3000 залуу төрийн дуулал эгшиглүүлнэ
Төрийн далбаа, дууллаа дээдлэх “Нэг Монгол” өдөрлөг маргааш болно. Энэ өдөр Тусгаар тогтнолын талбайд 3000 залуу төрийн дууллыг нэгэн зэрэг дуулах юм байна.
Манай улсын хувьд арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тодруулбал, энэ сарын 26-нд энэхүү үйл явдал болох ажээ. Тиймээс тусгаар тогтнолын үнэ цэнэ гэж юу вэ, эх орноо хайрлахын ач холбогдол, төрийн далбаа, дууллаа хүндэтгэж, хайрлаж сурахад уриалахаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн, Монголын үндэсний өв соёлоо өвлөн үлдээхэд залуусыг уриалах зэрэгт өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа гэнэ. “Нэг Монгол” өдөрлөгийг 21 аймгийн оюутан, залуучуудын холбоо, ТББ-ууд, залуучуудын сайн дурын байгууллагынхан нэгдэн зохион байгуулж байгаа юм байна. Нэг цаг үргэлжлэх уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт стандартын дагуу хийсэн төрийн далбааг бэлэглэх ажээ.
Э.Пагма
URL: