ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙ ДАЯАРШИЖ БАЙНА
Энэ жилийн форумд 130 орны 12000 сэтгүүлч оролцсон бөгөөд Монголоос “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Монгол ТВ” телевизийн Мэдээний албаны Ерөнхий продюссер Э.Лхагва, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч С.Ононтуул тэргүүтэй 9 сэтгүүлч оролцжээ.
Форумаар хил дамнасан буюу олон улсын сэтгүүлчдийн хамтарсан эрэн сурвалжлага хэрхэн хийх, нийтлэл, нэвтрүүлгээ олон нийтэд хүргэх шинэлэг арга буюу олон нийтийн цахим сүлжээнд тулгуурласан Дата, Мультимедиа сэтгүүлзүйн талаар 150 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцжээ.
“Хэвлэлийн хүрээлэн”-гийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Энэхүү чуулганд Монголоос төлөөлөгч оролцож, дэлхийн чиг хандлагаас суралцаж, шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдээс туршлага судалсан нь туйлын чухал. Форумын үеэр хоёр томоохон өөрчлөлт ажиглагдлаа. Эхнийх нь хил дамнасан буюу дэлхий дахины тулгамдсан асуудал болох дайн байлдаан, авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг асуудлыг олон улсын сэтгүүлчид хамтран судлан илчилдэг болсон байна. Хоёрдугаарт, технологийн дэвшил. Технологийн дэвшлийг ашигласнаар сэтгүүлчид шаардлагатай материалаа түргэн, шуурхай судлан, хамтран ажиллах, цахим сүлжээг ашиглан олон нийтэд шуурхай мэдээ, мэдээлэл хүргэдэг боллоо. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй даяаршиж байгаагийн илрэл юм” гэлээ.
Форумын үеэр Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ албан ёсоор нээлтээ хийжээ. Тус сүлжээний www.asianews.network цахим хуудсанд орон орны сэтгүүлчид өөрийн бүтээлээ нийтлэх, бусдаас суралцах боломж бүрдэж байгаа юм. Мөн үеэр “Парадайз пэйпэрс” буюу оффшор бүст данс эзэмшигч хуулийн этгээдүүдийн нэрийг зарласан “Диваажингийн баримт”-ыг Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийтэд танилцуулсан. Энэ баримтад орон орны 25 мянган албан тушаалтны мэдээлэл багтжээ.
Түүнчлэн чуулганы үеэр Дэлхийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн эздийг тодруулсан бөгөөд 67 орны сэтгүүчдийн 211 бүтээлээс Нигерийн “Premium Times” нэвтрүүлэгийн баг болон Иракийн Beladi TV сувгийн сурвалжлага тэргүүлжээ. Нигерийн Premium Times нэвтрүүлэгийн баг “Нигерийн Зүүн Өмнөд бүсэд хуулийг хэтрүүлэн хэрэглэж зохион байгуулсан алан хядлагын ард юу оршив”, “Нигерийн цөөнхийг дэмжигч болон Оништагийн олныг хамарсан аллагыг хэрхэн яаж зохион байгуулсан бэ? гэсэн Нигерийн үндэсний цөөнхийн эсрэг явуулсан алан хядлагын талаарх баримтыг дэлгэсэн цуврал бүтээл бэлтгэсэн байна. Харин Иракийн Beladi TV суваг өөрийн орны Боловсролын яамны авлигын тухай “Project 1” сурвалжлага бэлтгэжээ.
Дараагийн форум 2019 онд ХБНГУ-ын Хамбург хотноо болно.
Гэрэл зургийг Н.Батбаяр
URL: