Зээлийн хүүгийн хязгаар: Эерэг ба сөргөөр харах нь

6d16dd_olloo_mn_1462338563_b9a3ffdd1a59c0e90df9d045290e66f5_x974-Бид яагаад гадны банкийг санагалздаг вэ-

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг тойрсон олон санаа оноо явж байна. Үнэхээр банкуудын зээлийн хүү асуудал мөн үү гэвэл мөн. Монголын эдийн засаг  зээлийн хүүгийн дор сөхөрч, өндийж чадахгүй өдий хүрч байгаа нь жирийн үнэн. Амьдарч  ядаж буй  цөөхөн монголчууд “энхрий хайрт” банкуудынхаа зээлийн хүүнд ноолуулж ноцуулж, үүнийхээ “буянаар” ядуурлын зэрэглэлээ дэлхийн хэмжээнд өсгөж явна.

Арилжааны банкууд зээл нэрээр мөнгө хүүлж байгааг орон сууцны 8 хувийн зээлтэй иргэд бэлээхэн нотолдог. Зээлдэгч нарын хийсэн  төлбөр нь үндсэн зээлд бус хүүнд зарцуулагдаж байгааг цахим мэдээллээр олонтаа дэлгэсэн. Зөвхөн Монголд л харж болох мөлжлөгийн тогтолцоо гэвэл тэр байх. Гадны банкийг санагалзах шалтгаан энэ шүү дээ.

Дээрхи хуулийн төслийг тойрсон маргаанд  улстөрчид, эдийн засагчид, судлаачид, энгийн иргэд гээд байж болох бүхэн оролцож санаа оноогоо илэрхийлж байна. Мэдээж энэ хуулийн төсөл банкныханд таалагдахгүй. Тийм ч болохоороо тэд зээлийн хүүг ийнхүү захиргааны аргаар бууруулах нь эдийн засагт асар их хор хохиролтой. Хадгаламж буурч, бэлэн мөнгөний зах зээл тэлж, мөнгөний хомсдолд орно гэж  айлгаж байна. Төр өөрөө Арилжааны банкуудынхаа амыг барих гэж байна гэсэн  пиар хамт дэгдэв. Банкуудын амьдрах арга, бизнес нь энэ зээлийн хүү болохоор тэдний эмзэг газрыг хөндөж байгаа гэдэг нь энэ мэт эсрэг байр сууриа илэрхийлэгдэнэ.

Ингэж их анхаарал татаж, асуудал үүсгэж байгаа болохоор энэ хууль бас муу хууль биш байх нь. Зээлээс ангид хол амьдрал, иргэн гэж үгүй, хэрэв байдаг бол  зээлээс бус хүүнээс нь айж холуур тойрч явдаг байх. Тиймээс зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож өгөхийг  жирийн иргэдээс эхлээд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд хоёр гараа өргөн дэмжинэ. Төр зээлдэгчдээ дэмжих нь  өргөн утгаараа эдийн засгаа дэмжиж буй хэлбэр болно.

Аливаа юм сайн, саар хоёр талтай. Сөрөг болон эерэг талын аль аль нь байгаа байх. Тухайлбал, энэ хууль батлагдвал банкны салбаруудын хувьд шинэ үе эхэлнэ гэж зарим эдийн засагчид тодотгож байгаа бол нөгөө нэг хэсэг нь банкны салбар нурж унана хэмээн муу амалж байгаа.

Банкны салбаруудын хувьд шинэ эрин үе эхэлнэ гэсэн эерэг санаа оноог тодруулж харъя. Банкууд зөвхөн зээлийн хүүгээр амьдардаг одоогийн арга барилаа өөрчилж, шинэ менежмент нэвтрүүлнэ, шилдэг технологи нутагшуулж зардлаа багасгана. Зээлийн хүүгийн өндрөөр бус харин олон зээлдэгчийг урин дуудна. Үүнийг дагаад зээлдэгчдийн өрсөлдөөн, шалгуур хангах байдал дээшилж зээлийн чанарт  дэвшил гарна гэж байна. Товчхондоо бол чанаргүй зээл бараг үгүй болж, эрсдэл багасна. Зээлийн хүү буурах нь үндэсний үйлдвэрлэл хөгжих, үйлчилгээний чанар сайжирч үүнийг дагасан эдийн засгийн эрчим нь  эргээд банкныхаа үйл ажиллагааг дэмжих болно. Эдийн засаг гэдэг  бол угтаа эргэх холбоо, харилцан хамаарал гэдэг утгаар ингэж харах бүрэн боломжтой.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож өгөхийг жирийн иргэдээс эхлээд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд хоёр гараа өргөн дэмжинэ. Төр зээлдэгчдээ дэмжих нь өргөн утгаараа эдийн засгаа дэмжиж буй хэлбэр болно.

Харин сөрөг талаасаа гэвэл хадгаламжийн хүү мэдээж дагаж буурна. Үүний улмаас иргэд хадгаламжаа эргүүлэн татаж, зах зээл дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэж байна.  Хэрэв үнэхээр тийм явдал болбол  иргэд төгрөгийн хадгаламжаа валютынх болгож,  ханшийн уналт нүүрлэнэ гэсэн болгоомжлолыг зарим эдийн засагчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл далд эдийн засаг дахиад сэргэнэ.  Үүнийг айлгах тактик гэж харж болохгүй, тооцох ёстой асуудал мөнөөс мөн байх.

Гэхдээ цаг үе өөр болсон. Одоо орныхоо гудсан завсар мөнгөө хадгалдаг хүн нэгээхэн ч үгүй биз. Захын хорооллын найман нэрийн барааны дэлгүүр ч цахимаар арилжаагаа хийдэг болсон.  Мөнгөний шилжүүлэг хийхэд гар утас байхад л хангалттай. Ийм байсаар байхад хүү буурсан гээд мөнгөө бэлнээр эргэлдүүлэхийг илүүд үзэх хүн байх болов уу. Энэ бол эргэлзээ.

Зээлийн хүүгийн хязгаарыг эерэгээр харах өөр нэг шалтгаан нь манай улсын хүн амын дөнгөж 05 хувь нь л банкинд хадгаламжтай гэнэ.  Хүү буурлаа гээд хадгаламжаа эргүүлж татдаг юмаа гэхэд энэ нь санхүүгийн зах зээл, ханшид нөлөөлж чадах уу.

Банкуудын барьж авч сөргүүлж тавиад байгаа хоёр асуудалд  өгөх ийм хариу бас байгааг мэргэжлийнхэн тодотгоод байгаа юм.

Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх профессер Д.Намжил:“Банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд дээд хязгаар тогтоох нь зөв. Манай улс банкны зээлийн хүүгээ бууруулж олон улсын жишигт хүргэх цаг болсон. Дэлхийн улс орнуудын банкууд зээлийн болон хадгаламжийн хүүгээр жилээр нь тооцдог. Үүнийг олон улсын жишиг гэж нэрлээд байгаа юм” гэжээ. Эндээс анзаарагдаж байгаа шинэ зүйл гэвэл хүүг сараар бус жилээр тооцдог  жишиг.

Олон улсад банкны хадгаламжийн хүү жилийн 2-3 хувь, зээлийн хүү 4-6 хувь байдаг гэнэ. Ингэж харвал гадны банкныхан жилийн хүүгийн ердөө 3-4 хувь дээрээс л ашиг хардаг байх нь. Харин манайд бол эсрэгээрээ зээлдэгчээсээ сар бүр ийм хэмжээний зөрүүгээр ашиг “цохьж суудаг” гэсэн үг. Бусад орны зээлийн хүү ямар байдгийг дээрхи зургаас хараарай.

Манай банкны салбар энэ жишигт очих ёстойг профессер Д.Намжил онцолсон байна билээ. Мэдээж, хуулийн төслийг тойрсон янз бүрийн санаа оноо байгаа ч Монголын банкны хүү эдийн засгаа өндийлгөхгүй байгаа нь маргашгүй үнэн. Үүнийг олон улсын тэр жишиг хэмжээнд хүргэхгүй юмаа гэхэд ойртуулах цаг болсон гэдэг нь хойшлуулашгүй шийдэл.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих