Буруу даваанд ЗӨВ БҮДРЭХ НЬ
“Хүн төрөлхтнийг устгах зүйлс бол зарчимгүй улс төр, өршөөл нигүүсэлгүй хөгжил дэвшил, ажил хөдөлмөрөөс ангид олсон баялаг, сонсож сураагүй мэдлэг, айдас ичгүүргүй шашин, ухаан жолоогүй тахин шүтэх явдал” гэж Энэтхэгийн иезуйт шашны хуварга, сэтгэл засалч, зохиолч Энтони де Мелло хэлсэн байдаг. Хамгийн аюултай зүйлсийн жагсаалт улс төрийн зарчимгүй байдлаар эхэлж байгааг уншигч та анзаарсан биз. Энд юуны түрүүнд улс төрийн бүтэц байгуулал, үйл ажиллагаа обьектив талаас, түүнийг “амьд байлгах” субьектив ёс суртахууны асуудал мөн хөндөгдөнө. Улс төрийн зарчмыг сүүлийн үед нийгмийн шударга ёс, энх тайван, нэгдмэл байдлыг хангах, эдийн засгийн зохистой хуваарилалт хийх, тэнцвэртэй бөгөөд нээлттэй байдлаар нийгмийн гишүүддээ хүртээмжтэй ажиллах, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд нийгмийг чиглүүлэх зэргээр ойлгох болжээ. Улс төрийн аливаа үйл ажиллагаа дээрх зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд оршин тогтнодог гэсэн үг. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадахгүй буюу үр дүнгүй ажиллах, үндсэн зорилгоосоо хазайх аваас ёс суртахууны томоохон алдаа хэмээн үзэж хариуцлага тооцох учиртай. Ерөнхий зарчим нь нэг иймэрхүү.
Алдаа бол ажил хэргийн салшгүй нэг хэсэг хэдий ч түүнээс болж их эсвэл бага хэмжээний хохирол үүсдэг. Хохирлын хэмжээ алдаа
гаргасан этгээдээс шууд хамаарна. Улстөрчдийн алдааг уучилж өршөөх, зүгээр өнгөрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг хэлэхийн тулд л ингэж тойруулаад байгаа юм. Улс орны хил хязгаар дотор явагдаж буй бүх үйл ажиллагаанд засгийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой.
Тэдний гаргасан шийдвэр, баталсан хууль нийгмийн бүх гишүүдийн өдөр тутмын амьдралыг зохицуулаад зогсохгүй цаашдын хувь тавиланг шийдэх өндөр ач холбогдолтой учраас тэр. Нийгмийн ухамсар, улс төрийн соёл өндөр төвшинд байгаа улс оронд улстөрчид байтугай иргэд нь үүнийг бичигдээгүй хууль гэж үздэг, бас дагадаг. Тиймээс ёс суртахууны доголдол гаргасан улстөрчид, бүр тодорхой хэмжээнд ижил төрлийн асуудалд нэр холбогдсон улстөрчид хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгдөг жишиг tjhtcoh улс орон ч байна. Ер нь харилцан адилгүй л дээ.
АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонд (1913-1994) “тохиолдсон” эсхүл түүний “өөрийн биеэр оролцсон” нэгэн хэргийг товчхон дурдъя. Өрсөлдөгч нараа нууцаар тагнаж, чагнаж байсан гэх “Уотергэйтийн дуулиан” хэмээх хэргээс болж АНУ-ын түүхэнд анх удаа гүйцэтгэх засаглалын тэргүүн огцорсон юм. Уотергэйт дэх Ардчилсан намын төв байранд нууцаар нэвтэрсэн таван хүн баригдсан ч Ерөнхийлөгч Никсон хэргийг хаах, нууж дарагдуулах арга хэмжээ аваад зогсохгүй хэвлэл мэдээллийнхнийг улс төрийн тоглолт хийж байна гэж буруутгаж эхэлсэн. Гэхдээ тун удалгүй Цагаан ордон Ардчилсан намын эсрэг энэхүү ажиллагаанд оролцсон болох нь илэрч, Никсоны Засгийн газрын алдаа дутагдлууд ар араасаа тодорсон. Улмаар 1974 оны наймдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч Ричард Никсон олон нийтийн итгэлийг алдсанаа хүлээн зөвшөөрч, албан ёсоор огцорч буйгаа мэдэгдсэнээр АНУ-ыг гурван жилийн турш доргиосон хэрэг намжсан түүхтэй. Ерөнхийлөгч Никсонд бүрэн эрхийн хугацаагаа дуусгах боломж байсан уу гэвэл байсан. Цаг үеийн нөхцөл байдлаар үүнд тайлбар өгөх нь оновчтой хэдий ч улс төрийн соёл, нийгмийн ухамсар сэргэг байсныг ажиглаж болох юм. Манай улсад хамгийн ихээр дутагддаг зүйл. Ямар нэг хэрэгт холбогдсон нь тодорхой болсон ч албан тушаалаасаа зуурсаар байгаа жишээ цөөнгүй билээ.
Ерөнхийяөгч Никсоныг огцрохоос 11 жилийн өмнө Их Британийн Дайны Төрийн нарийн бичгийн дарга Жон Профумо 19 настай загвар өмсөгч Кристин Килертэй “дотно харьцаа” үүсгэснээсээ болж Засгийн газар болон парламентийн танхимаас нэрээ татахад хүрсэн байдаг. Удаа дараалан залуу загвар өмсөгчтэй үүсгэсэн харилцаагаа үгүйсгэсэн ч нотлох баримтуудыг хэрхэн сөрөх билээ. Туршлагатай улстөрч Профумогийн карьерын төгсгөл намаа чирэх байтугай “дэгээдээд” унагаачихсан. Профумогийн уналт Ерөнхий сайд Харолд Макмилланд (1894-1986) хүндээр тусч, улмаар долоон сарын дараа огцроход хүргэсэн. Нэг сайдын зохисгүй үйлдэл бүхэл бүтэн их гүрний Засгийн газарт цэг тавьсан нь энэ. Бас л манай улсад дутагдаж байгаа жишиг. Тухайлбал, зохисгүй бэлгийн харилцаа байтугай хүчингийн хэрэгт нэр холбогдсон хүмүүс үе үеийн Засгийн газар, УИХ-ын танхимд суусаар ирсэн гэдэг. Өмнөх жишээнээс зүүсэн тайлбарын адил энд ч бас нэрсийг нь дурдалгүй орхиё.
Одоо бидний анхаарал өрнөдөөс дорнодод шилжинэ. 1994 онд Япон Улсад засаглалын хямрал маягийн үйл явдал болж өнгөрсөн байна. Японы засаглал олон улсад нэр хүндтэй, төрийн албаны үйл ажиллагаа нь тогтвортой гэдгээрээ гайхагддаг, бас үнэлэгддэг. Гэтэл 1989-1994 оны хооронд таван жилийн дотор таван Ерөнхий сайд сольсон нь гайхмаар. Ер нь Япон Улс улс төрийн соёл өндөртэй, нийгмийн ухамсар нь ёс суртахуунд маш их анхаарал хандуулдаг учраас бусад улс оронд байдаг л нэг алдаанаас болж Ерөнхий сайд танхимтайгаа огцрох нь бий. Энэ дундаас гурван Ерөнхий сайдын нүүр үзсэн 1994 оныг онцлохгүй байхын аргагүй.
1993 оны наймдугаар сарын 9-нд Ерөнхий сайдын суудлыг хүлээн авсан Морихиро Хосокава 1994 оны дөрөвдүгээр сарын 28-нд огцрох өргөдлөө хүргүүлсэн. Шалтгаан нь, зохион байгуулалттай гэмт хэрэг, хээл хахуультай холбогдож байсан тээврийн компаниас 100 сая иенийн зээл авсан явдал. Ерөнхий сайдыг мафитай холбогдож, хээл хахууль авсан гэсэн мэдээ Япон Улсыг дэлбэлэх мэт л болсон гэдэг. Ерөнхий сайд Хосокава хэдийгээр зээл авсан, төлсөн баримтаа үзүүлсэн боловч Либерал Ардчилан намынхан (ЛАН) хуурамч баримт мэтээр нийтэд түгээчихсэн байв. 1955 оноос хойших анхны дан ЛАН-ын бус, хамтарсан Засгийн газрын тэргүүн Хосокава олон нийтийн дунд нэр хүнд муугүй байсан ч ёс суртахууны хувьд улс орныг удирдах хүн нэр цэвэр, аливаа хэрэгт холбогдсон байх учиргүй гэсэн шалгуурт бүдэрсэн аж. Тиймээс тэр огцрох өргөдлөө өгсөн. Түүний дараа засгийн эрхийг барьсан Цутому Хата ердөө хоёр сарын турш тэссэн байна. Яагаад гэвэл ЛАН дотроо хагаралдаж, Социал демократ нам (СДН) хамтарсан Засгийн газраас нэрээ татсанаар түүний бүрэн эрх, чадамж эргэлзээтэй байдалд орсон юм. Тэр ч бас огцрох өргөдпөө өгсөн. Дараа нь, СДН-ыг төлөөлж Томийчи Мурияама 1994 оны зургадугаар сарын 30-наас 1996 оны нэгдүгээр сарын 11 хүртэл Ерөнхий сайдын албан үүргийг тайван гүйцэтгэж, нэг онд гурван Ерөнхий сайд огцрохоос сэргийлсэн түүхтэй.
Дээрх түүхээс Монгол Улс юуг нь сургамжлах вэ. Хамтарсан Засгийн газар байгуулсан үедээ нам дотроо хагаралдаж, Ерөнхий сайдаа унагаасныг нь бол биш шүү. Манай улстөрчид хаа очиж иймэрхүү асуудалд гаднаас суралцаад байхгүй, өөрсдөө заах бүрэн дүүрэн чадамжтай. Үнэнийг нуугаад хаа холдох вэ. Улстөрчид бол нийгмийн бүтээгдэхүүн. Монголын нийгэм бол ёс суртахуунгүй, улс төрийн үндсэн зарчмыг мэддэггүй улстөрчдийг бэлтгэдэг үйлдвэр нь. Нийгмийн тогтвортой байдал, цаашдын хөгжил, нийгмийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаж, үндсэн хэрэгцээг хангах үүрэгтэй гээд, үүргээ биелүүлэх ёс суртахуун шаардаж, шаардлагатай үед нь шахалт үзүүлэх ёстой гэдгээ ч мэдэхгүй. Улс төрийн оролт, гаралтын харьцаа аль аль нь алдагдсан учраас нийгмийн тогтолцоо гажуудсан гэх дүгнэлт ч үнэний ортой. Яг одоо Монгол Улс гаднаасаа өрөнд баригдаж, дотроосоо ядууралд идэгдсэн ийм л байдалтай байна. АНУ, Их Британи, Япон Улсуудын жишиг манайд хэрэгждэг бол өдийд “арай өөр” дүр зураг харагдах байсан нь дамжиггүй. Өөр нэг ийм жишээ байна, манайханд юм бодогдуулах биз.
Аргентин Улс эдийн засгийн хямралын циклтэй, нэг төрлийн өвөрмөц жишээ. Байгалийн баялаг, халамжийн бодлого, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт, улстөрийн популизм гээд тус улсыг тойрдоггүй сэдэв үгүй. Одоо 1998-2002 оны хооронд үргэлжилсэн их хямралыг онцлоё. 1980-аад оны төгсгөлөөр тэнгэрт тулсан инфляцийг бууруулахын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогоо эргэн харах гээд Аргентин Улсын Засгийн газраас хэд хэдэн алхам хэрэгжүүлсэн байдаг. Харамсалтай нь дотоод худалдаа гацаанд орж, эдийн засгийн хямрал зогссонгүй. Аргентины гадаад валютын гол урсгал нь экспортоор дамждаг байсан хэрэг. 1999 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөөсөө 10.3 хувийн санал илүү авсан Фернандо де ла Руа 2001 онд огцрох хүртлээ гурван ч удаа Сангийн сайдаа сольсон. Төсөв, мөнгөний бодпогууд удаа дараалан бүтэлгүйтэж, эдийн засгийн хямрал олон нийтийг хамарсан эмх замбараагүй жагсаал болохдоо тулсан нь Ерөнхийлөгч Де ла Руаг өөрөө огцрохос өөр аргагүй байдалд оруулжээ. Түүнийг огцроход улс төрийн өөр бусад шалтгаанууд байсан гэдэг. Гэхдээ эдийн засгийн хямралаа давж, ядаж бууруулж чадаагүй нь түүнийг унагаах гол хөшүүрэг болсон нь лавтай. Энд юу хэлэхийг хүсч байна вэ гэвэл Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулсан, одоо ч хямралаас гэтэлгэж чадахгүй байгаа улстөрчид сайн дураараа огцорвол яасан юм бэ. Улс төр яах гэж оршин тогтнодгийг мэддэггүй улстөрчид удирдах үйл хэргээс холдвол зүгээргүй юу. Дан ганц улстөрчдийг чичээд байлгүй нийгмийн гишүүн бүр ёс суртахуун, нийгмийн суурь зарчмуудаа эргэж хараад, буруу даваанд зөв бүдэрч сурах хэрэгтэй байна.
Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: