ХАНИЙН СЭТГЭЛ
Гэрэл зурагчин Виктория Каролина Хэлтом дотуур хувцастай эмэгтэйчүүдийн зураг авч мэргэшсэн нэгэн. Саявтархан 40 орчим насны, гэр бүлтэй эмэгтэй түүнд хандаж зургаа авахуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Хатагтай махлагдуу сайхан биетэй боловч өөртөө сэтгэл дундуур явдаг нь илт байлаа. Тэгээд ч “бага сага” дутагдлаа фотошопын аргаар далдлахыг гуйжээ. Зурагчин ч зөвшөөрч. Хэдэн сарын дараа зурагчин эмэгтэйн нөхрөөс захидал авчээ. Нөхөр зурагчны ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байлаа. Гэр бүлийн хоёрын зөвшөөрөлтэйгөөр зурагчин энэ захидлыг олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
«Би эхнэрийнхээ зургийг хараад танд бичиж байна. Юун түрүүнд таныг буруутгах гээгүй л дээ. Эхнэр бид хоёр 18 жил ханилсан, 2 сайхан хүүхэдтэй. Энэ хугацаанд их юм үзэж, зовлон жаргалыг хамтдаа туулсан улс. Эхнэр маань надад зориулж, миний анхаарлыг татахын тулд зургаа авахуулсан гэдгийг би ойлгож байна л даа. Өөрийг нь тоохоо больчихлоо, залуухан хүүхэн рүү явбал хориглохгүй гэх маягийн юм хааяа хэлээд байдаг болсон юм. Харин энэ зурагнуудыг хараад зүрх минь зогсчих шиг болов. Өөлөх юмгүй сайхан зурагнууд байсан л даа. Гэвч зураг дээрх эмэгтэй миний эхнэр бишээ. Эхнэр маань өөрөө танаас гуйсан байх л даа. Гэхдээ та түүний минь “жижиг сажиг өө сэвийг” авч хаяснаар бидний амьдралын сайхан дурсамжуудыг арчаад хаячихжээ! Язарсан гэдсийг нь зассанаар хүүхдүүдийн маань төрсөн түүхийг үгүй хийж, нүүрний нь үрчлээсийг арилгаснаар 20-иод жилийн амьдралын маань баяр гунигийг аваад хаячихаж! Харвинг нь арилгаснаар амттанд дуртай түүнийхээ хийдэг талх боовыг хамтдаа идэж өнгөрөөсөн энэ олон жилийг маань үгүй хийж орхих шиг санагдав.
Гэхдээ ийм муухай зураг (уучлаарай, миний л бодлоор шүү) авлаа гээд таныг буруутгах нь ч утгагүй хэрэг. Харин ч танд баярлаж байна. Энэ зурагнуудыг хараад эхнэртээ хичнээн их хайртайгаа, түүнийхээ байгаагаар нь бахархдаг тухайгаа ер хэлдэггүйгээ гэнэт санаж гэмшлээ. Эхнэр маань ийм үг даанч ховор сонсдог болоод л фотошоптой зургаар хайр сэтгэлийг маань эргүүлж авчрах гэж санах дээрээ хүрсэн байх. Энэ бол 100% миний буруу, үүнээс хойш дутагдлаа засаж өдөр бүр түүндээ хайртайгаа хэлж байя. Сануулсанд баярлалаа».
Захидлыг уншаад зурагчин эмэгтэй ихэд уярч удтал уйлсан гэдэг. “Та нар өөрсдийнхөө бяцхан дутагдалд бүү санаа зовж бай л даа. Хайртай хүн бол юутай хээтэй чинь бүгдийг хайрладаг юм байна шүү дээ” гэж тэрээр бичжээ.
URL: