Таканоива А.Баасандорж толгойдоо оёдол тавиулсан зурагаа нийтэд дэлгэлээ

15038

Японы сүмо бөхийн Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сард нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийг үдэшлэгийн үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цохиж, зодсон нь дуулиан тариад байгаа билээ.

Д.Батбаяр энэ долоо хоногийн даваа гарагт Японоос эх орондоо ирээд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Башё дуусаад Таканоива над руу гэмтлийн зургаа явуулна гэж амласан. Гэхдээ одоогоор ирүүлээгүй байна” хэмээн ярьж байв.

Тэгвэл арваннэгдүгээр сарын башё өндөрлөөд А.Баасандоржийн төрсөн ах Таканоивагийн толгойны гэмтлийг зургийг олон нийтэд ил болголоо. Тэрбээр, “Миний ганц өнчин дүүг өмөөрч дуугарсан Монголын сумо бөхийн холбоонд баярлалаа” хэмээн энэхүү зургийг Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр луу явуулсан байна.

Мөн түүнчлэн болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулаад Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдээд байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ.

Таканоива А.Баасандорж өмнө нь болсон үйл явдлын талаар “Мэдээгээр Ёкозүна Харумафүжи аварга залуу сумоч дүүдээ анхааруулга хийж ярьж байхад нь “утсаар ярьж байсан” гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон. Намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон. Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа.

Шөнийн 01.00 цаг болж байсан учраас эмнэлэг явах боломжгүй байсан. Маргааш нь эмнэлэг явсан. Эмч намайг үзэж гайхаад, оёдол тавьсан. Манай үсчин миний сүмогийн үсийг хүртэл засч чадахгүй байсан. Тэр явдал болсоны дараа өрөөндөө буцаж ирэх үед толгой өвдөж, нэг талын чих юу ч сонсохгүй болчихсон. Одоо ч гэсэн муу сонсогдож байгаа. Их өвдөж байсан учраас, өвчин намдааж эм авсан.

11 сарын 02-нд толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг явж толгой намдаах эм авсан. 11 сарын 04-нд дахиж эмнэлэгт үзүүлээд 05-нд эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөө ч гэсэн чих өвдөөд унтаж чадаагүй. Их өвдсөн учраас толгойны зураг авахуулсан. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан. Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан. Дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояката мэдэж цагдаад өргөдөл өгсөн” хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалж: unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих