ОНГОД ТЭНГЭРТЭЙ ХАРИЛЦАГЧ БӨӨ НАР
Бөөгийн шашин бол хүмүүс байгальтайгаа нягт холбоотой амьдарч байсан шинэ чулуун зэвсгийн үе болон хүрлийн үеэс үүдэлтэй ажээ. Өвдөж зовох, хүүхэд төрөх, аз завшаан, гай зовлон тохиолдох зэргийг далдын хүчин буюу сүнстэй холбон тайлбарладаг байлаа. Тэр нууцлаг, шидэт ертөнц рүү нэвтэрч, сүнстэй харьцаж чаддаг хүмүүс бөө болдог байв. Тэр цагаас хойш олон зууны туршид бөөгийн шашин сэргэн мандалт, бууран доройтохын аль алиныг үзсээр ирсэн боловч өнөө хүртэл орхигдоогүй байгаа аж.
Бөөгийн чадвар удам дамжин ирдэг бөгөөд шинж тэмдэг нь хүүхэд ахуй цагт илэрдэг гэж үздэг. Энэ нь жир хүнд байдаггүй зарим мэдлэг чадвар, мэнгэ, бие махбодийн онцлог-тамга (илүү хуруу гэх мэт) байж болно. Мөн ирээдүйн бөө заавал «бөөгийн өвчнөөр» өвдөх ёстой аж. Энэ нь ухаан санаа орж гарах, уналт, таталт байж болох гэнэ. Бөөлөхөд бие сэтгэлийн асар их хүч шаардагдах тул голдуу эрчүүд бөө болдог. Гэхдээ эмэгтэй бөө буюу удган байж болно.
Дээрх өвчний үед хүн сүнсний ертөнц, хүний ертөнц хоёрыг холбогч элч, улаач, бөө болохыг ятгах тэнгэрийн дуу хоолойг сонсдог гэнэ. Хэрэв хүн бөө болох хүсэлгүй, зөвшөөрөхгүй бол өвчин үргэлжилнэ. Эцэст нь хүн бууж өгдөг байна. Ялангуяа удганууд удтал өвдөж шаналдаг ажээ. Хүн бөө болохыг зөвшөөрмөгц түүний бие ариусан эдгэрч, хамгаалагч сүнс буюу онгод тэнгэртэй болдог байна. Бөөлж суртлаа бас нилээд уддаг гэнэ. Зарим бөө 60 нас хүрч байж онгод нь орох тохиолдол байдаг аж. Хүч чадалтай бөө нэг биш хэд хэдэн онгодтой байх нь бий. Ийм бөө нас эцэслэхийн өмнө онгодоо өөр бөөд дамжуулан залгамжлуулах ёстой. Эс тэгвэл онгод нь түүний сүнсийг тавихгүй зовоох гэнэ.
Хар, цагаан бөө гэж бий. Цагаан бөө нь Газрын сахиустай (уул, ус, ургамлын) харьцана. Тэд лус савдгаас хүмүүсийн хүслийг биелүүлэхийг гуйж зуучилдаг байна. Хар бөө сансар огторгуйд гарах буюу доод ертөнцөд очиж хүмүүний сүнсийг эргүүлэн авчрах чадалтай. Онгод сахиус нь буух үедээ бөө нар далдын хүчний шаардсан ёсоор тахил өргөх нь бий. Тэд Ертөнцийг бүхэлд нь танин мэдэж, амьдралын төрөл бүрийн хэлбэртэй учирдаг. Эхлээд аймаар ч, сүүлдээ дасал болдог гэж өндөр наст нэгэн бөө өгүүлсэн юм.
Бөөгийн тавилан тийм ч амар биш. Хүч чадал, туршлага дутуу бол нөгөө ертөнцөд очих үедээ сүнсээ алдах эрсдэлтэй. Бууж байхад нь саад болбол бөө хэнийг ч үгүй хийж магадгүй. Онгод орох үед ер бусын хүчтэй энерги ялгардаг тул түүнийг хянах ямар ч боломжгүй аж. Төрсөн охиноо өөрөө ч мэдэлгүй алчихсан тохиолдол ч гарчээ.
Бөө нар хүний өвчнийг эдгэрүүлж, хүслийг нь биелүүлэхэд тусалдаг ч өөрсдөө ихээр ядарч шаналдаг байна. Онгод тэнгэрийг хилэгнүүлэхгүйн тулд хүмүүс байгальтайгаа зөв харьцаж, лус савдгийг гомдоохгүй байхыг бөө нар онцлон захидаг юм. Тэгсэн цагт л хүн эрүүл саруул, аз жаргалтай амьдрах магадлал их гэнэ.
URL: