болсон нь сайшаалтай.

Нөгөө талдаа Монголын төр засаг бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байгаа ч харьд ажиллаж, амьдарч буй монголчууд өөрсдөө гэмт хэрэгт орооцолдох нь их байдаг. Тухайлбал, БНХАУ-д 50 орчим хүн ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбогджээ. Гэтэл Хятад улс хар тамхины хэрэгт хамгийн хатуу хандаж, хяналт чанга улс гэдгийг манайхан мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай сан.

Үүнээс гадна монголчууд архидан согтуурсан үедээ олон нийтийн газар танхайрсан, бусад руу халдан довтолж гэмтээсэн,хулгай, дээрэм,хүчирхийллийн хэрэгт голдуу орооцолддог юм байна. Тэгэхээр наанадаж эх орныхоо нэрийг харьд гутаалгүй, цаанадаж төр засгийн ажилд нэрмээс бололгүйгээр биеэ зөв авч явахыг л элэг нэгтнүүдээсээ хүсэхээс өөр яалтай билээ.

Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих