Хэн хариуцлага хүлээх вэ
Одоогоос таван жилийн өмнө 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу харамсалтайгаар амиа алдаж байлаа. Дараа нь Хан-Уул дүүрэгт барилгын осол гарч нэг хүн бэртэж, нөгөө нь амь эрсдэж байсан бол авто замаар зорчиж байсан энгийн нэгэн жолоочийн дээрээс мөн л төмөр унаж, нэгэн гэр бүлийн өнчирүүлсэн . Үүнээс өмнө 12 настай охины дээрээс өргөгч цамхаг унаж аминд нь хүрсэн явдлыг бид одоо ч мартаагүй…
Манай улсад жилд 100 гаруй хүн барилгын ослоор болон барилгатай холбоотой ослоор нас бардаг гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Цөөн хүн амтай манай улсын хувьд энэ бол хэт өндөр тоо. Зуу зуун хүнээ зөвхөн барилгаас болж алдана гэдэг дэндүү их харамсал биш гэж үү. Хамгийн гол нь бид эдгээр хүмүүсийг амьд байлгах боломж байсаар байтал хэн нэгэн эрхтэн дархатны тушаалаар эсвэл хэнэггүй байдлаар, ашиг л олж байвал амь нас хамаагүй гэх амин үзлээс болж алдсаар байгааг бид хэзээ ойлгох вэ. Үүнд хэн хариуцлага үүрэх вэ.
Учир нь энэ бүх осол барилгын норм, стандарт, хөдөлмөр хамгааллыг мөрдөөгүйн улмаас л гардгийг албаныхан ч ард иргэд ч мэдсээр байгаа шүү дээ.
Гадны улс орнуудад ялангуяа манай улсын иргэд ихээр ажилладаг БНСУ-ын тухайд барилгын салбарынхан нь энэ чиглэлийн ажиллагаанд маш хариуцлагатай ханддаг. Тухайлбал, өглөө 07.00 цагаас ажил нь эхлээд 07:30 хүртэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааныхаа журмын талаар лекц уншдаг. 07:30 цагаас лекц дууссаны дараа тухайн ажилтанг барилгуудаар дагуулж явдаг. Зүгээр ч дагуулж явдаггүй. Энд ийм осол, аваар гарч байсан үүнээс ингэж сэргийлэх хэрэгтэй хэмээн байнга сануулна. Ингээд гарын үсгийг нь зуруулаад 08:00 цагаас ажилд нь оруулдаг жишигтэй. Өдөр бүр шүү дээ. Үүнийг хариуцаж, хийж гүйцэтгэдэг хүн бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер. Аюулгүй ажиллагааны инженер нь тухайн барилгын ажлыг шалгаад хүний амь нас эрсдэх, аюултай осол тохиолдохоор бол барилгын ажлыг шууд зогсоогоод алдаагаа зассаны дараа барилгын ажлыг үргэлжлүүлэх эрх бүхий албан тушаалтан байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн хариуцлагатай, чадварлаг албан тушаалтны хийж гүйцэтгэх ажил, үүрэг юм.
Гэтэл манайд барилгын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангаж ажиллах маш хариуцлагатай үүрэг хүлээсэн албан тушаалтан ажлаа хийж чадаж байна уу. Хамгийн чухалд тооцогдох энэхүү албан тушаалд орон тоо бөглөсөн хүмүүс л суудаг гэхэд хилсдэхгүй. Улсын байцаагч юм уу, цагдаагийн байгууллага шалгалт хийхэд л энэ орон тоог бөглөсөн нэгэн байх ёстой мэт. Өөрөөр хэлбэл манайд үйлчилж буй журам цаасан дээр л үйлчилсээр…
Саяхан гэхэд л барилгатай холбоотой хэд хэдэн осол гарч, хүний амь нас авч одлоо. Уг нь өвлийн цагт барилгын ажил зогсонг байдалд ордог ч улирлаас үл хамаарах ажлууд хийгдсээр байгаа. Харамсалтай нь мөн л хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсны улмаас эдгээр хүмүүс амь насаа алджээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн иргэн унаж амиа алдсан. Эдгээр иргэдийн хоёр нь газар дээрээ нас барсан бол хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан байдаг. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг шатны даац нь хэтэрсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлт гараад байна.
Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. “Прохит” ХХК-ийн цахилгаанчин тус дүүргийн иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагчид салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Эдгээр хүмүүсийн амь насаа алдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ. Үхсэн хүн үг хэлэхгүй гээд өөрсдөдөө тохоод үлдээх үү. Хэрэв тэдэнд аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангаж ажиллах нөхцөл бололцоогоор хангасан бол тэд өдийд хайртай хүмүүсийнхээ хажууд эрүүл саруул элэг бүтэн амьдрах сайхан байсан ч юм билүү.
“Мандала” хотхоныг “Монгол, Япон мэргэжлийн зөвлөх инженерүүдийн удирдлага дор Монгол ажилчид чанарын өндөр төвшинд орчин үеийн дэвшилтэт технологи, инженерийн шийдэлтэй хослуулсан, орон зайн оновчтой шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууц. Таны аюулгүй тохь тухтай амьдрах баталгааг Мандала хотхон өгч чадна” хэмээн сурталчилдаг. Тус хотхонгы барьж буй “Монкон Групп” барилгын салбарт ажиллаад 10 гаруй жил болж байгаа томоохон групп гэх. Гэвч барилгын хамгийн чухал ажлыг амжуулдаг цахилгаанчныхаа хөдөлмөрийн аюулгүй хангаж чадахгүй байгаа байгууллага 200 айлын аюулгүй тохь тухтай амьдрах баталгааг өгч чадах уу.
24tsag.mn
URL: