Б.Лхагвасүрэн: Нууцхан амраг
Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг
Нууцхан хайр ханиас хожидож ирдэг ээ
Илүүдэж дутсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үр
Бүтэн амьдралын хайр цавлаж
Бүртийж ирсэн бүтэн лай
Өөрсөдөө шаналахаар заясан
Өвс багтахгүй бачуу зай
Саран наран хагацахуйн
Бүрэнхий заагт оногдсон
Сүүдэр гэрэл хоёрын
Бүлээхэн завсарт хавчигдсан
Үзэхүй сонсохуй хоёроос
Үргэлж дандаа зуларсан
Үүлэн чөлөөний жаргалдаа
Үхэж алдан зулалсан
Халирч явахын эс шүгэлсэн
Хайртай байхын ад зайдалсан
Хорвоогийн зохионгуйн хөлд тарамдаж
Хатуу зохионгуйн солгой заяасан
Буруу юу зөв үү гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр
Хайр хэмээх далайн ёроолын
Хясаан дундах далд сувд
Халуун улаан голондоо
Өөрөө л олохоор нуусан
Хатан суудалгүй аргагүй амраг
Онголуулхад минь дутаж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө
URL: