Иргэний цахим үнэмлэхийг ирэх сараас хэвлэнэ

Цахим үнэмлэхийг эхний ээлжинд иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ-

Манай улс өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн. Харин энэ жилээс иргэний үнэмлэхээ цахим хэлбэрт оруулж бас нэгэн шинэчлэл хийхээр зэхэж байгаа.

Үндсэндээ нэг сая 925 мянга 772 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар одоо хийх гэж байгаа шинэчлэлийнхээ замыг нээж өгсөн гэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар “Монгол Улсын 2.7 сая иргэний 15 сая 483 мянга 773 архивын баримтыг иргэн тус бүрээр нягтлах ажлыг гүйцэтгэжээ. Бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон” хэмээн үзэж байгаа аж.

Удахгүй олгохоор зэхэж буй цахим үнэмлэхийг ирэх арванхоёрдугаар сараас хэвлэж, 2012 оны нэгдүгээр сараас иргэдэд олгож эхлэх юм байна. Техник, технологийн хувьд АНУ-ынх ажээ. Үнэмлэх хэвлэхэд оролцох мэргэжилтнүүдийн заримыг нь сургалтад хамруулсан бөгөөд техник нь ирсэн даруйд шууд ажиллах боломжтой гэнэ. Цахим үнэмлэхийг эхний ээлжид иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Харин үнэмлэхээ аваад тухайн иргэн алдаж, гээсэн тохиолдолд одоогийн үнэмлэх авч буй ханш буюу 10 мянган төгрөг төлөөд дахин авах боломжтой. Цахим үнэмлэхтэй болох анхны төлөвлөгөөг боловсруулж байхад “Ухаалаг үнэмлэх” гарах гэнэ, дотор нь хувь хүний бүх мэдээлэл багтана” гэх иргэдийн яриа гарч байсан.

Гэхдээ бүх мэдээлэл орохгүй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Чинбат “Үнэмлэхийн хувьд маш өндөр нууцлалтай. Тухайн иргэний гарын үсэг, хурууны хээ, тусгай код зэргийг үйлдэж байж мэдээлэл нь гарна. Гэхдээ цахим үнэмлэхэд иргэний бүх мэдээллийг оруулахгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой учраас зөвхөн иргэний үндсэн хаяг байна. Харин бусад мэдээллийг тусгай хаягт бүртгэхээр болсон. Цахим үнэмлэхийн хоёр үйлдвэр байгуулна. Техник хэрэгслүүдийг нь авахад төрөөс зургаан тэрбум төгрөг зарцуулж байгаа. Мөн үндсэн бэлтгэл ажил, үйлдвэрийн технологийн зарцуулалтад дахин дөрвөн тэрбум төгрөг төсөвлөнө. Иргэдэд эхний ээлжид үнэ төлбөргүй үнэмлэх тараах болохоор өртгийг нь нэмж тооцно” гэлээ.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих