“Цензургүй сурвалжлага”-ын Л.Мөнхбаясгалан Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээг илрүүлэв
С1 телевизийн “Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч Л.Мөнхбаясгалан саяхан ээлжит нэвтрүүлгээ хийж, нийгэмд томоохон шуугиан дэгдээлээ. Тэрээр энэ удаа төр засгийн өндөр албан тушаалд ажиллаж байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд болон өдгөө Гадаад харилцааны сайдын алба хашиж буй Засгийн газрын гишүүн Д.Цогтбаатар нарын тэргүүлдэг оффшорчдын бүлэглэлийн нууц сүлжээг илрүүлсэн нэвтрүүлгийг хийжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо, Панамын оффшор баримтуудыг дэлхийд дэлгэсэн 2016 оны 5 сараас хойш Монгол улсаас оффшорт нэр холбогдсон хүмүүстэй холбогдох баримтуудын араас хөөцөлдөж эхэлсэн цаг мөчөөс яг 1 жил 7 сарын дараа тус телевизийнхэн энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэн байна. Тэрээр хэлэхдээ “Панамын баримтаар олны дунд нэр нь ил болсон оффшорчдын хойноос 1 жил 7 сарын турш уйгагүй явлаа, Үнэхээр ч их юм тууллаа, асар их цаг хугацаа байлаа, Хавчлага дарамт сүрдүүлгийн доор тэсвэр тэвчээрийг заан байж энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд хүргэхийн төлөө явлаа” гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жил буюу 2016 оны 5-р сарын 25-ний өдөр Панамын баримтуудаар ил болсон Монголын оффшорчдын хойноос АНУ-д орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу явахад түүнийг онгоц нисэхээс хоёрхон цагийн өмнө саатуулж, Монгол улсын хилээр гарах хориг тавьсан байна. Түүний үзэж байгаагаар энэ нь Монголын оффшорчдын зориудаар зохион байгуулсан ажиллагаа байсан ажээ.
Л.Мөнхбаясгалан 2016 оны 5-р сарын 26-нд оффшорчдын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийсэн бөгөөд тэрээр энэ үеэр хэлэхдээ ”Магадгүй өнөөдөр миний энд хийлгэж буй хэвлэлийн хурал та бүхэнд өөрийн үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж ч болох юм. Оффшор дансны мөрөөр эрэн сурвалжилсан эхний нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар нарын холбогдсон хэргүүдийн зөвхөн эхний материалыг гаргаж тавсан. Мөн С.Баярцогтийн хэвлэлд урьд өмнө дэлгэгдэж байгаагүй нууцалсан гарын үсэгтэй гэрээнүүдийг бид ил гаргасан. Яагаад өнөөдөр эдгээр хүмүүсийн тухай үнэн бодитой олон улсын хэмжээнд цацагдсан мэдээллүүдээр нэвтрүүлэг хийж болдоггүй юм. Эдгээр хүмүүсийн оффшор дах мөнгөө хаанаа нуусан ямар учиртайг олж мэдэх гэж байгаа жирийн сэтгүүлч хүнийг ингэж саатуулна гэдэг бол үнэхээр аймшигтай. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөөгөө авахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг мохоож, тэд нарыг дарамталж нэвтрүүлгээ хийхгүй болгох, үгийг нь хэлүүлэхгүй байх , өөрөөр хэлбэл биднийг муухай дарамтлаж байна” гэж хэлж байв. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр нэр бүхий оффшорчид сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд 10-15 жилийн хорих ялтай зохиомол хэргийг тохох гэж оролдож, тэр нь бүтэн 6 сарын турш үргэлжилжээ. Гэвч энэ бүх үйл явдал төгсгөл болж оффшорчдын талаар эрэн сурвалжлах сурвалжлах багийнхан нэг жил 3 сарын дараа АНУ-д хөл тавьж, Вашингтон ДС-д төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд очиж уулзан хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Тус баг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхонтой уулзах үеэрээ тус төвийн ажилтан улс төрийн шинжлэх ухааны доктор Николас Жианнакопулос хэмээх нэгэн эрхэмтэй уулзан зөвлөгөө авчээ. Оффшор бүсэд бүртгэлтэй пүүс компани, хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө болон өөр бусад хууль бусаар олсон орлогоо нуух чин эрмэлзлэлтэй байдаг нь ойлгомжтой. Учир нь энэ нь хуулиас далдалж, хуйвалдааны аргаар олсон ашиг учраас тэр.
Оффшор бүсэд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын төрд төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан, одоо ч хашсаар байгаа иргэд олон байдаг нь эдүгээ хэнд ч нууц биш болсон. Тэдний дундаас хамгийн сүр дуулиантайгаар зарлагдсан Монгол улсын Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшорчдын бүлэглэл сүүлийн үед олныг шуугиулж эхлээд байна. 2016 оны 4 сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Панамын оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс эзэмшигчидийг зарлажээ. Тэдний дунд Монгол улсын 49 иргэний нэр зарлагдсан бөгөөд түүний дунд Монгол улсын 26 дах Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын нэр байсан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Гэвч Сү.Батболд энэ талаар хэлэхдээ “оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс эзэмшигчдийн дотор миний нэр ерөөсөө байхгүй, хэрвээ шалгахыг хүсвэл хэн ч орж үзэх боломжтой” хэмээн хэлсэн аж. Гэтэл эрэн сурвалжлах багийн сурвалжлага, дүн шинжилгээ өөр зүйлийг өгүүлж байна. 2003 оны 9-р сарын 15-нд Сү.Батболд нь Batu Mining ХХК-ийг байгуулан уул уурхайн ашиглалт болон геологийн зөвлөгөө өгнө гэж Монгол улсаас бүртгэлийн гэрчилгээ авсан нь шалгалтын явцад илэрчээ. Сү. Батболдын оффшорын нууц үүнээс эхлэлтэй гэж тус эрэн сурвалжлах багийнхан дүгнэж байх юм. Тус компани Монгол улсад байгуулагдсанаас хойш ердөө хоёрхон сарын дараа Панамын оффшор бүсэд Batu Mining Limited хэмээх компани байгуулагдаж, тухай үеийн гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд тус компанид хувь эзэмших болсоннь тодорхой болсон байна. Сү.Батболд 2003 оны 11-р сарын 21-нд Batu Mining Limited компанид 18771 доллар шилжүүлж, 4923,216 ширхэг хувьцаа худалдан авч тус компаний 11 хувийг эзэмшсэн байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй оффшорчдын эсрэг эрэн сурвалжлах багийнхны судалгаагаар түүний байгуулсан тэрхүү компанитай одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон түүний эхнэр, хамаатан садан мөн түүнчлэн Петровисийн Ж.Оюунгэрэл нар холбоотой байсан нь тодорхой болжээ.
Баттай эх сурвалжаар авсан мэдээллээр Batu Mining MongoliaХХК нь 465 сая га буюу 45.7 мянган км кв газар нутгийг эзэмшдэг бөгөөд тус компаний толгой компани нь Их Британы Виржины арлуудад бүртгэлтэй Batu Mining Limited гэдэг компани гэнэ. Түүний гол үнэ цэнэ, үндсэн хөрөнгө нь Монгол улсын газрын хэвлий дэх баялаг юм байна. Тэдний энэхүү оффшор бүлэглэлд нэгэн цагт Монгол улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж явсан эрхэм болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Энэбиш нар ч холбоотой байсан нь тогтоогдсон ба энэхүү Б.Энэбиш гэгч нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дараа гадаадад оргон гарч эдүгээ Канад улсад амьдарч байгаа ажээ. Өнөөдөр Сү.Батболдын оффшор бүлэглэлийн аалзны шүлс шиг хэрэн сүлжсэн сүлжээ хаа сайгүй өргөн тархаад байгаа бөгөөд өдгөө түүнд холбогдсон хүмүүсийн зарим нь гадаадад оргон гарч зарим нь шоронд ял эдэлж байгаа мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Монгол улсад авлигал өнө эртний түүхтэй ч авлигалын оргил үеийг Н.Энхбаярын засаглалийн үед хамгийн хүчтэй байсан гэж ярьцгаадаг. Харин эдгээр хүмүүсийн өнгөрсөн үеийг судлаад үзэхэд тэд бүгдээрээ Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллаж, Н.Энхбаяр гуайгаасаа их зүйл сурч авсан нь тодорхой болж байх шиг байна. Энд гайхаад байх зүйл үгүй мэт санагдаж байгаа ч энэ бол өнөөдөр Монгол улсад авлига,хээл хахууль, оффшорын асуудал ямархуу хэмжээнд байгааг төвөггүйхэн ойлгож болно. Ийм л хүмүүс өнөөдөр төр засгийн өндөр албан тушаалд гарч, та бид тэднээр удирдуулж байгаагаа эргэцүүлж та бүхэн минь тунгаагаасай гэж хүсэхдээ энэ бүхнийг дэлгэлээ.
Ж.Батдорж
Undesten.mn
URL: