Н.Энхбаяртай хамт Н.Болормаа, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нарыг шалгана
“Эр хүн туг ч барина тугал ч хариулна” гэж үнэн үг юм. Цагтаа улс толгойлж мандаж, басхүү задарч явсан нөхөр өнөөдөр шоронгийн хаалга татах уу, үгүй юү дээрээ тулаад явж буй нь хатуухан хорвоогийн буулга зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу болохыг сануулж байна уу гэлтэй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дайсан олонтой ч нөхөр юм. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн алдаа оноог дэнслэх нэрээр дайснууд нь хажуу хавирганых нь бүхий л хүмүүсийг оролдож эхэлсэн нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь өгүүлснээр тухайн үед өөрийнх нь төлөө яахаас ч буцахгүй явсан “бөгс долоогчид”-ыг нь олонд илчилсээр байгаа юм.
Саяхан түүний шадар туслах явсан Б.Тулгыг бариад хорьчихлоо. Ямар үйлийн үрээр “экс” Ерөнхийлөгчтэй холбогдсоныг хэлэхэд эрт байна. “Цагдан хорих төв”-д морилсон түүнийг “Өргөө” зочид буудлыг хууль бусаар авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж буй билээ.
Түүний араас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр болон Н.Болормаа нарын нэр хууль хяналтын байгууллагад шалгагдах эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлж яваа дуулдана. Учир нь Н.Болормаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга байх үедээ буюу 2007 оны есдүгээр сарын 6-нд нийслэлийн өмчит “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг танилцуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт зөвшөөрчээ. Улмаар аравдугаар сарын 17-нд дахин тогтоол гаргаж “Өргөө” зочид буудлыг хувьчилж нийслэлийн өмчид 25 хувийг үлдээгээд, харин 75 хувийг “Хар дун” компанид шилжүүлж хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ хэрэг “экс” Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын дайсагналцлаас үүдэн ийнхүү сэргээгдэж байгаа аж.
Тухайн үед “Өргөө” зочид буудлын ажилчид болон удирдлагууд “Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр хууль бус. Ажиллаж байсан хамт олонд нь мэдэгдэхгүй ийм шийдвэр гаргаж болохгүй. Сонгон шалгаруулалт, тендер яагаад зарлаж болдоггүй юм бэ. “Хар дун” гэх компани аравдугаар сарын 10-нд байгуулагдаад долоо хоногийн дараа ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай мөртлөө энэ их хөрөнгийг бэлгэнд авлаа” гэхчилэн олон хэл аманд өртөж, багагүй асуудал үүсгэсэн аж.
Хэл амны бай “Хар дун” компани нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Ремиф” компанийн охин компани юм байна.
Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хэрүүл маргааны дунд Н.Болормаа хатагтай, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар хавчуулагдаж, сүрхий сандарч яваа сурагтай.
URL: