Т.Галсан: Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан

13090

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсантай  эх хэлний сэдвээр ярилцлаа.

-Та сайхан намаржиж байна уу?

-Өвөл жаахан эрт ирлээ. Зунжингаа зугаалавзай, намаржингаа найрлавзай, хаваржингаа гаславзай гэж өвлийн өвгөн жаахан эрт цас жавраа явуулсан байна. Гэхдээ манайхан алзахгүй ээ.

-Эх хэл гэдэг өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн хамгийн том соёл юм. Гэвч өнөөдөр энэ уламжлал алдагдах боллоо?

-Ярилцлага өгөхөөр ирэхийнхээ өмнө юу ярих тухайгаа их бодсон. Тэгээд ойрын хоёр сард хэвлэл мэдээллийн салбараар гарч буй зохисгүй, буруу үг хэллэгийн тухай яръя гэж шийдлээ.

Энэ нь алдаа бүхнээсээ ангижирч, амжилт бүтээлээ бататгахаар тэмүүлж буй энэ цаг үед нийцэх байх. Одоогоос 60 жил 15 хоногийн өмнө их говийн дундах хамгийн өндөр алтайн уулсын оргил Их богд хайрхан шилгээсэн юм. Тэгэхэд ард түмэн их сандарсан. Америк нь атомын бөмбөг гэдгээ шидчихэв үү. Ах нар минь ялагдчихав уу. Нэг юм боллоо гээд л. Энэ үеэр хайрхны дээгүүр царцаа ногоон онгоц нисэхэд нулимсаа арчиж, сүү цайныхаа дээжийг өргөсөн.

Бид чинь төртэй, эзэнтэй юм байна гэж баярлаж байсан сан. Богд сумын төвөөс гуравхан саахалтын газарт өнөөх онгоц буулаа. Улсын комиссын дарга Д.Майдар ширвээ урт сахал, савхин дээлтэй. Эрдмийн зэрэг цолгүй атлаа энэ дэлхийд танигдсан их эрдэмтэн О.Намнандорж гуай, өнөөх одон орон судлалын С.Нинжбадгар зэрэг хүмүүс буухад газар хөдөлжээ гэдгийг сая л ард түмэн мэдсэн.

Тэд ирэхдээ Их богд, Зүүн богд, Дулаан богдын дээгүүр нисэж, 270 км буюу есөн өртөө газар, газар цуурсныг, хэдэн мянган мал, араатан амьтан хаданд дарагдсаныг үзчихсэн байсан. Үүний учрын зангилааг тайлахад тухайн үеийн дарга нар Богд гэдэг нэртэй уул байх учиргүй. Нэрийг нь соль. Уул ус хамаагүй, хашаа хороо барь гэжээ. Үүнээс болж лус савдаг хилэгнэлээ гэж нутгийн буурлууд ярьж байсныг би ортой болов уу гэж бодож байна. Үүнтэй адил саяхан Отгонтэнгэр хайрханд осол боллоо.

Ө.Энхтүвшин тэргүүтэй, цэц очиход төр засаг маань яст мэлхий шиг хөдөлж яддаг биш, цаг мөчтэй уралдан авралын гараа сунгах бяртай байгаа юм байна гэж ард түмэн дүгнэсэн. Энэ осол юунаас болов гэтэл цус ойртсон хэвлэл мэдээллийн салбарууд хавтангийн гулсаа гэж ярьж, бичсэн. Монгол хэлэнд хавтан гэдэг үг байгаагүй. Хавтгай гэдэг үг байсан юм. Жишээ нь манай ард түмэн гэдсэнд байдаг шимэгч хорхойг хавтгай хорхой, мөр нь говиор нэг хавтгай тамга болчихдог зэрлэг тэмээгээ хавтгай гэдэг.

Гэтэл Орос ах нар Улаанбаатар хотыг түргэн хөгжүүлж, олон барилгатай болгохын тулд угсармал хийцийн үйлдвэр байгуулсан. Тэндээс барилга барих бүтэц хэвлэдэг болжээ. Үүнийг хавтан гэж нэрлэснээр энэ үг гарсан юм. Өнөөгийн хэлний гажуудал эдгээр шинэ бүтээгдэхүүний нэр томьёоноос гадна орчлон ертөнцөд болж буй үйл явдлыг англи хэлнээс бүдүүн тоймыг нь авч, хэн дуртай нь буруу зөрүү орчуулж, нэр өгч байгаатай холбоотой. Энэ бол хүний зажилсан бохийг газраас авч зажлах шиг бүдүүлэг явдал юм. Хэрэв осол хавтангийн гулгаанаас болсон юм бол Отгонтэнгэр хайрхан чинь угсармал байшин болж хувирч байна. Хайрханыг ингэж гүжирдэж байгаа нь өөрөө хилэнцтэй юм шүү.

-Тэгвэл энэ ослын тухай юу гэж мэдээллэвэл монгол хэлзүйд нийцэх ёстой байсан бэ?

-Үг зүйн хувьд монгол жангарт зулайн хэсгээс нь цас гулсвал өрх хийслээ. Чээжин талдаа цас гулсвал цаваг сэгсэрлээ. Бэл рүүгээ болохоор туурга гулслаа гэж тайлбарласан байдаг. Монгол хүн их ус, их гал, уул савдгийг басдаггүй. Үүнээс хойш эрхэм сэтгүүлч, бичгийн мэргэд хэл шинжээч, эрдэмтэн мэргэд минь хайрхны өрх хийслээ. Эсвэл цаваг сэгсэрлээ, туурга гулслаа гэж хэлж, бичих нь зөв юм.

Ахмад үе нь мэддэгээ хэлж өгч, залуу хойч үе нь түүнийг нь өвлөн залруулж байх шаардлагатай үед бид ирчхэж. Саяхан “Залуу манлайлагч” гээд телевизийн нэвтрүүлгээр өмнө нь Гэгээрлийн сайд байсан нэг эрхэм их эвгүй үг хэллээ. “Би хойно сурч байлаа. Гэтэл миний том ах” гэнээ. Өндөр Гонгороос өндөр, сумо бөхөөс бүдүүн хүнийг л том ах гэнэ дээ. Гэгээрлийн сайд хүн ууган гэж ярих нь зүйтэй. Цааш нь “Аягүй гоё зөвлөгөө өгсөн” гэв.

Аягүй гэдэг үг нүдээрээ харшгүй, хэлээрээ долоошгүй хамраараа үнэрлэшгүй, гараараа барьшгүй зүүдэндээ үзэшгүй, сэтгэлдээ бодошгүй зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг гоё гэж дүгнэх нь эрүүл сэтгэхүй мөн үү. Төрийн сайд, тэр дундаа Гэгээрлийн сайд байсан хүн ингэж ярихаар яах вэ. Тандвал нэгэн том гүрэнд эх орноо төлөөлсөн Элчин сайдаар очих бололтой. Тэр гүрэн манайхтай адил хүнийг үгээр нь шинждэг. Тэгэхээр энэ мэтийн утгын алдаатай үгээр яривал монгол үндэстэн доромжлогдоход хүрнэ гэдгийг хүүхдүүд болон төрийн эрхэм түшээд минь бодууштай.

-Аягүй, аймар гэсэн үгийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Энэ нэг ёсны монгол хэлний эмгэнэл, мөхөл байх нь ээ?

-Манай ерөнхий боловсролын сургуулиудад үгний үг зүй, утгазүйг буюу хэрэглээний үгний тухай үздэггүй. Хэлний дээд зэргийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хэл шинжлэлийн нарийн хичээлийг үзэх юм. Энэ нь хурга хариулах ёстой хүүхдийг сансарт нисгэсэнтэй адилхан. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг далий зурна, шулуун зурна гээд монгол хэлний хичээлийг зургийн хичээл болгочихсон. Үүний оронд үгийн утгыг сэнхрүүлэх ёстой. Шинэ сайд энэ тухай анхаарах байх гэж найдаж байна.

Өмнөх сайдын үед Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихсан. Энэ хичээл чинь эх хэлний уран чадварын есөн эрдэнийн цогцолбор шүү дээ. Заагаад сурахгүй байгаа хүүхдүүд яаж бие дааж сурах вэ. Энэ нь гадаад хэлний хичээлийн цагийг уртасгах бодлоготой холбоотой гэж би харж байна. Мөн элсэлтийн шалгалтад монгол хэлээр шалгалт авна. Гэхдээ оноо өгөхгүй гэжээ. Энэ нь эх хэлээ муухайгаар доромжилсон явдал.

Ширээ атны үнэтэй үнэлгээг шалзандаа бариулчихсан ишигний үнэлгээгүй болгож байна. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэлний хичээлээр яах вэ гэсэн бодол төрнө. Харин 2018 оноос үүнийг залруулна. Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой нь эх хэлний шалгалт болгоё. Монгол хэлний шалгалтаа давсан хүүхэд дараагийн шалгалт өгөх эрхтэй болно гэж ярьж байсан. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Манай урлагийнхан дунд ч марзганасан яриагаар хүмүүсийг инээлгэх оролдлого их байх шиг ажиглагдах юм?

-Ялангуяа хошин урлагийн жүжигчид гэж бөөн авьяас мөртөө хүн инээлгэхийн тулд марзганасан үг хэллэг хэрэглэх юм. Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан гэсэн бодол бага харагдаж байна. Ийм үг, шүүмжлэл сонсож байгаагүй учир аргагүй. Хэрэв зааж, сургавал тэд энэ алдаагаа засаж чадна.

-Дэлхийн бусад үндэстнүүд эх хэлээ яаж хайрлаж, хамгаалдаг юм бэ. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал шүү дээ?

-Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэлзүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчхоод байна.

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй нөхөд эх хэлний хууль санаачилсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн н.Шинэбаяр зэрэг залуу эрдэмтэд оролцож, хэрэгжүүлсэн. Үүнийг амьдралдаа хэрэглэж хэвшмээр байна. Саяхан Зөрчлийн тухай хууль гарлаа. Энэ хуульд хэлний зөрчлийн тухай багтаагүй нь тоогүй.

-Эх хэлээ авч үлдэх хамгийн том боломж юу юм бэ. Залуус бид юуг анхаарах ёстой вэ?

-Хүн бүхэн би монгол хүн гэж бодох хэрэгтэй. Монгол хүнээ батлах хамгийн том шалгуур нь монголоороо сэтгэж, ярьж, чаддаг байх. Саяхан “Өгөх өдөр” –ийн тухай ярьж байгааг сонслоо. Гэтэл дунд сургуулийн хөвгүүд охидоо өнөөдөр өгөх өдөр шүү дээ, хайртайгаа баталчих  гээд хоргоох хандлагатай. Энэ үг нэгэн хүн арьс нь ясан дээрээ тогтчихсон, үхэх гэж байхад нь нутгийн улаан арьст индианчууд тусалж, явахад нь хүнсийг нь бэлдээд өгсөн тэр буяныг бодож өгсөн нэр юм. Үүнийг англи хэлнээс нь шууд “Өгөх өдөр” гээд орчуулчихсан. Үндсэндээ өглөг буяны өдөр гэсэн утгатай юм.

-Өнөөдөр монгол гэсэн нэрнээс цаашгүй, хэтэрхий гаднын соёлыг шохоорхсон залуус их болжээ. Та үүнд шүүмжлэлтэй ханддаг байх?

-Эх хэлээрээ ярьж чаддаггүй хүн золбин гөлөгтэй адилхан. Энэ бол эмгэнэлт хувь заяа. Ирээдүйд чи Монгол Улсын төрийн түшээ сайд ч болж магадгүй. Тэр үед ард түмэнтэйгээ эрлийз хэлээр яривал чамайг дор нь нулимж, өлмий доороо дэвсээд, өсгийгөөрөө нитгэрэх болно. Чи ард түмнээ эх хэлээрээ л хураана. Манай үе, үеийн төрийн тэргүүнүүд их этгээд шүү.

Харин шинэ ерөнхийлөгч Х.Баттулга хүний бичсэн үг уншихгүй, ярьж болоод байна. Б.Ренчин багшийн хэлснээр ээжийнхээ цагаан сүүтэй хөхөж өссөн энэ хэл өөрөө амь юм. Бусад хэл эрдэм сурч, нүд нээхэд хэрэгтэй жигүүр юм гэдгийг залуус та нар санаж явууштай.

-Эх хэлээ хөгжүүлэхийн тулд ном унших шаардлагатай. Гэвч ингэж боддог хүн их цөөхөн болж ээ?

-Номыг заавал өдөржин унших албагүй. Нэг өдрийн хэсэгхэн цагийг зарцуулахад хангалттай. Гэхдээ зүгээр уншаад өнгөрөхгүй. Урьд нь сонсож байгаагүй, содон үгнийхээ доогуур зурчхаж бай. Харин ой гутам, алдаатай үгний доогуур могойчлоод тахир зурах хэрэгтэй. Түүнийгээ ханьтайгаа, үр хүүхэдтэйгээ ярьж, зөвлөлд. Энэ бол монгол хэлэндээ гаргуун болохын эхний алхам юм. Хүний тархи гэдэг аливааг тунгаан бодож, тогтоох чадамжтай. Харин бид залхуураад тэр бүр тархиа ажиллуулдаггүй. Тэгэхээр шүлэг цээжилж бай.

Саяхан Эрдэнэт хотод нэг хүү ээжтэйгээ ирээд надтай зургаа татуулъя гэж байна. Тэгэхээр нь хамт зургаа татуулахад 100 мянган төгрөг гэсэн юм. Хүү жуумганаад, ээжээ танд мөнгө байгаа юу гэж байна. Хэрэв хүүхэд нь шүлэг унших юм бол үнэгүй зураг авхуулна гэсэн чинь хөөрхөн шүлэг уншиж өгсөн. Хүүхдийг багаас нь уран зохиолын ном, шүлэгтэй нөхөрлүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй.

-Гадуур байгаа цэцэрлэгийн заруудад гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж тодотгосон байх юм. Монгол хэлээ гүйцэд сураагүй энэ хүүхдүүдэд гадаад хэл сурах шаардлага байна уу?

-Энэ тухай хууль гаргах байх гэж УИХ-ын гишүүдэд найдаж байна. Монгол төрийн тэргүүн, харь газар цаазаар авхуулсан А.Амар сайд хүүхдэдээ 16 нас хүртэл нь харь хэл бүү сурга, сонсго гэж хэлсэн байдаг. Тэртээ тэргүй монгол хүн гадаад хэлийг өөрийнхөө хэлнээс илүү сурах чадамжтай. ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг орос хэлний мэргэжилтнүүдээс илүү ярьж байна гэж биширсэн.

Тэдгээр зар тавьсан нөхөд Монголоо биш орлогоо бодож байна. Саяхан багш нар ажил хаялаа. “Сурах бичиг муу байна. Хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчил, буруу бичих дүрмийг зөв бичих дүрэм болгож өгөөч” гэж шаардах байх гэсэн найдлага минь талаар өнгөрсөн.

-Б.Ренчин гуай эх хэлний тухай олон асуудал хөндсөн байдаг. Та багшийнхаа энэ үйл хэргийг хэр үргэлжлүүлж байна?

-Түрүүхэн үед Б.Ренчин багш ганцаарддаг байсан. Одоо нэг авууштай нь монгол бичиг мэддэг залуус олон болжээ. Тиймээс тэдгээр залуустайгаа хамтраад олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Саяхан нэгэн нэр хүндтэй сонины редакц хэд, хэдэн том алдаа гаргасан байна лээ. Нэр хүндтэй хэвлэл учир нэг удаа би өршөөе. Эрхлэгчид нь нэг алдаанд 10 мянган төгрөг.

Гурван алдаа гаргавал тус сэтгүүлч өөрөө өөрийгөө ажлаас чөлөөлөх шаардлага тавивал яасан юм гэхэд их таатай хүлээж авсан шүү /инээв/. Мөнгө авахдаа гол нь биш. Хэлний зөрчлийг ингэж дарах хэрэгтэй. Хэл эрүүлжвэл оюун сэтгэхүй эрүүлжинэ. Үүнээс улбаалаад улс Монголын мандан бадралд нарны гэрэл тусна даа.

-Үүний хамгийн ойрын жишээ таны “Жирмийн сүлжээ” цомирлог гэж бодох юм?

-Өндөр насыг наслах сайхан юм. Ертөнцийн аар саар жижиг явдлууд мартахуйн мананд баллуурдагдаад монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтөнд өгөх ёстой гэрийн даалгавар урд овойгоод ирдэг юм байна. Түүнийгээ хийж сууна. Энэ даалгаврын маань хамгийн том тайлан нь монгол ертөнцийн гурав юм. Дэлхий дээрх найман монгол язгууртнаас цуглуулахад гурван боть болж байна. Цаана нь дахиад хоёр боть бэлэн байна.

Үүнийг ШУА, хэл зохиолын хүрээлэн, их дээд сургуулиуд хийх нь яав. Очиж, очиж энэ муу Т.Галсан хийсэн байна гэж Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай матах маягаар магтсан байдаг.Үүнийгээ би ард түмэндээ өгөх ёстой өрөө нимгэлж байна гэж боддог. Замын-Үүдэд хүүхэд нь “Хүйтэн архи уушгинд хутга. Халуун архи элгэнд хутга. Аль ч архи аминд хутга” гээд уншаад байхаар аав нь архи амсахаа больчихлоо гэж н.Пүрэвсүрэн эмээ надад хуучилсан. Ертөнцийн гурав гэдэг ийм л хүнд хүрэх, үр өгөөжтэй нь энэ жишээнээс харагдаж байна.

-Ертөнцийн гурвыг манай улсаас өөр ямар оронд хэрэглэдэг вэ?

-Германы Зайдель гэдэг хүн ертөнцийн гурвын тухай дөрвөн дэвтэр гаргаад байна. Тэд зах зээлийн ухаантай, соёлтой хүмүүс учир эхлээд тандах судалгаагаар бага хэвлэжээ. Гүйлгээ нь ихсэхээр олшруулдаг юм билээ. Нөгөө талаар орчуулгынхаа алдаа мадгийг их хянадаг.

Ах нь МУИС-ийг 60 жилийн өмнө төгссөн оюутны хувьд, ард түмнийхээ ухааныг ууж өдий хүрсний хувьд, үлдсэн цөөн насаа хүн төрөлхтний соёлд Монголоос орох бүтээлд зориулъя гэж бодож, зүтгэж байна.

Ч.ГАНТУЛГА


URL:

Сэтгэгдэл бичих