ХҮҮХДҮҮД ХААШАА АЛГА БОЛООД БАЙНА ВЭ

-Замын-Үүдэд охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсныг өчигдрөөс дахин эхлүүлжээ. Мэдээллээс харахад, Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байсныг дахин эхлүүлсэн байна-
14006

Хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ. Хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдлыг ярихдаа бид эцэг, эх, багш, эмч, цагдаад л бүх хариуцлагыг үүрүүлдэг. Тэгвэл монгол төр монгол хүүхдүүдийн төлөө юу хийж байна вэ. Одоогоос 10 хүрэхгүй жилийн өмнөхөн л төв зам, Сөүлийн гудамж дагаад маш олон хүүхэд гуйлга гуйгаад сууж байдаг байлаа. Тэр хавиар өдөр бүр явдаг хүмүүс тэдгээр хүүхдийг бараг таньдаг болсон байв.

Хүүхдүүд гуйлга гуйхаас гадна охид, бүсгүйчүүдээс шуудхан мөнгө нэхэж, өгөхгүй бол хөл гараас нь дүүжигнэн чаргуулдах нь өдөр бүр таардаг үзэгдлийн нэг байсан юм. Гадаад хүмүүсийг бол бүр андахгүй, замыг нь таглаж байгаад идэх юм, мөнгө гуйдаг байсан. Гэтэл одоо тэдгээр хүүхэд бараг байхгүй болсон. Одоо гээд ч байх юмгүй, бүр 2012 оноос л гуйлга гуйдаг хүүхэд эрс цөөрсөн.

Тэднийг үгүйлж, хайх ар гэр ч байдаггүй болохоор хэдэн ТББ, хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагууд л жаал ярьж, хөөцөлдөж байгаад чимээгүй болсон билээ. Олны дунд энэ хүүхдүүдийн тухай янз янзын таамаг яриа гардаг. Зарим нь хүүхдүүдийг эцЭг, эх нь олсон гэдэг бол нэг хэсэг нь томроод өөр тийш явцгаасан гэх нь бий.

Тэр ч бүү хэл Хятад руу гуйлга гуйдаг хүүхдүүдийг аваачиж хүний наймааны золиос болгосон, эд эрхтнийг худалдахын тулд хөнөөсөн ч гэж барим тавим ярьцгаадаг. Цагдаагийн байгууллагаас энэ талаар ямар нэгэн баримттай мэдээлэл өгсөн нь үгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд чимээгүй л алга болчихсон.

Энэ хүүхдүүд яг хаачсан юм бол

ЦЕГ-ын мэдээлснээр, 2014 онд л гэхэд хүүхэд алга болсон тухай 1,353 дуудлага цагдаагийн газруудад ирсэн аж. Гэхдээ эдгээрийн олонх нь төөрсөн, гэртээ очих цагтаа очилгүй тоглож өнжсөн, компьютер тоглоомын газруудад бүгсэн, найз нөхөдтэйгөө дарвиж зугаацсан нь тогтоогджээ. Үүнээс гадна эцэг, эхийн харилцаа таарамжгүй, архидалт, хүчирхийллээс болоод хүүхдүүд гэрээсээ дайжиж зугтаах нь ч олонтоо тохиолддог аж.

Өөрөөр хэлбэл, алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь олддог байх нь. Тэгвэл олдоогүй тохиолдол ч бий. Тодруулбал, 1988-2014 онд нийт 25 хүүхэд ор сураггүй алга болсон, өнөөг хүртэл олдоогүй ажээ. Яг юуны учир хаашаа алга болж, хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй, үхсэн, амьд нь ч мэдэгдээгүй байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цагдаад тэмдэглүүлэх ар гэртэй хүүхдүүдийн тухай статистик. Харин дээр бичсэнчлэн хорвоод эцэг, эхийн хайрыг үзэлгүй, хамгийн хатуу бэрхтэй бяцхан биеэрээ тулгарсан, буцах хаяггүй хүүхдүүд хэр олноороо үүрд алга болсныг хэн ч мэдэхгүй нь бололтой.

Гэтэл сүүлийн cap орчмын хугацаанд хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн хэрэг гарсан нь Д.Сэржмядаг хэмээх наймхан настай охин Замын-Үүдээс ор сураггүй алга болсон явдал. Боомт сумаас алга болсон түүнийг өмнөд хөрш рүү хулгайгаар авч яваад хүний наймааны золиос болгосон байх, үгүй бол хэн нэгэн сэтгэцийн өвчтэй этгээд хорьж байгаа гэхчлэн бүгд л таамаг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүгд л юу ч тохиолдсон бай амьд л байгаасай хэмээн залбирч байгаа билээ.

Хамгийн ноцтой нь, охин гэгээн цагаан өдрөөр, гэрээсээ сургууль хүрэх хүн хөлхсөн замаас ууршсан мэт алга болсон. Одоо Замын-Үүд, ойр хавийн сумд, суурин газруудыг бүрэн нэгжиж байгаа.

Гэхдээ ЦЕГ-аас охиныг эрэн хайх ажиллагааг БНХАУ-ын Эрээн хотод үргэлжлүүлж байгаа гэж ташаа мэдээлсэн нь хачирхалтай. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын Консулаас энэ талаар асууж тодруулахад, охиныг эрэн хайх ажиллагааны тухай албан бичиг, баримт, мэдээлэл огт ирээгүй гэх хариултыг өгсөн нь олныг гайхширалд оруулаад авсан. Түүнчлэн Хятадын талаас ч охины талаарх мэдээлэл өгөөгүй энэ талаар мэдэхгүй, сонсоогүй гэх хариултыг Консулын ажилтан өгсөн гэсэн үг.

Тэгвэл Замын-Үүдэд охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсныг өчигдрөөс дахин эхлүүлжээ. Мэдээллээс харахад, Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байсныг дахин эхлүүлсэн байна. Харин нийслэлд тухалсан дарга, даамлууд сураггүй болсон охинд санаа тавих байтугай сандал суудлын тэмцэлдээнд улс орныг чирэгдүүлэх маягтай л сууцгааж байгаа.

Өнөөдөр төр, засгийн хэмжээнд хэн сайд болох, төсвөөс яаж багц суулгах, МАН-ын дарга хэн болох, тохироо наймааг яаж хийх гэсэн сэдвээс өөр зүйл амнаасаа ганцыг ч унагаасангүй. Цагдаа, тагнуулынхан ч харилцан хэрүүлийн мэдэгдэл хийж, нэг нь суудлаа алдаж, нөгөө нь элдвээр хэлүүлснийхээ хариуг хэвлэлээр дайцгаахаас хүүхэд хүчирхийлүүлж амиа алдсан, хүүхэд сураггүй болсон тухай нэг ч үг амнаасаа унагаасангүй.

Гэтэл Д.Сэржмядаг охиныг эрэн хайх явцад 2017 онд 70 гаруй хүүхэд алга болсон гэх мэдээлэл нийтэд цацагдсан билээ. Энэ мэдээлэлд эцэг, эхийн хайнга байдал болон цагдаагийн байгууллагын хариуцлагагүйг шүүмжилсэн байсан. Гэтэл ЦЕГ-аас тун яаравчлан мэдэгдэл гаргаж, 2017 онд сураггүй болсон хүүхдүүдээс 24 нь олдсон гэв. Нэр төрөө хамгаалах болохоор ийм шуурхай, шийдвэртэй хандах атал хүүхдийг эрэн хайх ажиллагаанд яагаад тийм алдаа гаргасан нь хачирхмаар.

Цагдаагийн өгсөн мэдээллээс харахад, олдсон гэх 24 хүүхэд тоглоомд донтсон, гэр бүлийн байдлаас болж дайжиж зугтсан хүүхдүүд байсан гэнэ. Тэгвэл үлдсэн 46 хүүхэд өнөөг хүртэл олдоогүй гэсэн үг байх нь. Эдгээр хүүхэд хаачив. Газрын гаваар орчихсон мэт алга болцгоосон нь ямар учиртай вэ.

Хүүхдийн төлөө газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЦЕГ, Батлан хамгаалах яам, ер нь хүүхдийг харж хандах, асуудлыг нь хамаарах, цаашилбал иргэнээ хамгаалах байгууллага, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар яагаад чив чимээгүй байх болов. Эцэст нь хэлэхэд уул уурхай, ашиг сонирхол, төсөв бүрдэлт юу ч биш. Цаг зуурын л асуудал. Өнөөдөр яриад маргааш нь өөрчилж засаж болох шийдвэр.

Харин хүүхдүүд амиа алдаж, алга болж. хүчирхийлүүлж байгаа нь хэзээ ч зөвтгөж, засахын аргагүй алдаа. Иймд Монгол хүүхдүүдэд төр засаг хэрэгтэй байна. Тэд төрөөр хамгаалуулах шаардлагатай байна гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан дээдэст хүргэх байна.

Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих