ХУУЛЬЧ А.ЭРДЭНЭБИЛЭГ: Ч.БЭЭЖИНХҮҮГИЙН ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭС ДҮГНЭЛТ ХИЙХЭД ХУУЛИЙНХАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ХОХИРСОН ДЭЭР НЬ УЛАМ ХОХИРООСОН НЬ АЖИГЛАГДАВ

14052

Төрийн хуулийг өөрийн хууль гэж боддог, засгийн албыг хувийн компаниа гэж санадаг эрх мэдэлтнүүд мэр сэр байдаг. Тиймээс шүүх, прокурор, төрийн албаны эрх мэдэлтнүүдээс болж хохирсон иргэд өдгөө маш олон болжээ. Ингэж хохирсон хүмүүс хуулиа барьж шүүх, цагдаагаар хөлөө цуцтал яваад эцэст нь “хад мөргөдөг” бөгөөд чухам энэ үедээ л аргаа барахдаа сонин хэвлэлд хандаж гомдолоо барагдуулдаг. Ийм байдал манай ард иргэдийн дунд олон жилийн турш амь бөхтэй зууралдсан, үүний улмаас хохирсон иргэд ч тоймоо алдсан. Харин энэ байдлыг намжаахын тулд одоогоос хэдхэн хоногийн өмнө “Шүүх, прокурор, төрийн албанаас болж хохирсон иргэдийн холбоо” гэж байгуулагдав. Энэхүү холбооны тэргүүн нь телевизээр олон жилийн турш “Хуулийн цоорхой” хэмээх нэвтрүүлэг хөтлөн явуулж ирсэн хуульч, өмгөөлөгч А.Эрдэнэбилэг юм. Тэрбээр сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа Ч.Бээжинхүү гэгч эмэгтэйн өдүүлсэн нэгэн луйврын хэргийн талаар ийнхүү өгүүлэв.    

-Юуны өмнө та Ч.Бээжинхүү гэгчийн хэрэг анх хэрхэн яаж өрнөсөн талаар товч ярина уу?

-Саяхан надад иргэн Б.Лхагвасүрэн гэдэг хүний бүрдүүлсэн зузаан материал ирлээ. Энэ бол иргэн Ч.Бээжинхүү гэгчтэй холбоотой хавтаст хэргээс канондож авсан материалууд. Энэ хэргийн тухай сонин хэвлэл, сайтуудад ч бас бичигдсэн байх юм. Гэхдээ би сонин хэвлэлийн материалыг гол болгохоосоо илүү хавтаст хэрэгт авагдсан албан ёсны тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй материалуудыг үндэс болгож яръя. Энэ хэрэг одоогоос арваад жилийн өмнө эхэлсэн юм байна. Тэр үед Байгаль орчны яамны зөвлөх байсан Хатанбаатар гэдэг хүн Нийслэл хотын онцгой бүс болох Зайсангийн орчимд 3,3 га газар авахдаа өөрийн дүү Цэрэндагвынхаа нэр дээр авчихаж. Тэгтэл Ч.Бээжинхүү нь энэ газрыг эргэлтэнд оруулах маягаар Цэрэндагватай ярьж тохиролцоод түүнд 50 сая төгрөг өгье гээд өөртөө захиран зарцуулах итгэмжлэл аваад, дараа нь тэр газраа иргэн Б.Лхагвасүрэнд 400 мянган ам.доллараар зарчихаж. Энэ бол тэнгэрийн умдаг атгахтай адил том наймаа. Харамсалтай нь Бээжинхүү гэгч нь их юм олж идсэн шиг аятайхан байж чадсангүй. Хэн ч мэдээж 400 мянган ам.доллараа өгчихөөд зүгээр суухгүй шүү дээ. Газраа шилжүүлэхтэй холбоотой албан ёсны гэрээ хэлэлцээр хийдэг юм байгаа биз дээ. Ингээд Бээжинхүү хөрөнгө оруулалтын гэрээ хийж, газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхээр болсон юм байна. Тэгтэл Бээжинхүү яав. Газрынхаа бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй бултаад эхэлсэн байх юм. Алдсан хүн арван тамтай гэдэг. 400 мянган ам.доллараа луйварчин хүүхэнд тавиад туучихсан хүн чинь зүгээр гараа эвхээд суухгүй, ямар нэгэн тэмцэл хийдэг юм байгаа биз дээ. Тэгтэл Ч.Бээжинхүү гэгчийг өөгшүүлэх маягаар шүүхийн байгууллага, прокурорын байгууллага орооцолдсон асуудал байна. Би энэ хэрэгтэй танилцаад нэг сонин юм олж харлаа. Шүүх, прокурорын байгууллага хэнийг хамгаалдаг юм бэ? гэж. Юуны өмнө хохирсон иргэдийг хамгаалах ёстой. Тэгтэл 400 мянган ам.доллар аваад завшчихсан этгээдийг өмгөөлж хамгаалаад, иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан өчүүхэн жижиг алдаан дээр дөрөөлөөд энэ том луйврын хэргийг олон жил сунжруулсан байх юм. Бас энд газрын наймааг ямар хүн яаж хийдэг, тэгэхдээ өөрийнхөө нэр дээр биш ойр дотныхоо хүний нэрээр нам жимхэн хийдэг нэг буруу зүйл ажиглагдаад байгаа.Гэхдээ энэ бол аль хэдийн ул дол болсон асуудал. Газрын наймаачин гэж цоллуулаад байдаг нөгөө М.Энхболд, Т.Бадамжунай нар иймэрхүү маягаар л газар наймаалж, өөрсөддөө хал балгүй үлдсэн байдаг шүү дээ. За энэ ч яахав. Бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Харин газрын наймаачдын луйврыг өөгшүүлээд байгаа юм шиг үйлдэл хийж суудаг хуулийнхны талаар ярих цаг болсон.

-Түрүүн та иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан өчүүхэн жижиг алдаан дээр дөрөөлөөд энэ том луйврын хэргийг олон жил сунжруулсан гэж ярьсан. Энэ тухайд?

-За ийм юм болжээ. Бээжинхүү анх газрын гэрээ хийхдээ Лхагвасүрэнгийн хүү Золбоогийн нэр дээр газрын бүх бичиг баримтыг шилжүүлж өгөх ёстой байж. Бээжинхүү нь “Ихернева” гэдэг компанитай байсан юм байна. Гэвч Бээжинхүү гарын үзсэг зурж, бичиг баримтаа шилжүүлэх болоод ирэнгүүт бултаж зугтаад эхэлжээ. Энэ юу гэсэн үг вэ? Хүний 400 мянган доллар авчихаад ингэж болох уу? Даанч муухай хэрэг. Хүн зальтай байж болно, шуналтай байж болно. Гэхдээ арай ийм муухай шуналтай, бас хуншгүй байж болохгүй.  “Ихернева” гэдэг компани нь Ч.Бээжинхүүгийн нэр дээр байдаг болохоор түүний тамга тэмдэг, гарын үсэг хэрэгтэй болно биз. Тэгтэл энэ хүн гурав дөрвөн жил бултаж зугтсан байгаа юм. Энэ хооронд нөгөө Зайсангийн газар дээр нь гадаадын хөрөнгө оруулалт энэ тэр орж ирээд барилга байшин барих гээд, бас газартай холбоотой янз бүрийн тайлан тооцоо хийгдэх ёстой байдаг. Бээжинхүү тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зориуд ингэж зугтаад ажлыг нь гацааж орхисон байгаа юм. Зөвхөн үүн дээр ярихад л Бээжинхүүд хуулийн хариуцлага хүлээлгэж болно. Санаатайгаар ажил саатуулсан, бизнесийн эрх ашигт хохирол учруулсан гэх мэтээр… Харин иргэн Б.Лхагвасүрэн ийм гомдол гаргасангүй. Тэгтэл бас болоогүй. Нөгөө Бээжинхүү чинь Лхагвасүрэнг гадаад руу оргон зайлах гэж байна гэж сүржигнээд түүнд хилийн хориг тавиулж, тэр ч байтугай хөрөнгө оруулагчдыг нь Монголд оруулж ирэхгүй гэх маягаар Гадаадын харъяатын газраар өргөдөл бариад баахан гүйжээ. Ингэж тэр гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээсэн байх юм. 400 мянган ам.доллараа алдчихсан хүн гадаад руу дүрвэж гарах уу. Харин ч бүр үүнийгээ олж авах гээд Монголоосоо холдохгүй шүү дээ. Их мөнгө аваад завшчихсан Бээжинхүү л харин гадаад руу дүрвэн зугтах ёстой баймаар юм. Бээжинхүүгийн энэ мэт хөгийн авираас болоод Лхагвасүрэн гэдэг хүн гадаад түншүүдийнхээ өмнө эвгүй байдалд орсон байдаг юм байна. Тэгээд хөрөнгө оруулагч нар нь үл итгэх байдалд орж, цаашдынхаа хөрөнгө оруулалтыг зогсоожээ. Үүнээс болж их хэмжээний хохирол учруулжээ. Энэ бол хэн нэгний бизнесийн эрх ашигт халдсан том хэрэг. Үүнийг манай хуулийнхан шүүрч авсангүй, тийм сэтгэл ч байсангүй. Харин Бээжинхүү гэгчийн болсон болоогүй гомдол саналыг бол тэр дор нь шүүрч аваад л хэрэг болгоод явчихаж. Ер нь энэ Бээжинхүү гэдэг хүүхэн яасан их нөлөөтэй хүн бэ? Удалгүй нөгөө Зайсангийн газар дээр нь овоо хэдэн орон сууц баригдаад иржээ. Тэгтэл Бээжинхүү дахиад юм олж авахаар долоон орц байрны хоёр орцыг нь надад үнэ төлбөргүй өг гэж шаардсан байдаг. Нөгөө 400 мянган ам.доллартаа ханаж цадахгүй байна, энэ хүн. Тэгээд л Ховд нутгаасаа төрж гарсан томчуудад өөрийгөө зальдуулчихсан маягаар уйлан дуулж, бас хэд хэдэн ч өмгөөлөгч аваад тэд нартаа Зайсангийн газар дээр баригдсан байрнаас өгнө энэ тэр гэж хошигруулж явсан байх юм. Би олон жил өмгөөлөгч хийхдээ ийм айхтар шуналтай хүн үзээгүй. Юманд чинь бас хязгаар гэж байдаг. Хамгийн гол нь ийм шуналтай хүнийг хуулийнхан ойлгосонгүй. Гэхдээ нэгэнт түүний талд үйлчлэх маягтай хөдөлсөн бол ойлгоод ч нэмэргүй л дээ. Бээжинхүүд луйвардуулсан Лхагвасүрэн сүүлдээ аргаа барахдаа Байгаль орчны яаманд хүсэлт гаргаж, Бээжинхүүтэй анх ямар гэрээ хийсэн, түүнд хичнээн мөнгө төлсөн, Бээжинхүүг гарын үсгээ зурахгүй хэрхэн бултаж зугтаад байгаа талаар нэгд нэггүй тайлбарласнаар Байгаль орчны яам түүний хүсэлтийг хүлээж авсан байна. Энд нэг асуудал яригджээ. Хөрөнгө оруулагч тал нь үнэхээр хөрөнгө оруулах гээд байгаа юм бол газрыг нь нэрэн дээр нь шилжүүлэх хувилбар байдаг юм байна. Ингээд сайдын тушаал гарчихаж. Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн “Далай Омбо” компанийн нэр дээр газрын эрхийг шилжүүлжээ. Тэр үед Бээжинхүү нэгэнт олдохгүй байсан учир түүний өмнөөс Лхагвасүрэн гарын үсэг зурсан байна. Удалгүй Зайсангийн газар дээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд байшин бариад эхэлжээ. Тэгтэл нөгөө Бээжинхүү чинь гэнэт гарч ирээд “Миний газрыг дээрэмдчихлээ” гээд л зарга үүсгээд гүйчихэж. Энэ хүн чинь уг нь зарсан газрынхаа 400 мянган ам.долларыг аваад идчихсэн хүн шүү дээ. За тэгээд нөгөө танил тал, нутаг нугын ахан дүүстэйгээ нийлээд иргэн Б.Лхагвасүрэнгийн жижигхээн алдаан дээр дөрөөлсөн байгаа юм. Тэр алдаа нь юу вэ гэвэл Бээжинхүүгийн өмнөөс Лхагвасүрэн гарын үсэг зурсан явдал. Ингэлээ гээд Лхагвасүрэн хэнд ч хохирол учруулаагүй. 400 мянган ам.доллараа алдчихсан хүнд бол энэ нь хэрэг биш л дээ. Гэтэл Бээжинхүү нь Чингэлтэй дүүргийн цагдаад миний газрыг миний өмнөөс гарын үсэг зураад шилжүүлээд авчихлаа гээд гомдол гаргажээ. Тэрийг цагдаагаас сүртэй бараатай хэрэг болгож авч үзсэнгүй. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэрэгсэхгүй болгоод хаачихаж. За тэгтэл яасан гээч? Лхагвасүрэнгийн гарын үсэг зурсан тэр жижигхэн асуудал дээр дөрөөлөөд Улсын Ерөнхий Прокурорын орлогч дарга Б.Амгаланбаатар дахин сэргээгээд Чингэлтэйн цагдаа руу шилжүүлчихэж. Хохирогч нарын гомдолыг сонсож байхад энэ Амгаланбаатар гэдэг хүн Ховдынх, Бээжинхүү бас Ховдынх. За тэгээд Бээжинхүү нь Ховдын гаралтай хэд хэдэн том хүний нэрийг барьж явсан байдаг. УИХ-ын гишүүн асан Б.Дэмбэрэл, хошууч генерал О.Үржин гэх мэт. Хуулийн эрх мэдэлтэй хүмүүсийн бараг 40 хувийг Ховдынхон эзэлдэг гэж би өмнө нь сонсож байсан. Ер нь шүүхийн байгууллагад ч Ховдынхон олноороо байдаг. Тийм болохоор Бээжинхүү гэгч нь энд тэнд луйвар хийчихээд л түүнийгээ аргалуулах гээд, бас дахин дахин луйвар хийх гээд нутгийнхаа томчуудыг бараадаж явдаг юм шиг. Ийм нэг ажиглалт бий болоод байна л даа. Яагаад гэвэл түүний луйвардаж авсан 400 мянган ам.долларыг огт тоохгүй хэрнээ нэг тийм жижигхээн, бас хэнд ч хохирол учруулаагүй гарын үсэгний хэргийг шүүрч аваад дахин дахин сэргээгээд байгаа нь ийм ойлгоц төрүүлж байгаа юм. Улсын дээд шүүх дээр Ч.Бээжинхүүгийн талаар 40 сая төгрөгийн хахуулийн тухай ч яригдсан байдаг юм байна. Энэ бол маш ноцтой асуудал.  Өөр нэг асуудал гэвэл аль хэдийн хэрэгсэхгүй болчихсон хэргийг Бээжинхүү гэдэг хүүхний болсон болоогүй гомдолоор дахин дахин сэргээгээд, бусдын ажил төрлийг алдагдуулаад, ийш тийш нь тамгатай бичиг шидэлцэж суудаг нь ямар учиртай юм бэ. Шүүх, прокурорын байгууллага бол хэн нэгний тоглоомын газар биш. Би олон жил өмгөөлөгч хийлээ. Тиймээс шүүгч, прокурор нарын элдэв асуудлыг мэднэ ээ. Эд нар бол хэрэгсэхгүй болгоё гэсэн хэргээ ямар ч том асуудалтай байсан нам дарж чаддаг улс. Та нар бод доо. Ерээд оноос өнөөг хүртэл Монгол улсад мөнгө санхүүгийн луйвар, хээл хахуультай холбоотой том том хэргүүд маш олон гарсан. Үүнд төрийн сайд болоод УИХ-ын гишүүн хүмүүс ч холбогдож байсан. Гэвч тэд нар өөрийн талын шүүгч, прокурор нарынхаа хүчээр, бас эрх барьж байгаа намынхаа далбаан дор уснаас хув хуурай гарч байсан нь ард түмний нүдэн дээр илэрхий байгаа шүү дээ. Хуулийнхан ерөөсөө хэрэгсэхгүй болгоё гэсэн хэргээ энэ мэтээр нам дарж чаддаг л байхгүй юу. Харин хэн нэгний шахалтаар ч юмуу, хэн нэгний талд үйлчлэх маягаар аливаа хэргийг сэргээе, ноцтой хэрэг болгож дэгдээе гэснээ бол жижигхээн хуулийн цоорхой олж харуутаа шууд л гогдоод дээш нь гаргаад ирдэг. Энэ тал дээрээ манай хуулийнхан бол сүрхий гаршсан гэж хэлж болно. Бээжинхүүгийн өдүүлсэн энэ хэрэг дээр ч гэсэн иймэрхүү зүйл ажиглагдаж байна. Тиймээс энэ Амгаланбаатар гэдэг хүн Ч.Бээжинхүү гэдгийн талд үйлчлээд байгаа нь үнэн бол бушуухан ажлаа өгөх хэрэгтэй.

-Та энэ Амгаланбаатар гэдэг прокурор хүнээс айхгүй байна уу?

-Би хэнээс ч айдаггүй. Сая хүртэл манай найз надад хэлж л байна. “Чи томчуудын нэрийг хөндөх нь байна шүү дээ. Айхгүй байна уу?” гэхээр нь би “Юунаас нь айдаг юм бэ? Тэд нар намайг юугаараа айлгаж чадах юм бэ. Намайг ажлаас халах юмуу. Үгүй шүү. Би засагт ажилладаггүй ээ” гэж хэлсэн. Энэ засагт ажилладаг хүмүүс чинь зайлуул ажлаасаа халагдчих вий гэж их л айдастай явдаг юм байна лээ. Ялангуяа хуулийн томчуудын өөдөөс бол ганц ч үг ган хийж чадахгүй. Цаадуул нь эрх мэдэл ихтэй, шүүх, прокуроруудад голдуу шавь нар нь алба хааж байдаг, тэгээд тэд нар нь багшийгаа, даргыгаа өмгөөлж хамгаалах гээд зүтгэчихдэг. Үүнийг би мэдэлгүй яахав. Би олон жил иргэний хэрэг өмгөөлөөд шүүгч, прокуроруудтай үзэлцэж ирлээ. Тиймдээ ч төрийн алба, хуулийн байгууллагаас болж хохирсон иргэдийн холбоо байгуулаад явж байна.

-Таныг ална хядна гэж заналхийлж байсан явдал бишгүй тохиолдсон гэдэг байх аа? Жишээ нь “Симба” Батаа гэдэг нөхөр ална гэж заналхийлж байсан тухай сонин хэвлэлд гарч байсан. Энэ тухай яриач?

-Энэ талаар би 2012 онд хэвлэлийн бага хурал хийж байлаа. Тэр үед би NBS телевизээр “Хуулийн цоорхой” цуврал нэвтрүүлэгээ хийж эхэлж байсан үе. Тэгээд “Симба”  Батаа тэргүүтэй хүмүүсийн үнэг хөөж яваад унагасан онгоцыг акталж, дараа нь өндөр үнээр худалдсан тухай нэвтрүүлэгтээ хөндсөн. Үүний дараа “Амь нас чинь хайран биш үү” гэсэн заналхийлэл ирж байлаа. “Симба” Батаа тэргүүтэй хүмүүсийн үнэг хөөж яваад унагасан онгоцыг ОХУ-д аваачиж засуулахаар Сангийн яамнаас 300 мянган ам.доллар авсан. Сүүлдээ энэ онгоц 10 сая төгрөгийн үнэтэй болж актлагдсан. Миний сонссоноор онгоцыг “Тэнгэрийн улаач” компанид 400 мянган ам.доллараар худалдсан. Тиймээс би онгоц актлахад оролцсон хүмүүсийг Авилгатай тэмцэх газар шалгах ёстой гэж телевизээр сануулсан юм. Ингэж сануулсны төлөө ална хядна гэж заналхийлж байсан. Хамгийн гол нь улсад өч төчнөөн сая төгрөгийн хохирол учруулсан ийм ноцтой хэргийг манай хуулийнхан, шүүгч, прокурорууд нам дарж чадсан байдаг. Эд нар нам дарах юмаа бол жинхэнэ утгаар нь нам дарж чаддаг улс шүү дээ. Даанч өндөр эрх мэдэлтэй хуулийн томчуудыг нөгөө Авилгатай тэмцэх газар нь шалгах эрх байдаггүй. Жишээ нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч дарга Б.Амгаланбаатарыг Авилгатай тэмцэх газар шалгах эрх бий юу? Авилгатай тэмцэх газар хаана харъяалагддаг юм бэ. Авилгатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорт харъяалагддаг. Нийслэлийн прокурор л хэрэг мөн үү, биш үү гэдгийг шалгадаг. Энэ дээр манай тогтолцоо өөрөө буруу. Харин Авилгатай тэмцэх газар прокуророос үл хамааралтай байсан тохиолдолд прокурорын хэн нэгэн том эрх мэдэлтнийг шалгуулж болно. Өнөөдөр Авилгатай тэмцэх газар нь хэнийг хамгаалдаг, хэн болсон бэ гэдгийг би сайн мэднэ. Би Баасан авгайтай нэг тийм сайн биш, гэхдээ энэ хүний нэг үйлдэлд талархаж явдаг. Авилгатай тэмцэх газарт “Олон нийтийн зөвлөл” гээд анхнаасаа байгуулагдсан нэг юм байдаг. Үүнийг харамсалтай нь эрх мэдэлтэй дарга нар олны нүдэнд ил болгож чадаагүй. Харин Баасан авгай тэр олон нийтийн зөвлөл гэдэг юмыг нь аваад хэдхэн сарын дотор үнэхээрийн амьдрууллаа. Авилгатай тэмцэх газар нь зарим талаараа авилгачдыг хамгаалдаг байгууллага болсон шүү дээ.

-Ч.Бээжинхүү нь Б.Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар аваагүй гэж мэлзээд, энэ тухай бичсэн сониныг шүүхэд өгчихөөд байгаа. Та хавтаст хэрэгт авагдсан материалуудыг үзээд ямар дүгнэлт хийв?

-Бээжинхүү нь 400 мянган ам.доллар аваагүй, намайг гүтгэж гүжирдлээ гээд сониныхныг баахан бужигнуулсан сурагтай. Шүүх, цагдаагаар ч айлгаад авсан юм байна. Гэвч 400 мянган ам.доллар авсан гэдэг дээр гарцаагүй нотлох баримтууд байдаг юм байна. Бээжинхүүгийн гарын үсэг, иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар, хөрөнгө оруулалтын гэрээ гээд хаашаа ч хөдлөх аргагүй баримтууд миний гарт байна. Тэр байтугай хоёрын хоёр генерал хүн Ч.Бээжинхүүг Б.Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар авсан болохыг гэрчлээд гарын үсэг зурчихжээ. Үүнээс илүү ямар баримт хэрэгтэй юм бэ? Жишээ нь Бээжинхүүгийн нутгийн ах, хошууч генерал О.Үржингийн гарын үсэгтэй бичиг энд байна.  Мөн өмнө нь сууж байсан нөхөр болох генерал М.Эрдэнэдалай “Манай авгай хэрэгт орох гээд байна. Чи цагдаагаас гомдолоо татаад авчихаач ээ” гэж Б.Лхагвасүрэнгээс гуйж байсан баримт байна. Түүгээр ч барахгүй Ч.Бээжинхүүгийн 400 мянган ам.доллартай холбоотой нэгэн бичиг баримтан дээр генерал М.Эрдэнэдалай гарын үсэг зурсан байх юм. Энэ бол хаашаа ч бултах аргагүй баримт. Ер нь энэ Бээжинхүү чинь генералуудаар хүрээлүүлчихсэн юм байна. Ийм олон баримт байж байхад, бас Монгол улсын нотариатын байгууллага баталгаажуулчихаад байхад 400 мянган ам.доллар аваагүй гэж хэлж байгаа бол Бээжинхүү нь эсвэл сэтгэцийн өвчтэй байж мэднэ. Хүнд чинь бас ёс суртахуун гэж байх ёстой. Тиймээс манай хуулийнхан идсэн ууснаа үнэнчээр хүлээж чаддаггүй ийм ёс суртахуунгүй хүнийг өөгшүүлж, энэ хүний гаргасан болсон болоогүй гомдол саналыг юу юугүй шүүрч аваад л бусдад чирэгдэл учруулж байдгаа болих хэрэгтэй. Харин ч бусдын их хэмжээний мөнгийг улайм цайм авч идчихээд дараа нь аваагүй гэж мэлзэж суугаа энэ Бээжинхүүг хуулийнхан юуны өмнө шалгах ёстой. Үнэхээр л Б.Лхагвасүрэн гэдэг хүнээс 400 мянган ам.доллар авсан юмуу, аваагүй юмуу гэдгийг нотлох ёстой. Энэ л манай хуульчдын хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Ерөөсөө Бээжинхүүгийн сэтгэл мэдрэл эрүүл эсэхийг шалгуулвал зохино. Яагаад гэвэл эсэн бусын зарга үүсгээд, түүндээ их л сэтгэл ханамжтай явдаг сэтгэцийн өвчтэй, заргын цагаан солиотой хүн мэр сэр байдаг шүү дээ. Ийм хүмүүс хуулийн байгууллагаар ингэж тоглоод, түүнээсээ таашаал аваад явдаг. Монгол улсын хуулийн байгууллага ийм хүмүүсийн тоглоом тохуу болж ерөөсөө болохгүй. Энэ хэрэгт анзаарагдсан бас нэг ноцтой асуудал гэвэл Ч.Бээжинхүүд эрүүгийн хэрэг үүсгэх хэд хэдэн нөхцөл байна. 400 мянган ам.доллараас гадна шүү дээ. Жишээ нь Б.Лхагвасүрэнд зарсан газраа өөрийн “Ихэрнева” гэх компанийн нэр дээр хууль бусаар дахин шинэ газрын гэрчилгээ гаргаж авсан, тэгээд нэг хэсэг 0,5 га газрыг нь Пүрэвтогтох гэдэг хүнд 100 мянган ам.доллараар зараад, 50 мянгыг нь халаасалчихжээ. Тиймээс Лхагвасүрэн газраа буцааж авахын тулд Пүрэвтогтох гэдэг хүний 50 мянган доллар, мөн уг газар дээр хашаа барьсан 3000 доллар, нийт 53 мянган долларыг өөрөөсөө гаргаж өгсөн байдаг юм байна. Үүний барьцаанд Ч.Бээжинхүү Ландкрузер машинаа барьцаанд тавьжээ. Тэгтэл дараа нь Бээжинхүү Лхагвасүрэнгийн тархийг барьж байгаад нөгөө барьцаанд тавьсан машинаа зальдаад авч одсон байдаг. Энэ талаар Лхагвасүрэн гомдол гаргасан ч харамсалтай нь хууль, цагдаагийнхан тоож авч хэлэлцсэнгүй. Эндээс юу ажиглагдаж байна вэ? Ерөөсөө л Бээжинхүүгийн талд үйлчлээд байгаа ашиг сонирхлын зөрчил харагдаад байгаа юм. 53 мянган ам.доллар гэдэг чинь зуу гаруй сая төгрөгийн хэрэг. Магадгүй манай хуульч нар олон зуун сая төгрөгийн хахуулийн хэрэг дээр ажилласаар байгаад ганцхан зуун сая төгрөгийн хэргийг тоож авч хэлэлцэхээ байчихсан юм болов уу. Хэрвээ шударга хууль үйлчилж байсан бол зөвхөн энэ 53 мянган ам.долларын хэргээр л Ч.Бээжинхүү шууд “Ганц худаг” руу морилох ёстой юм. Тэгтэл энэ хүүхнийг хуулийнхан улам давруулаад, болсон болоогүй гомдлыг нь давын өмнө шүүрч аваад бусдад гай учруулсаар ирсэн байх юм. Мөн Бээжинхүүгийн луйврын үйлдэлд хань болж, түүний хэлсэн үгийг тоть шиг давтаж явдаг нэг хүн байдаг нь түүний сүүлд суусан нөхөр С.Алтангэрэл гэгч юм байна. Энэ хүн Бээжинхүүг арваад жилийн өмнө 400 мянган доллар авч идээд явж байхыг нь мэдэхгүй байж л “Манай авгай Лхагвасүрэнгээс сохор зоос ч аваагүй. Тэр 400 мянган доллар чинь Зайсангийн газар дээр баригдсан барилгад шингэчихсэн. Худлаа гэвэл барьсан барилга нь энэ байна” гээд хэдэн давхар барилгын зураг үзүүлж явдаг юм байна. Тухайн үед юу болсоныг нүдээрээ үзэж хараагүй байж ингэж хамаагүй ярьж болохгүй л дээ. Харин арваад жилийн өмнө Бээжинхүүтэй сууж байсан генерал М.Эрдэнэдалай бол тэр 400 мянган ам.долларын асуудлыг сайн мэддэг, авсан нь үнэн болохыг нь нотлоод гарын үсгээ зурчихсан баримт нь ч надад байна. Ийм илэрхий хэрэг дээр манай хуулийнхан Ч.Бээжинхүүгийн үгэнд ихээхэн ач холбогдол өгч, бусдын ажил амьдралд өчнөөн саад болж, одоо ч бас Чингэлтэйн цагдаа дээр энэ хэргийг дахин сэргээчихээд байгаа юм байна.

-Аливаа хууль оршин байгаа цагт хуулийн цоорхой байж л байдаг үзэгдэл гэдэг. Гэхдээ энэ эмгэгийг арилгахын төлөө үргэлж тэмцэж, мэдрэхүй хараагаа хурцалж байх хэрэгтэй гэдэг шүү дээ.

-Товчхон хэлэхэд хуулийн цоорхой гэдэг бол хүчинтэй хуулийн, хууль зүйн тухай үнэлгээ юм. Тиймээс хуулийн цоорхой аль ч хуулинд байдаг. Гэхдээ хуулийн цоорхой гэдэг нийтэд хэвшсэн ойлголтыг байнга залруулж байх шаардлагатай. Хүмүүсийн харьцааг зохицуулах эцсийн арга зам нь хууль. Хүмүүсийн хоорондын тогтсон хэв маяг, ёс суртахуун гэх мэт харьцааг зохицуулахад хүчин мөхөсдөх зүйл гараад ирвэл, жишээ нь ямар нэгэн харьцааг хууль тогтоогчийн хүсэл зорилгод нийцэхээр зохицуулчих өөр юм байхгүй үед хууль тогтоогч өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд эрх зүйн акт гаргаж нийгмийн амьдралд оролцдог. Харин зохицуулбал зохилтой харьцаануудыг олж харж чадах эсэх нь тухайн хуульчийн ухаан хэр цэлмэг, хараа хэр хурц, сэтгэл нь хэр шударга байхаас шалтгаална. Ч.Бээжинхүүтэй холбоотой энэ залилангийн хэргээс дүгнэлт хийхэд хуулийнхан иргэн Б.Лхагвасүрэнг хохирсон дээр нь улам хохироогоод, болсон болоогүй гомдол саналаар дахин дахин хэрэг сэргээж хамаг ажил төрлийг нь алдагдуулаад дэндүү шударга бус хандсан явдал ажиглагдлаа.

Эх сурвалж: Ноцтой мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих