999 давуу эрх эдлэх үү

Таван толгой гэж юу вэ

Таван толгойн хувьцаа тараах маргаан УИХ-ын хэрүүл болтлоо даамжирч байна.
Энэ толгойд хувь эзэмшихийн төлөө АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон ид өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөний үрээр манай томчууд эдгээр орны эрх баригчидтай дал, мөрөө алгадаж эхлэв. Мэдээж энэ нь манайдаа бол шар тос. Таван толгойгоо ухаад эхэлмэщ бид зүүдэндээ үзээгүй их мөнгөтэй болно. Гэхдээ энэ их мөнгө монголчуудын ходоодонд шууд орохгүй нь ойлгомжтой. Эхлээд жаал, жуул өр дарах нэрээр алга болно. Дараа нь намуудын сонгуулийн санхүүжилтэд нэг хэсэг нь хулгайгаар урсана (AH, МАН биш. 2012 онд эрх барих намууд). Бас нэг хэсэг мөнгө нь эрх баригчдын тавьсан захирлуудын халаасыг түнтийлгэнэ (Одоогийн Энэбиш захирал биш. Сонгуулийн да¬раа тавигдах шинэ захирал).

Дараа нь хувьцааны албан ёсны үнэ тогтоно. Тэгж байтал 2016 он болно. Тэр үед л монголчууд оройд нь хүршгүй мөсөн сүмбэр уулын оройг долоох боломж гарна. Эрх баригчид ч долоолгохын түүс болно. Ямар нэгэн нам эсвэл хувь хүн долоон сарын дараа эрх барихаас үл хамааран монголчууд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө л иргэд хар алтны ордоос үмх махны чинээ юм зууна. Энэ нь нэг их мэрэг, төлгө тавиад байх юм биш гэнэ.

Угаасаа ямар ч улс ийм хэмжээний ордыг ашиглаж, хувьцааг нь борлуулахад шаарддаг хугацаа гэнэ. Хачирхалтай нь одоогийн УИХ дээр гарч байгаа маргааныг харахад өнөө маргаашгүй өгөх гээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Төрөөд ч байгаа юм биш. Төрүүлээд байгаад хэргийн учир оршино. Ингэж мэдээлэл муутай иргэдийг горьдоож, сэтгэл зүйгээр нь тоглох нь хэнд, ямар ашигтай вэ гэсэн асуулт гарна. УИХ Таван толгойн тухай аливаа шийдвэрээ түр хойшлуулж болно. Учир нь өнөө, маргааш иргэдэд ашгаа өгөхгүй Таван толгой эцэстээ улс төр болж хувирч дахин нэг намын байшин шатаах шалтаг болж мэднэ. Зүй нь шинээр тодрох УИХ шийдвэл эргэж хургасан шийдвэр гарахгүй болов уу. Удахгүй болох УИХ-ын сонгуулийн хамгийн том хөзөр Таван толгой болж хувирч байгаа нь манай улстөрчид бизнесмэн болж хувирсныг батална. Мөн УИХ Засгийн газрын аль нь том юм бэ гэдэг нь ялгагдахаа байсныг харуулж байна. Бусад оронд аливаа үйл ажиллагааг нэг л хуулиар зохицуулдаг. Гэтэл манай уул уурхайг дотор нь ангилсан хуулиар зохицуулж байгаа нь улстөрчид өөрсдөдөө давуу эрх олгож байна гэсэн ойлголт бий болгосон. Таван толгой Эрдэнэ толгой хоёр нэг хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл эрхэм гишүүд стратегийн орд гэсэн өөрсдөө ч ойлгохгүй нэр томъёо гаргачихаад одоогоор илрээд бай¬гаа томоохон ордуудыг булаацалдаж сууна. Үнэн хэрэгтээ улстөрчид шуналтаж, нүүрээ ширлэж, нүдээ ухаж өгөхөас буцахгүй байна. Таван толгой, Оюу толгойн ордыг ашиглахад маш их ажиллагаатай, асар их хөрөнгө шаардлагатай нь үнэн боловч УИХ, тэр тусмаа Засгийн газар оролцох шаардлагагүйгээр хувийн хэвшил хийчих ажил юм. Энэ нь Таван толгой бол улс төр биш ирээдүйд хэдэн зуугаараа илэрч мэдэх жирийн нэг л орд юм. Тэр бүхэн дээр УИХ тарж нийлээд байх юм бол манай парламент Ашигт малтмалын газрын хэдэн түшмэдүүд болж хувирна. Таван толгойн ордыг ашиглахын тулд том гарын том менежмент хэрэгтэй. Гэхдээ мөнхөд биш эхний хэдэн галт тэрэгний цувааг Зүүн өмнөд гаргах менежмент. Ийм учраас л гадныханд хандахаас өөр аргагүй байгаа юм.

“Монгол 999″ гэж юу вэ
Одоогоор “Монгол 999″ гэдэг нь Таван толгойн хувьцааны арван хувийг нэхэгч гэж харагдаж байна. Анх энэ байгууллагыг байгуулагдахад монголчууд багагүй баярлаж байсан. Анх удаа 3000 гаруй аж ахуйн нэгж нэгдэнэ гэдэг эдийн засаг, улс төрийн хувьд Монголд гараагүй үзэгдэл. Тус байгууллагад элссэн аж ахуйн нэгж бүр нэг сая төгрөгөөр хувь эзэмшинэ гэсэн яриа байсан. Хэрэв энэ болзол биелсэн бол тус байгууллага таван тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон байх учиртай. Уншигч та халаас тэмтэрсэнд уур чинь хүрч байж мэдэх юм.

Хэргийн учир энэ байгууллага миний халаасанд орох 1072 ширхэг Таван толгойн хувьцааны талыг авах гэсэнд байгаа юм. Хэдийгээр алаагүй баавгайн арьсыг булаалдав гэсэн хошин үг санагдаж байвч баавгай алагдах нь тодорхой тул эртхэн өмчөө өөрийн болгох санаатай хэрүүл хийхээр шийдсэн юм. Бага оврын автобусанд 100 төгрөгнөөс болж байнга хэрүүл гардаг. Гэтэл дэлхийн том ордын хувьцаа ганц хоёр байсан байр савны үнэ хүрэхгүй гэхэд ганц хоёр экселийн үнэд хүрч мэдэх юм. Тиймээс муу ч гэсэн 600 шахам экселийг хаямааргүй байна. Монголчуудын 40 хувь нь надтай санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл нөгөө аж ахуйн нэгжүүдийн том нэгдэл маань Таван толгойн хувьцааны арван хувийг дангаараа эзэмшинэ гэнэ. Цалингаараа амьдардаг биднээс аж ахуйн нэгжтэй иргэдийн амьдрал арай дөнгүүр баймаар юм. Харин ч тэдний зарим нь хувьцаагаа ядууст бэлэглэх, цэцэрлэг, сургуульд хандив өргөх болов уу гэсэн нь бүр эсрэгээр эргэж байна.

Одоохондоо тэд Таван толгой гэдэг аварга онгоцыг хөдөлгөхөд балчирдана гэнэ. Учир нь нүүрсийг урд хашаагаа давуулаад шидэх шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ удаан хугацаанд ийм байдлаар наймаалцах нь бидэнд биш, хятадуудад ашиг авчирна. Харин Зүүн өмнөд Азийн хатуу өрсөлдөөнт зах зээл рүү нэвтрэхэд төмөр замаас эхлээд хэнтэй гэрээ хийх гэдэг дэлхийн зах зээлд үзэж тардаг хэдэн том гаруудын чадах ажил. “Монгол 999″ гадныхантай ижил нөхцлөөр операторын сонгон шалгаруулалтад оролцох эрх бий. Хөрөнгө хүчний бололцоо нь байгаа бол ард түмэндээ нефть, зэс, нүүрс боловсруулах үйлдвэр бариад өгчихөд багаар бодоход жил бүр оросуудад алддаг тэрбум гаруй ногооныг зуух боломжтой. Ихээр бодоход Эрдэнэт, Оюу толгойн хүдрээс арван тэрбум ногоон олох боломжтой. Дээрх нэгдэл “Эх орныхоо төлөө” гэсэн уриатай. Гэтэл ард түмэнд очих боломжтой тэр л арван хувь руу шууд зүтгэж байгаа нь хэний, юуны төлөө байгуулагдсаныг л харуулаад байх шиг. Эцсийн эцэст тэд ч иргэд. Бид ч иргэд. Тэдгээр компанийн захирлууд арван хувиас хүртсэн үү.

Хүртсэн. Дээр нь яагаад 2.5 сая иргэдэд олгосонтой адил хэмжээний хувьцааг 3000 захирал давуу эрхээр эзэмших ёстой гэж. Хууль аж ахуйн нэгжүүдэд тэгш үйлчлэх учиртай. Нэг компанийн захирал нөгөө компанийн захирал, хэн нэгэн иргэнээс давуу эрх эдлэх ёсгүй. “Монгол 999″ гэдэг арай олуулаа нэгдсэн болохоос нэг л компани шүү дээ.

Үндсэн хууль хүчинтэй юу
Үндсэн хуулийн цэц 1999 оны Үндсэн хуулинд оруулсан “Авьяаслаг эрхэм гишүүн, сайдын албыг давхар хашиж болно” өөрчлөлтийг хүчингүй болгосон. Гэсэн ч “Авьяаслаг эрхэм гишүүд” өнөөг хүртэл торолзсоор л байна. Эндээс Үндсэн хууль хүчинтэй юу гэсэн асуулт гарна. Дээр нь Үндсэн хуульд монголчуудыг өмч хөрөнгө, арьс үс, бурхан шашнаар нь зэрэглэж болохгүй гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл ард түмнээс байгуулагдсан ард түмний мэдэл байдаг байгалийн баялгийг алаг үзсэн хэлбэрээр хуваах оролдлого хийж байна. Таван толгойн арван хувийг ч аж ахуйн нэгжүүдэд хуваах шийдвэр гаргасан түүх нь их сэжигтэй. Нэг л өдөр төдний өдрөөс өмнө байгуулагдсан компанид өгнө гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг гаргагчид ихэнх нь аж ахуйн нэгжтэй. 2-3 уулаа нийлээд компани байгуулж чаддагүй монголчууд нэг л өдөр 3000 гаруй аж ахуйн нэгж нэгдэж орхисон. Нэгдлийн дараахан дотроо том компаниудын бүлэглэл болж хуваагдсан. Арван хувийг хуваах цагт энэ нэгдэл задарч, бутрахгүй гэх баталгаа байхгүй. Ард түмэн эх орныхоо хэн ч тэмцэж болно. Хөлсөнд Таван толгойн арван хувийн нэхэж болохгүй. Хэн нэг нь тус нэгдэлд шударгаар орсон байж болно. Харин нэг нь Таван толгойн арван хувийг авах гэж хэдэн сая төгрөгөө нууцаар оруулчихаад “Монгол 999″ өмнөө бариад байж болохгүй. Тэр тусмаа тэр эрхэм гишүүн бол эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогдоно.

Х.Баттөгс


URL:

Сэтгэгдэл бичих