Замын-Yүдээр зэрлэг адуу мэт чихэлдэн дайрах монголчуудын нэг өдөр

7site107:20 цаг: Замын-Үүд өртөөн дээр галт тэрэг дуут дохиогоо хангинуулсаар ирлээ.Цас бургасан өглөөний часхийсэн жаварт даарч, гутлын улыг товшиж зогссон хүмүүс ямар нэгэн юмнаас үргэсэн мэт гүйлдэж эхлэв. Төд удалгүй галт тэрэгний хаалга онгойж,яарч сандарсан хүмүүс цувна.

Ачаатай нь ачаагаа үүрээд, авч яваа цүнхтэй зүйлээ даахгүй нэгэн нь газарт чирч гулдарсаар Замын-Үүд өртөөний урд талын талбай руу гүйлдэнэ. Нам гүмхэн байсан Замын-Үүд сумын төв галт тэрэг ирэхтэй зэрэгцэн амь орж, энд тэндгүй автомашин давхилдаж гарлаа. Өртөөний урд талын талбай дээр “Яг одоо Эрээн гарна. Нэг хүн аваад явлаа. Одоо шууд явна. Алив наашаа хүрээд ир. Миний машинд суучих” хэмээн эмэгтэйчүүд голдуу хашгиралдах. Мөн навсгар “УАЗ 469” машин энд тэндгүй хаазалж, ян хийтэл тормос гишгэх нь тэндхийнхэнд байдаг л үзэгдэл гэлтэй. Хүн дүүртэл суулгасан “УАЗ 469”, том оврын автобуснууд өмнө хойноо ороод зорчигчдын хүрэх зүг рүү уралдаж гарлаа. Ёстой л автомашины уралдаанд орж байгаа юм шиг л улаан галзуу “амьтад” давхилдаж эхлэв. Зам дээр нэгнийгээ шахаж зогсоох, засмал замын хажуугийн шороон замаар тоос татуулан давхилдана. Засмал зам дээр зэрэгцээд “уралдаж” байсан хоёр 69 мөргөлдчихдөг юм байна. Тар няр хийгээд л явчихлаа. Бор өнгийн ногоон “бартак”-тай УАЗ 469 машины жолооч замын хашлага руу дарчихав. Хурдтай явж байсан болоод ч тэрүү гуйвж дайваад замын урд талын овгор шороонд тулаад зогслоо. Хэрэв тэр овгор шороо байж таараагүй байсан бол арав гаруй хүн чихээд суулгачихсан бор ногоон өнгийн “69” замын хажуу руу онхолдож, олон хүний амь нас эрсдэлд орох байв. Харин нөгөө цагаан саарал өнгийн “супер” УАЗ 469 машины жолооч бууж ирээд “Яасан бэ. Зүгээр үү” гэж жолооч руу хашгирлаа. Нөгөө жолооч “Замын хажуу руу орчих шахлаа ш дээ. Таны баруун талын толь байхгүй хэвээрээ байгаа юм уу.

Баруун талаар чинь орохоор шахаад байх юм. Хаалганы будаг халцраад уначихсан байна. Замасктай байсан юмаа. За за хөдөллөө шүү” гээд эргэв. Цагаан саарал УАЗ 469 машины жолооч машинаа асаагаад хөдөллөө. Тэд бие биенийгээ шахаж, онхолдуулах шахснаа юман чинээ санаж байгаа юм алга. Зөвхөн хэдэн машины урд гарч зогсоод хилээр эрт гарахыг л бодож байгаа нь тэр гэнэ. Багцаагаар 300-400 орчим УАЗ 469 маркийн автомашин, найман том оврын автобус болон бусад төрлийн автомашинууд эгнээд зогсчихжээ. Хилийн боомтын хаалганаас хоёр километр орчим газарт түгжрэл үүсчээ.Замын-Үүд сумын өглөөний буцалсан их амьдрал ингэж л эхэлдэг юм байна.

Хилийн цэргийн алба хаагчид зохицуулалт хийж, “Та нар яагаад үхэх гэж байгаа юм шиг дайраад байгаа юм бэ. Эгнээндээ ороод яв. Чи дээр бас яг ингэж дайрч байгаад л орсон биз дээ. Одоо чамайг оруулахгүй. Харж байгаарай чи” хэмээн жолооч нарыг загнах. Замын эсрэг урсгалыг хүртэл хаагаад зогсчихсон машинуудыг 08:00 цагаас эхлэн арав арваар нь хилийн бүс, боомтын хашаа руу нэвтрүүллээ.

Арван УАЗ 469 боомтын хашаанд зогслоо. Дотроос нь хүмүүс хил рүү штамб даруулахаар гүйлдэнэ. Машины жолооч мөн л хар гүйхээрээ гүйгээд явах юм. Мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч нар урт төмөр барьчихсан машин бүрийг хэдэн талаас нь тогшиж үзээд л яваад байх ажээ. “Чи эртээр баахан чулуу ачсан байсан. Одоо юугаар машинаа “цэнэг”-лэчихээд зогсож байгаа бол. Бас болоогүй ээ. Судар ном, модон авдар, бурхан тахил хүртэл гаргадаг шүү” гээд л машиныг нь хайр найргүй саваа төмрөөр будгийг нь халцартал тоншоод байх. Жолооч нь толгойгоо илээд “Өнөөдөр юу ч байхгүй ээ. Зүгээр л ачаа ачаад гарна” гэж хариулах ажээ. Замын-Үүд хилийн боомт дээр хамгийн их зөрчил гардаг. Байгалийн баялаг үнэт чулуу, амьтны эд эрхтэн, арьс үс, хөлдөөсөн чоно, үнэг, соёлын хосгүй үнэт зүйлс, малын мах, алт, самар, ховор ургамал гээд л байж болох бүхнийг БНХАУ руу хууль зөрчин хилээр гаргаж, худалдан борлуулдаг сүлжээ хэд хэдэн бүлэглэл бий гэгддэг. Гэхдээ эдгээр зүйлсийн ихэнх нь Замын-Үүд Эрээний дунд явах эрхтэй навсгар “69”-т ачигдаад хилээр гардаг байна. Мөн энэ хэрээр хил гаалийнхан ч зөрчил илрүүлдэг. Монголын хилийн урд үүд хаалга болсон Замын-Үүд хилийн боомт үдийн 13:00 цаг хүртэл чөлөө завгүй ажиллах ажээ. Хил гаалийнхны хэлж байгаагаар Замын-Үүдийн хилээр өдөрт 5-7 мянган хүн орж гардаг юм байна. Мөн хоёр улсын хилээр зорчих эрхтэй УАЗ 469 маркийн 1248 авто машин бүртгэлтэй байдаг аж. Үүнээс өдөр бүр 800 гаруй нь өглөө Монгол Улсын хилээр гардаг. Орой нь дүүрэн ачаатай буцаад орж ирдэг байна.

ХИЛЭЭР ГАРЧ БАЙГАА БҮХ УАЗ 469 “ЦЭНЭГТЭЙ” БАЙДАГ

Бид улсын хилээр зорчигч тээвэрлэж, бараа ачдаг машины жолооч нартай уулзлаа. Хилээр нэвтрэх ээлжээ хүлээн сэлгүүцэн зогсож байгаа жолооч нар ийн ярьсан юм. Хил гаалийнхан байсхийгээд л жолооч нараас мөнгө татдаг байна. Жишээ нь “Хилийн боомт дээр бие засах газар барина. Энд тэндгүй өтгөн, шингэн болчихоод байна” гээд л мөнгө хураасан аж. Гэвч жолооч нараас хураасан 140 гаруй сая төгрөгөөр барьсан хэмээн яригдаж байгаа бие засах газар нь 20 сая ч хүрэхгүй өртөг зардлаар баригдсан гэнэ.Энэ тухай “Хилийн цэргийн алба хаагчид нүхийг нь ухаж өгсөн. Тэр нүхэн дээр нь Эрээний хамгийн хямдхан бараа зардаг чанаргүй газраас эд материал авчирч тавиад л болоо. Ингээд үлдсэн мөнгийг нь хил гаалийн дарга нар хуваагаад идсэн байх” хэмээн хардацгааж байлаа. Бид жолооч нараас машиндаа хууль бусаар эд зүйлс хэрхэн авч хилээр нэвтрүүлдэг талаар асууж тодрууллаа. Олон жолооч энэ асуултад хариулт өгөхийг хүссэнгүй. Харин Ч.Д гэх жолооч энэ талаар цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Өнгө үзэмжгүй УАЗ 469 машинаар хүн, ачаа зөөгөөд олон жил болж байна уу. Машинаа сольж, болдоггүй юм уу?

-Мэдээж боломж гарвал хуучны навсгар машинаа солиод ая тухтай, паар хэвийн ажилладаг машинтай болмоор л байна. Гэхдээ машинаа солихгүй байгаа хэд хэдэн шалтаг шалтгаан байна шүү дээ. Нэгдүгээрт, орос ах нарын үйлдвэрлэсэн УАЗ 469 шиг ачаа даадаг бөх машин хаана ч байхгүй. Япон, Солонгос ачааны машин хилээр бараа зөөж байна. Гэхдээ хоёр, гурван сар болоод л эвдэрчихдэг. Харин 69-д бол орж л байвал пиг дүүргээд бараа ачаад ирдэг. Ёстой юу л бол юуг ачна. Тэр болгонд ганцхан “69” л гарын ая дааж байна. Мөн хилийн наана цаана гарахдаа хоорондоо уралддаг. Бүр мөргөлдөж, шүргэлцэх ч тохиолдол байна. Тэр болгонд өөр машин бол тараад уначихна. Бидний унаж байгаа машин ерөөсөө л чулуу шиг бөх. Хэдэн талаасаа мөргүүлчихсэн байхад хонхойж цөмөрчихсөн газрыг нь алх, лантуугаар цохиж гаргаад болчихдог. Гаднаас нь харахад навсайсан, өнгө үзэмжгүй, хэзээ мөдгүй тараад унах гэж байгаа юм шиг л харагдаж байгаа байх. Үнэн хэрэгтээ бидний амьдралыг залгуулж байгаа ганц унаа шүү дээ.

-УАЗ 469 машины энд тэнд гагнуур хийгээд ховор ургамал, чулуу гээд л олон зүйлийг хийгээд хилээр гаргадаг гэсэн. Үнэн юмуу. Таны машин гэхэд хаанаа тоноглол хийчихсэн байгаа вэ?

-Нуугаад байх зүйл байхгүй. УАЗ 469 машиныг цэнэглэдэг хэдхэн арга байгаа. Миний машин гэхэд үндсэн шалан дээр нь нимгэн төмөр тавиад давхар шал хийчихсэн. Багцаагаар 15 см хэмжээний зай гаргаад дахиж шинэ шал хийгээд дээр нь резин тавьчихсан. Гаднаас нь харахад хэн ч анзаархааргүй байгаа биз ээ. Мөн машиныхаа дотор талын доторлогоог боолтоор нь тайлаад авчихдаг юм. Тэгээд ерөөсөө л юм орж болох бүх газар руу нь чихээд хийчихдэг. Ховор ургамал болох дэрэвгэр жирэвгэр, таван салаа, эгүүшин, үнэт үзмэн мана, гартаам, халтар мана гэх мэт чулуу, ховор амьтны арьс үс гээд л хилээр гаргаж болох бүх зүйлсийг энэ хэдэн УАЗ 469 машин гаргадаг юм.

Саяхан гэхэд хэдэн мянган судар хилээр гаргасан. Тэр үед жолооч нар уймраа ногоон хувцас бүгд өмссөн. Судараа халаас болгон руу нь хийсэн. Машиныхаа орж болох бүх зүйл рүү хуйлсан цаасан судар хийгээд гарсан даа. Машинаа дүүргээд хилээр гарвал бидэнд монгол мөнгөөр 250 мянган төгрөг өгнө гэсэн. Арван удаа хилээр зөөгөөд 2.5 сая төгрөг авсан. Жолооч нарын зөөсөн судар эрээн хотын нэг өрөө байрыг тэр чигт нь дүүргэсэн. Бүр манайхны хүмүүсээр урагдсан урагдаагүйгээр нь нөгөө судраа ялгуулсан шүү дээ.

-Эрээнээс бараа ачаад ирэхдээ гаалийнханд худлаа мэдүүлэг өгдөг гэсэн. нэг нэгээр нь шалгах боломж байхгүй болохоор нь багаар хэлдэг юм уу?

-Хаа хаанаа л амьдрал шүү дээ. Жижиг гарын бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс Эрээнээс бараа татаж байна. Тэд хайрцаг болгонд янз бүрийн бараа хольж хийгээд скочоор битүү наачихдаг. Орой болоод хил хаах үеэр хэдэн зуун машин ороод ирдэг. Нэг бүрчлэн шалгах ямар ч боломж байхгүй. Гаалийн байцаагч нар бүх барааг шалгах боломж байхгүй. Наймаачид гаалийн татварт бага мөнгө өгөхийн тулд худлаа мэдүүлэг өгдөг. Тэгээд газар дээр нь хянаж байгаа гаалийн байцаагчид хэдэн төгрөг гарт нь атгуулдаг. Тэгээд л юмаа хилээр оруулна. Атгуулахгүй бол оруулахгүй цаашлаад устгуулах ч эрсдэлтэй. Олон жил иймэрхүү байдалтай байна шүү дээ” гэв.

14:00 цаг: Замын-Үүд хилийн боомт нам гүмхэн болов. Өглөөнөөс дугаарлан зогсож байсан бүх машиныг хилээр гаргаж дуусав. БНХАУ-ын талаас хүнд даацын, бараа ачсан машин хоёр гурваараа орж ирж, гаалийн мэдүүлгээ өгөх ажээ. Нэг машинд барилгын материал, сав суулга, цахилгааны утас гээд л олон төрлийн зүйлс ачсан болохоор нэг бүрчлэн шалгаж гаалийн мэдүүлэг өгөх боломж үнэндээ гаалийнханд алга байна. Тиймээс гаалийн байцаагч ачааны машины нэг талын тэвшийг дээш нь сөхөж байгаад нүдэн баримжаагаар бүртгэл хийдэг юм байна. Ингээд ачааны эзний хэлснээр бүртгэл хийгээд явуулчихдаг ажээ. Өглөөнөөс хойш чөлөө завгүй ажилласан хил, гаалийнхан хоорондоо ярьж инээж хөхрөлдөн элдвийг ярилцан суух юм. Экспортын хяналт дээр илэрсэн зөрчлийн талаар өөр хоорондоо ярилцаж байлаа. Бүр “Одоо тэр машиныг сайтар шалгаарай. Хятадаас гарал үүслийн бичиг байхгүй алим оруулж ирнэ гэсэн шүү. Мөн хачигтай алим, өттэй жимс орж ирнэ. Үүнийг лабораторийн шинжилгээгээр тогтоогоорой” гээд л үүрэг чиглэл өгөн ажиллаж байлаа. Сүүлийн жилүүдэд хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй улаан хачигт алим, химийн бодис их хэмжээгээр агуулагдсан жимс зэрэг зүйлс орж ирэх нь ихэсч тэр бүрт илрүүлэхийг хичээж, илрүүлж байгаагаа онцолж байсан. Мөн БНХАУ-ын хилээр их хэмжээний хар тамхи оруулж ирэх зөрчил байнга гарч байгаа гэсэн. Хамгийн сүүлд гэхэд хар тамхи их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж оролдсон бүлэг залуусыг манай хил гаалийнхан илрүүлсэн байна. БНХАУ-ын хилийнхэн манай улс руу гарч байгаа их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэхгүй атлаа манайхаас гарч байгаа хар тамхийг бол шууд илрүүлдэг тухай ярьж байлаа.

16:00: Нар баруун уулын цаагуур орж харуй бүрий болох үеэр БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтоор хэдэн зуун ачаа дүүртэл ачсан УАЗ 469 маркийн автомашин давхилдсаар улсын хил дээр тулж ирлээ. Ямар нэгэн зүйлд хөөгдөж байгаа юм шиг л улаан галзуу давхисаар ирцгээх юм. Төд удалгүй хилийн хаалга онгойж, боомтын хашаа дүүрэн машин болох аж. Энд тэндгүй хар утаа суунаглуулан паржигнан хаазлах машины дуу хадаж байлаа. Жолооч нь өөрөө арай гэж багтаж, бусад зай талбай бүртээ битүү бараа ачсан машин хаашаагаар дүүрчээ. Бүр хайрцагтай бараа нь бардаакаа түрээд овойчихсон “69” зогсож байх аж. Хэн нэгнийхээ урдуур орохын тулд хашлага цөм дайрах, явган хүний зам, авто пүүний жижигхэн зай гээд л бүх газарт эмх замбараагүй чихэн орох аж. “Хурдан бүртгээд гаргаачээ. Галт тэрэгнээсээ хоцорлоо. Яасан их уддаг юм бэ. Битгий ингэж хүнд суртал гаргаж бай. Чи юуг нь шалгадаг юм. Мөнгөө аваад л бүртгэл хийсэн болоод гарга” гээд л уурлаж уцаарласан жолооч, наймаачид хэрүүл тэмцэл хийн хашгиралдах ажээ. Машин нь асахгүй байгаа нэгнийхээ машиныг шууд араас нь мөргөөд түрээд давхихыг оролдож байгаа нь ч байв. Урд машинаа мөргөөд дөрөв таван машин ар араасаа мөргөлдөх осол Замын-Үүд дээр жирийн үзэгдэл болжээ. Монгол Улсын хамгийн том хил иймэрхүү л дүр төрхтэй, эмх замбараагүй байдалтай байна.

ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛИЙН БООМТЫГ АВЛИГА АВАХЫН ТУЛД ӨРГӨТГӨЛ ХИЙДЭГГҮЙ

Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөх шаардлага нэгэнт бий болжээ. Хоёр эгнээгээр хэдэн зуун машин чихэлдэн орж байгааг таслан зогсоох шаардлага байна. Гэсэн ч хил гаалийнхан авлига хээл хахууль авахын тулд боомтын хашааг тэлж, орж, гарах гарцыг нэмэгдүүлдэггүй гэх олны яриа байсан юм. Хэрэв нэгэн зэрэг олон машин орж, гардаг гарц хаалгыг нэмэгдүүлэх юм бол авлига хээл хахууль алга болно. Харин одоо бол чихэлдэж, түгжирч байгаа машинуудад хурдан үйлчилж байгаа нэрийн дор төрийн алба хаагчид авлига авдаг юм байна. Олон машиныг зэрэг шалгах цаг хугацаа, хүн хүчгүй учраас шалгалт муу хийгдэж байна гэх тайлбарыг дээд газартаа өгдөг. Харин хөрсөн дээрээ хилээр бараа ачаад орж ирж байгаа машин бүрээс “Чи бараагаа нуулаа. Одоо энд бүх барааг чинь дэлгэж шалгана” хэмээн ууртай хэлж, тэгж ажил болохгүйн тулд наймаачид мөнгө өгдөг тогтолцоо Замын-Үүдийн гааль дээр “нутагшжээ”.Өнгөрсөн жил гэхэд АТГ-ынхан гаалийн 20 гаруй байцаагч авлига авч байгааг илрүүлсэн. Уг нь 100 сая хүрэхгүй өртөгөөр л хилийн боомтыг бүрэн өргөтгөл хийж, олон машинд зэрэг үйлчлэх гарцыг нээх бүрэн боломжтойг албаныхан хэлж байгаа юм.

Монголын хамгийн олон хүн үйлчлүүлж байгаа Замын-Үүдийн зах замбараагүй нэгэн өдрийн ажил 21:00 цагт дуусч, хилээ хаадаг юм байна лээ. Маргааш өглөө дахиад л хэдэн зуун машин улаан галзуу хилийн зүг давхилдсаар ирцгээнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

dnn.mn


URL:

Нэр: busaan Огноо: 22 November 2017

MEDEHGUI HUN SHOKOND OROH YUM BNA HOORHIIDOO ZAILUUL ED NAR

Сэтгэгдэл бичих