Эдийн засаг эвгүйтсэн гэж үү

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр багш нар цалин нэмэх шийдвэрийг баярлаж бус гомдож хүлээн авав. Тэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалингаа нэмүүлэх сонирхолтой байгаагаа Засгийн газраас шаардаж буй. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажил хаялт зарлах гэнэ. Тэдний  болоод тэдэнтэй адил “статус”-тай нөхдийн цалин ирэх онд 53 хувиар нэмэх шийдвэр нь төсвийг тэлж, эдийн засагт  их олон сөрөг үзэгдлүүдийг дагуулж эхэлсэн. Инфляци 30 хувьд хүрэх вий гэсэн эмзэглэл эдийн засагчдыг зовоож буй бол иргэд мөнгөний ханш унана гэх зохиомол айдсаар өвчилчихөөд байна. Байрны үнэ өснө, машины үнэ нэмэгдэнэ, гутлын үнэ өснө, талхных ч бас ялгаагүй гэдэг өөрсдөө бий болгосон төсөөллийн өвчиндөө өөрсдөө нэрвэгдсээр, сульдсаар, үнийг өсгөсөөр л байна, монголчууд.  Харин Монголбанкны зүгээс мөнгөний ханш унахгүй гэдэг тайлбарыг өгч байгаа юм. Төв банкны өнгөрсөн аравдугаар сарын Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт хийсэн үзүүлэлтүүдээс харахад эдийн засаг бүр  болохоо байчихсан юм ч биш байна лээ.

Инфляци 10,3 хувьтай байна

Инфляцийг нэг оронтой тоон дээр барихаа амалсан Монголбанкны амлалт аль хэдийн талаар болсон. Инфляци өнөөдрийн байдлаар 10,3 хувьтай байгаа бөгөөд бөс бараа, боловс­рол, үйлчилгээ, тээврийн хөлс­ний үнэ өссөнтэй холбоотой хэмээн төв банкны захирлууд өгүүлэв. Өнгөрсөн тавдугаар сард инфляци 5-6 хувьтай байсан нь эдийн засгийн хувьд хамгийн таатай үзэгдэл байжээ.  Инфляцийн инерцийг хэл­бэл­­зүүлдэг гол үзүүлэлт нь махны үнэ. Өнөөдрийн хувьд махны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад харь­­­цангуй тогтвортой байгаа юм.  Инф­ляцийн задаргааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ  буурч, бөс бараа, цахилгаан дулаан, тээв­рийн хэрэгслийн үйлчилгээний үнэ өссөн байна хэмээн төв банкнаас мэдээлэв.

Иргэдийн хадгаламж өсчээ

Иргэд хадгаламжаа буцаан татаж, үл хөдлөх хөрөнгө болгоод байна гэсэн “шум” худлаа болж байна. Энэ “шум”-ыг иргэд өөрсдөө дэгдээж, үүндээ ч  өөрсдөө үнэмшчихээд бай­гаа бололтой. Эдийн засаг болохоо байх нь, инфляцийн хурдыг хүчрэхгүй нь гэх яриа, эдийн засаг хямарна гэсэн шинжээчдийн сүрдүүлэг иргэдийг ихээхэн айдаст автуулчихаад байгаа. Банкинд хадгалсан хэдэн “бор”-оо зүгээр харж суугаад үнэгүйдүүлэхийг хэн хүсэх билээ. Гэхдээ Монголбанкны зүгээс  мөнгөний ханш унахгүй шүү гэдгийг иргэдэд сануулж байна. Есдүгээр сард ам.долларын эсрэг төгрөгийн ханш  гурван хувийн сулралттай байсан бол өдгөө 14 төгрөгийн чангаралттай байгаа талаар Монголбанкнаас тайлбарлав.

Учир нь  Монголбанкнаас өгсөн мөнгөний тоймоор бол иргэдийн хадгаламж 61,3 хувиар буюу 949 тэрбумаар нэмэгдсэн байна. Ерөнхийдөө нийт хадгаламж өмнөх сарынхаас хоёр хувь, өнгөрсөн сараас 63 хувиар өсч 3754,9 тэрбумд хүрчээ.  Нийт хадгаламжийн 76 хувь нь төгрөгийн, үлдсэн нь валютынх аж. Төгрөгийн хадгаламж харьцангуй тогтвортой байгаа бол валютын хадгаламжийн хэлбэлзэлтэй байгааг төв банкны захирлууд өгүүлсэн. Аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж 3,3 хувь буюу 248.1 тэрбумаар, гадаад валютын хадгаламж 39,1 буюу 253,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Аравдугаар сард мөнгөний нийлүүлэлт зургаан их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 57,2 хувиар, оны эхнээс 30,1 хувиар, өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн байна.  Үүнээс иргэдийн гар дээрх бэлэн мөнгө болон төгрөгийн хадгаламж буурсан бол гадаад валютын хадгаламж өссөн байна.

Арилжааны банкуудын актив зузаарчээ

Ирэх онд эдийн засагт хямрал нүүрлэвэл арилжааны банкуудад асуудал үүсэх үү.  Үүний хариулт зүгээр л арилжааны  банкуудын актив нэмэгдсэн гэх элдэв хачиргүй тайлбар.  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт банк, санхүүгийн байгууллагын активын хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээг Монголбанкнаас өглөө.   Банкуудын эх үүсвэрийн өсөлт тогтмол хадгалагдаж байгаа нь активын өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа гэнэ. Гадаад цэвэр актив 44 хувиар, дотоод цэвэр актив 72 хувиар нэмэгдсэн байна. Дотоод активийн жилийн өсөлтийн хурд харьцангуй тогтвортой байгаа бол гадаад активынх нь  өсөлтийн хурд саармагжсан гэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг байршлаар нь аваад үзвэл  503 хувь нь гадаад цэвэр активт, 49,7 нь дотоод цэвэр активт байршиж байна.

Арилжааны банкуудын ашиг 134,1 тэрбумд хүрчээ

Монголбанкнаас бодлогын хүү­­­гээ өнгөрсөн аравдугаар сард нэмснээ зарлаж, 12,25 хувьд хүр­гэсэн шийдвэрнь арилжааны банкуу­дад нөлөөлж, хэтэрхий өндөр өсөлт­тэй гарсан  зээлийн хурдаа саар­магжуулахын тулд тэд зээлийн хүүгээ нэмээд байгаа юм. Зарим банкууд тодорхой хугацаагаар зээл олголтоо зогсоож. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл гэнэ лээ. Учир нь энэ жилийн зээл олголтын хэмжээ төлөвлөгөөнөөс давсан учраас л түр зуур “амсхийж” байгаа юм байна.Өнгөрсөн арван сарын байдлаар  арилжааны банкуудын зээл олголт нь нэлээд өндөр үзүүлэлттэй гарсныг Монголбанк дуулгав. Тодруулбал, зээл олголт өмнөх оны мөн үеэс  61 хувиар нэмэгджээ.  Нийт зээлийн багцын 94.5 хувийг хэвийн, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн, дөрвөн хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээлийг мөнгөн дүнгээр нь тооцвол банкны системийн хэмжээгээр 201.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ нь санхүүгийн хямралын үе буюу 2008-2009 оны үеийн чанаргүй зээлийн хэмжээнээс даруй хоёр дахин бага үзүүлэлт  гэнэ. Хэрвээ чанаргүй зээл нийт зээлийн 20 хувийг эзэлж байвал энэ нь харин түгшүүрийн дохио гэсэн. Арилжааны банкууд энэ оны эхний арван  сард 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж.  Банкны эрсдэл даах чадварыг илэрхийлэгч өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 14 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон доод хэм­жээнээс хоёр  нэгж хувиар өн­дөр байгаа гэнэ. Төрөөс мөнгөний бод­логын талаар баримтлах үнд­сэн чиглэлийн хүрээнд Зээлийн мэдээллийн тухай хуулийг УИХ-аар батлуулаад байгаа бол Хадгаламжийн даатгалын хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулахаар бэлт­гэж буй. Банкны эрсдлийн удирд­лага, компанийн засаглалыг сайж­руулах, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл, хөрөн­гө оруулалтын харилцааг зохи­цуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны эрс­дэл даах чадварыг сайжруулах, нягт­лан бодох бүртгэлийн бодлогод олон улсын стандартын хүрээнд шинэч­лэлт хийх, банкуудад тавих хяналтыг сайжруулах гэх олон асуудлыг 2012 оны мөнгөний бодлогын чиглэлд тусгажээ.

Ж.ЭРХЭС

URL:

Сэтгэгдэл бичих