“Өвлийн 17 учрал” буюу манай “Жээмэс Бөөнд”-ийн өчил
Социализмын үед жинхэнэ тагнуулч гэж иймэрхүү л нөхөр байдаг юм болов уу гэсэн төсөөллийг киноноос авдаг байв. Тухайлбал, социализмын үед Оросын “Хаврын 17 учрал” киноны Штирлиц, капитализмын үед Америкийн “Агент 007”-гийн Жеймс Бонд. Нэг нь үнэхээр муу санаатай, хашир нь дэндсэн нөхөр байх. Нэг алхаад л мөрөө эргэж харна. Нөгөөх нь бүхнийг чадагч, дийлдэшгүй хүчтэн. Харин тэдэнд адилтгах нэг шинж бий. Хоёулаа ухаалаг. Бас хэн таарсантайгаа амаа урчих гээд л яриад байдаггүй онцлогтой.
Бид тагнуулч хүн ямар байх ёстойг энэ хоёроор ерөнхийдөө төсөөлж, манай Монголын тагнуулч мөн л иймэрхүү байдаг болов уу гэсэн бодолтой явдаг байлаа. Гэтэл, базарваань. Манай Иштэрлээц, Жээмэс Бөөнд нар тун яриа хэлээтэй төдийгүй ёстой нэг илэн далангүй сайхан хүмүүс гэдгээ харуулж эхлэв. Зөвхөн амаараа яриад зогсохгүй бичиг цаасаа хэдэн зуун хуудсаар нь гаргаж ирээд гудамжинд цацчихна. Түүнийг нь УИХ-ын хэн нэгэн азтай гишүүн олж аваад түмэнд түгээнэ. Хачирхалтай, хачирхалтай. Харин харамсалтай нь ингэснийхээ дараа манай Иштэрлээц, Жээмэс Бөөнд нар шоронд суудаг. Гэм нь өөрийнхөө барьсан шоронд өөрсдөө хожим залардаг онцлогтой.
Саяхан манай бас нэгэн Жээмэс Бөөнд нөгөөдүүлээсээ тохой илүү илэн далангүй гэдгээ харуулав. Бүүр зурагтаар туулаа шүү дээ. Үүнээс давж гарах маш нууцлаг газрын даргын ил тод байдал гэж юу байхав дээ, тийм ээ. Гоё оо гоё. Сайхан байлаа. Манайхан ч айлын тагнуулуудаас ялгаатай юм байна аа, байна. Гэхдээ түүний хэр тагнуулч вэ гэдгийг би бус телевизийн яриаг нь сонссон үзэгчид дүгнэсэн нь дээр байх. Ямартай ч үүнийг нь түүний хувьд энэ “Өвлийн 17 учрал” байлаа гээд өөрийнхөө саналыг нэмэрлэе.
- “Цензургүй яриа” энэ удаа “Цензуртэй яриа” байсан уу, үгүй юу бүү мэд. Урьд өмнө нь тохиролцсон уу, эсвэл тагнуулынхан урьдаас эрхэм сэтгүүлч бүсгүй ийм, тийм юм асуух гэж байна гэдгийг тагнаж чагнаад мэдсэн үү, нэг ёсондоо театрчилсан тоглолт маягийн юм болов. Асуунгуут л, “Зиа тагнуулч миний бие ингэнэ гэж мэдэж байсан юм аа” гээд л баахан бичиг цаас гаргаад ирнэ. Цуглуулгаа хүртэл асууна гэдгийг мэдээд аваад ирсэн байгаа юм чинь. Ингэснээрээ эсвэл тохиролцсон, эсвэл иргэдээ тагнаж чагнадаг гэдгээ баталсан хэрэг болчихов уу, яав.
- Манай Жээмэс ерөнхийдөө бүүр далд эзнээ ил гаргаад ирэв үү, яав. Үг бүрийн нь ард Э-гээр эхэлсэн нэг аваргын дүр харагдаад байна билээ. Ингэснээрээ хэний удирдлагаар хөдөлдөг Жээмэс вэ гэдгийг таахад тун амархан байлаа.
- Айлуудын Жээмэс маш соёлтой байдаг. Жинхэнэ жээнтэлмээн маягтай. Гэтэл манайх арай өөр. Хүний нэрийг огт хэлэхгүй. “Лу тэгээд, Луутай уулзаад, Мие, Миегийн өрөөнд”… гээд л. Тагнуулч хүн жинхэнэ нэрийг нь нууцалж байгаа юм болов уу даа гэж бодохоор.
- Айлын тагнуул өрсөлдөгчөө сэмхэн хороодог бол манайх үгүй. Шууд л бөөн гэрчийн дунд, “Ална шүү …сда минь”гэж хэлсэн гэдгээ телевизээр зарлаад л… Амар ч юм уу.
- Айлын тагнуул өөрийнхөө улсын талаар хэзээ ч юм дуугардаггүй. Манайх арай өөр. Хойд Солонгост 300 мянган долларын зэвсэг худалдсан гээд улаан цайм авлаа. Тэд саяхнаас цөмийн зэвсэгтэй болсноо зарлаад байсан чинь түүнийг манай улс худалдсан нь тодорхой болох шив дээ. Ямар бид музейн үзмэрт нь зориулж цахиур буугаа л зарав гэж. Бас цахиур бууны төлөө юу гэж хоёр хүнийг цаазлав гэж. Тэгэхээр баараггүй цөмийн зэвсэг байгаа биз. “Хатанбаатар” кинон дээр “Гэдгэр” Соном сэмхэн нэг юм хийгээд байна гэсэн чинь тэсрэх бөмбөг урлачихсан байдаг биз дээ. Ингэхэд нээрээ өнгөрсөн жил тагнуулын “Годгор” Содов сэмхэн нэг юм хийгээд байгаа сураг дуулдсан шүү.
- Нэг онигоо хэлье. Далайд олон сараар явсан усан цэргийн дарга эхнэрээ хэр шударга байсныг тун амархан мэддэг гэжээ. Яадаг юм гэсэн чинь, Орцоороо орохын өмнө тэнд сууж байгаа эмээ нарт хандаад, “Зиа янхнууд сайн сууж байв уу” гээд мэндчилдэг юм. Тэгэхээр нөгөөдүүл чинь бид янхан юм бол танай авгай жинхэнэ янхан. Түүнтэй тэгсэн, үүнтэй ингэсэн гээд хамаг юмыг нь тооччихдог юм гэжээ. Манай тагнуул яг эмээ нар шиг. Тэр тэгсэн, энэ ингэсэн, цааш нь ярих уу, айн… гээд л хүзүүгээ нуг нуг хийлгээд сууж байна шүү дээ.
- Айлын тагнуул шууд л баримт барьдаг. Манайх зөвхөн харддаг. Хардсанаа харсан болгож үнэмшдэг. Би хардах эрхтэй… гээд л…
- Айлын тагнуулууд хэр барагтай бол баригддаггүй. Оросын тагнуул Лондонд бие засах газраас өмднийхөө цахилгааныг татангаа гарч ирээд баригдлаа гэдэг шиг манай Жээмэс гэгээн цагаан өдрөөр хүн хулгайлаад баригддаг…
- Айлын тагнуул улсдаа хэрэгтэй зүйлийг олж ирэхийг хичээдэг бол манайх үгүй. Эхнэр нөхрийн хэрүүлээс авхуулаад эрүүгийн хэрэг, идсэн уусан мөнгөний утга учир, архи дарсны хувьчлал, айлын гэр шатсан, авилга өгсөн авсан хов живийг хэрэгтэй зүйл оллоо гэж үздэг. Тиймээс үүнийгээ “Хаан жимсний хуйвалдаан”, “Зэс эрдэнийн зодоон”, “Анхаагийн олсон ашиг”, “Авилгач прокуроруудын алдаа” гэх зэрэг алдарын титэм хүртэж мэдэхээр адал явдалтай зохиолууд болгон бичиж эхэлсэн байдаг.
10. Айлын тагнуулууд алах гэж байсан ч хань хамсаатнуудынхаа тоог хэлдэггүй. Манай тагнуулч өөр. Шууд 200-300 хүн гээд тууна.
11. Айлын тагнуул айлын л хүмүүсийг тагнана. Манай тагнуул арай өөр. Өөрийнхөө хүмүүсийг тагнадаг.
12. Айлын тагнуул улсынхаа төлөө явдаг. Манай тагнуул арай өөр. Банкны төлөө зүтгэдэг.
13. Айлын тагнуул өөрийн талын хэнтэй ч таарсан танихгүй юм шиг өнгөрдөг. Манай тагнуул арай өөр. Эзэнтэйгээ онгоцонд таараад мэнд мэдэн, гар барьдаг.
14. Айлын тагнуул өөрийнхөө цэргүүдээр бахархдаг. Манай тагнуул арай өөр. Цэргээсээ ичдэг.
15. Айлын тагнуулууд ихэвчлэн өмсөх хувцаснаас өөр юмгүй гэдэг. Баригдлаа гэхэд шүү. Манай тагнуул бол шууд л хөрөнгөөрөө гайхуулаад эхэлдэг. Үүнээс ч их юм бий гэж баярхана.
16. Айл өөрийнхөө тагнуулыг хэзээ ч ил гаргадаггүй. Зарладаггүй. Манайх тагнуулаа зарлаад шууд гадаад оронд Элчин сайдаар томилдог.
17. Айлын тагнуул баригдлаа гэхэд ам нээхгүйгээр буудуулдаг. Манай тагнуул баригдаагүй хэрнээ өөрөө ил гарч ирээд далан булчирхай, наян найлзуураа тоочдог.
Эцэст нь хэлэхэд Оросын “Хаврын 17 учрал”-ын Штирлиц, манай “Өвлийн 17 учралтай” таарсан Иштэрлээц буюу Америкийн “Агент 007”-гийн Жеймс Бонд манай “Аагент 000”-ийн Жээмэс Бөөнд нарын ялгаа ердөө л энэ. Дүгнэлтээ өөрсдөө хийцгээ, эрхэмүүд ээ!
Эх сурвалж: Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tataj unalaa
гоё гоё үнэн төрх дүрийг нь бүтээсэн байна цааш нь дамжуулж хошин шогын ардын зохиол болгох хэхэгтэй хэхэхэхэ