Вьетнамаас хавьгүй дээгүүр хөгжилтэй гэж бүү горьд
Бид хэнтэй нэг түвшинд яваа, хэнээс хэдэн жилээр хоцорсон, хэнийг ардаа орхисон гэхчилэн асуулт хор шартай монголчуудыг насан туршид нь зовоож иржээ. Монгол Улс өвөрлөгч орноос 15 жилээр хоцорсон гэх дүгнэлтийг хятад судлаач найз маань зурагтаар ярьж байхыг харлаа. Харьцуулах юм биш л дээ. Хятадын гэр бүлийн хөрөнгө, хөдөлмөр шингэсэн хөгжлийг өөрсөдтэйгээ харьцуулах юм биш.
Лав Ордосын ДНБ-ээс манай үндэсний ДНБ хол хоцорч яваа. Тиймээс ийм харьцуулалт буруу. Манай улс хэдэд вэ, аль зиндаанд яваа вэ, хэддүгээрт вэ гэдэгт өмнөх нийгэмд хариулт өгч болдог байлаа. “Социализмын материал-техникийн бааз” гэдэг онолоор нийгмийн формацаа олоод тогтоочихдог байсан тул ихээхэн хялбар байсан хэрэг. Ялангуяа Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (ЭЗХТЗ буюу оросоор СЭВ) хүрээнд бид хэн бэ гэдэгт тун түвэггүй хариулж болж байв.
“Хөгж хөгж!”, “Баяж баяж!” гэх гаслантай тулгалт
1990 он хүртэлх түүх ярьж байгаа хэрэг шүү дээ. ЭЗХТЗ-ийн хүрээнд Монгол, Вьетнам, Кубад (үзүүлэлтээрээ тав дугаарт яваа) түлхүү туслах гэдэг ойлголтоор бол бид гурав зэрэгцэн сүүл мушгиж яваа юм байна гэж дүгнэж болж байв. Мэдээж хөгжлийн оргил нь хөгжингүй социализмыг байгуулсан 1) СССР; 2) дараагийн эгнээнд мөн ийм, аж үйлдвэржсэн хөгжингүй социализм байгуулсан БНАГУ, Чехословак; 3) эдний араас элдэж явсан Польш, Унгар дараагийн зиндаанд; 4) манай гурвын урд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон байснаа байрыг нь сольж буй Болгар, Румын гэхчилэн 10 улсыг нэрлэж байв. Яг ийм ялгарлаас СЭВ тарж, бид ч бас тарж мөр мөрөө хөөсөн. Монгол Улс хөдөө аж ахуй- аж үйлдвэрийн орон гэдэг хаягтайгаа 1990 онтой золгосон ба ардчиллын жилүүдэд яг тийм гээд хэлээд тавьчих нийгмийн формацгүй явж байна.
Гэтэл одоо СЭВ-ийн нөгөө хэд маань хаа явна вэ? Финландын “Kauppalehti” гэдэг сонинд финийн эдийн засагчдын 2050 он хүртэлх том прогноз нийтлэгдсэнийг олж үзээд би нөгөө хэдээ “Хэн нь хэн бэ?” гэдгийг танихтайгаа болж авлаа. Хуучин СЭВ-д байснаа одоо Европын холбоонд элссэн манай хуучин андууд суга үсэрч, гэрлийн хурлаар хөгжиж байгаа гэнэ. СССР-аас тасарсан Балтийн гурван улс мөн шинээр Европын холбооны хаалга татсан 11, нийт 14 улсын эдийн засгийн өсөлтийг 2050 он хүртэл таамаглан төсөөлөхөд лав Балтийн гурав 2050 он хүрч байж Европын Холбооны хууччуултай зуузай холбох тооцоо гарчээ.
Өөрөөр хэлбэл, 40- өөд жилийн дараа эстон, латви, литвачууд нь франц, немцүүдтэй адил тэгш аж төрөх аж. Дэндүү удаан, урт хугацаа биш үү? Гэхдээ муугүй үр дүн бас байна. Словен, Чех, Эстон нь хөгжлийн түвшин, хангалуун аж байдлаараа Португалыг гүйцээд өмнө нь гарчихжээ. Данийн Danske Capital хэмээх фирмээс захиалж хийлгэсэн финланд эрдэмтдийн судалгаагаар бол Дорнод Европын энэ хэсэг улсын ДНБ-ий өсөлт энэ 10 жилдээ хурдтай явж байгаа гэнэ.
Өрнөд Европын орнуудын жилийн дундаж өсөлт 1.9 хувьтай байсан бол Дорнод Европынх 3.7 хувьтай, Финландын эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгийн тооцоолсноор үүндээ дотроо Балтийн орнуудынх бүр илүү хурдтай өсөж байгаа аж. 2050 он гэхэд Эстон, Литвагийн хүн ам тутамдаа ногдуулсан ДНБ нь тэр үеийн Европын холбооны хөгжингүй орнуудын түвшингийн 95 орчим хувьд хүрсэн байх гэнэ. Ингээд 2050 он гэхэд Дорнод Европын хамгийн баян орнуудад Эстон, Латви, Литва, Унгар, Словен бичигдэх болох нь.
Европын орнуудын хөгжлийг шууд өөрийнх рүүгээ татаж авчран харьцуулах санаа энд байхгүй. Гэхдээ бид нэг саванд явсан шүү гэдгийг бас мартаж болохгүй. Хүн амын тоо, эдийн засгийн багтаамж зэргээрээ бол Монгол Улсаа Эстон, Латви, Литва, Словентай харьцуулахад бас ч буруугүй л дээ. СЭВ дотроо зэрэгцэн туслуулж явсан Вьетнамыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү гарч золигтох гээд байдаг. Дайнд нэрвэгдсэн тэр улсад манай улс тусалж, хүмүүнлэгийн хандив өгч байсан цаг бий. “Муусайн төлөгүүд” гэж манайхны өгсөн хоч нэр бол цаанаа тэр улсын ядуу буурайн илэрхийлэл болж байлаа. Улаанбаатарын захын хорооллоор ярайж байх “Вьетнам авто засвар”-аар Вьетнамыг төлөөлүүлэн ойлгох нь ч түгээмэл. Манай их мэдэгч нар саяхан болтол, зарим нь одоо ч Вьетнамаас өөрсдийгөө хавьгүй дээгүүр, хөгжил дэвшилтэй хэмээн ойлгож бардаж явсан, явдаг юм билээ.
Вьетнам Зүүн өмнөд Азидаа хошуучилж байна
Хэрэв тэдний тэрхүү давчуу газар нутаг, хүн ам хэт шигүү, халуун орны цаг агаар, намаг шавар, үер, далайн шуурга, манай хэмжээний мал адгуусгүй гээд харьцуулбал олон үзүүлэлтээр Монголын ард гишгэнэ. Гэвч баялаг хангалуун амьдралын стандартаар хэн бэ гэдэгт хариулт хайх ёстой. Гэтэл одоо яасан гээч? Дайнд сүйдсэн 90 сая хүнийг өлсгөлөн гуйланчлалаас эгнэгт салгаж дөнгөсөн төдийгүй хүн ам тутамд ногдох ДНБ нь 2240 ам. доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаараа Зүүн өмнөд Азидаа хошуучилж, АСЕАН, АПЕК, Зүүн Азийн саммитын бүрэн эрхт гишүүн хүчирхэг Вьетнам болж босч ирж чаджээ.
Вьетнамд үндэсний үйлдвэрлэлээ сэргээгээд, бүх бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хийгээд, бүх хүн ардаа ажлын байраар хангаад босч ирсэн гэж ойлговол буруутна. Өөрсдөө бүгдийг үйлдвэрлэдэг улс дэлхийд цорын ганц нэг бий. Тэр бол Хойд Солонгос. Түүний хөгжлийн загвар зөвгүй болоод л эдийн засгийн хямрал, өлсгөлөн хүртэл нүүрлэдэг. Монголчууд хийж чаддаг цөөхөн хэдээ сайжруулаад чанаржуулаад гол нь экспорт болгоод хариуд нь хийж чаддаггүйгээ импортоор аваад хөгжинө гэдэг нь хэний ч мэдэх гарц. Баялаг амьдрал, бодит орлого, худалдан авах чадвар ба үндэсний нийт орлого гэхчлэн хэмжүүрээр авч үзвэл, орлого нь тэргүүнд тавигддаг байна. Энэ хэмжүүрээр дэлхийн улс орнуудыг гурав ангилдаг.
1. Жилдээ нэг хүнд нь 1000 ам.долларын орлого ордоггүй бол ядуугийн туйл
2. 2000 ам.доллар болоод ирвэл хангалуун руугаа
3. 3000 ба түүнээс дээш ам.долларын орлоготой бол боломжийн хангалуун гэсэн гурван шатлалтай. Дээшээ тогтоосон хязгаар байхгүй. Энэ хэмжүүрээр бол дээшээ ба доошоо 15:1 гэсэн харьцаагаар дэлхийн хамгийн баян, ядуу улсуудыг жишиж болох хэмжүүрийг Дэлхийн банк саяхан болтол мөрдөж байлаа.
Энэ хэмжүүрээр бол манай улс Вьетнамтай харьцуулалт хийж байсан 10 жилийн тэртээт ядуугийн туйлаас арай дээгүүр, Вьетнам хангалуунаас дээгүүрхэн гэж бүтэн нэг үе манайхаас тасарсан байна. Дэлхийн банкны бас нэгэн цогц судалгаа миний архивт байна. Вьетнамыг тодруулах үүднээс би хэдэн жилийн өмнөхийг сөхөж байна. Тэр судалгаанд манай улс: Үндэсний нийт орлогоор-164, Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр-161, Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр-162, дэлхийн 155 улсын дотор аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индексээрээ 148 дүгээр байрт гэхчилэн ямагт 100-аас цааш хол бичигдсэн байсан ба тэгвэл олон үзүүлэлтээрээ Вьетнам нь 100-ын дотор орж ирээд АСЕАН- дундаж хөгжилтэй орон гэгдэж явжээ. Одоо энэ үзүүлэлт нь хэвээрээ буй.
Дээрхи манай “161” гэх үзүүлэлтээс доогуурт тооцогдох манайхаас дор улс дэлхийд бас хэдэн жилийн тэртээ байсан, одоо ч байгаа. Тэгэхэд тэр үед 36 улс бичигдсэн байсан нь манайд бас гэгээ байна гэсэн үг хэмээн бид ойлгож, хөөрцөглөж байв. Дэлхийн банк, ОУВС-гаас Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манай “161” гэдэг үзүүлэлтэд тэр үед туйлын сэтгэл дундуур ханддаг байсан, тэр үед ч, одоо ч Монгол нь Африкийнхнаас сайндаа илүү байна гэж магтдаггүй, Монгол Улс муу байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна хэмээцгээдэг.
Одоо бүр улиг болоод ярихаа ч больж байх шиг. Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний-шашны зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй, харин ч Вьетнамын дэргэд далай шиг их газартай, дэргэдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй байж яагаад “161 гэж” гэдэг асуултыг хэдэн жилийн өмнө бидэнд эргүүлэн тавьж, муу байгаагийн шалтгаан өөрсдөд чинь байна шүү хэмээн анхааруулж байсан бөлгөө. Ардаа 36 улсыг орхисон, гэхдээ дэлхийн хамгийн муу 50 улсын дотор баараггүй орж явсан, одоо ч дээшээ гараагүй байгаагаа ухаарах цаг болсон мэт!
Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшжээ. Хэвших ч юу байхав, Ази маань яг тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсэж байх шиг. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна. Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мъянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй нь мэдээж боловч юуны өмнө энд хөгжлийн нэн их (50-100 жилийн их зөрүү) ялгааг арилгахад эдийн засаг, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, гол нь дотооддоо түүнд бэлтгэх, мөн өөр олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй болж байна.
Манай улсын хувьд Вьетнамаар баримжаа хийхгүй нь мэдээж боловч хуучин СЭВ-ийн анд тэр улсаас суралцах нь юуны буруу аж. “Тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлийн төлөөх эрчимтэй хамтын нийгэмлэгийг байгуулах нь” гэсэн уриатай Вьетнамын жишгээр мөд бий болох Зүүн Азийн чөлөөт худалдааны бүс, араас нь залган гарч ирэх Зүүн Ази дахь иж бүрэн эдийн засгийн түншлэлд Монгол Улсыг нэгтгэж, улмаар эцэст нь бүрэн төлөвших Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн Монголын эдийн засаг ба Монгол Улсыг төсөөлж болохгүй гэж үү?
Олхонуд Баярхүү
Засгийн газрын мэдээ
URL: