Баривчилсан VS Хулгайлсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар олон асуудалд эсрэг тэсрэг байр, суурь илэрхийлж байна. Тэдний хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг сүүлдээ олон нийт ойлгохоо болив. Тухайлбал Дамирангийн Энхбат агсныг Францаас хулгайсан, Берлинээс баривчилсан, гадаад тагнуулын байгууллага оролцсон, оролцоогүй зэрэг олон тайлбарыг энэ хоёр эрхэм “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлэв. “Үгүй , тийм” гэх энэ их эсрэгцлийн дараа энэ хэргийг улсын нууцаас гаргах ёстой гэдэгт байр суурь нэгдсэн байна. Ямартай ч тэд 2000 онд болсон энэ хэргийн талаар ямар тайлбар өгснийг хүргэж байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц: Германы тал Д.Энхбатыг гаргаж өгсөн
-Энэ хүнийг хулгайлах биш баривчилж авчирсан. Хуулийн дагуу л явагдсан үйл ажиллагаа. Хэн надад тушаал өгсөн бэ гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Тухайн үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан. Үүнийг тэр сайн мэдэх учиртай. Германы тал Д.Энхбатыг гаргаж өгсөн. Энэ улсын нууцаас гараагүй хэрэг учраас үүнээс илүү зүйл ярих боломжгүй. Би энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтээ хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын дарга Д.Гэрэлд өгсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Түүнийг Францаас хулгайлсан
-Миний ойлгосноор Энхбатыг Францаас хулгайлсан. Ийм үйл ажиллагааг гадаадын тусгай ажиллагаатай хамтран зохион байгуулах боломжтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хил гэдэг юм бий. Би хууль мэддэг хүн шүү. Тэгэхээр Д.Энхбатын авчирсан нь хулгай байсан. Түүнийг хулгайлсан учраас Б.Хурцыг хорьсон юм шүү дээ. Түүнээс биш хилийн чанадаас авчирах ажлыг цагдаагийнхан хийх боломжгүй. Цэвэр тагнуулын байгууллагын хийсэн ажил. Цагдааг удирддаг, Хууль зүйн сайд энд огт падгүй. Тагнуулын үйл ажиллагааг дарга нь баталдаг. Тэр төлөвлөгөөний дагуу Б.Хурцын оролцоотойгоор энэ үйл ажиллагаа явагдсан.
Эх сурвалж:ЗУУНЫ МЭДЭЭ
Т.САЙХАН
URL: