Бодлогын хүүг хэвээр байлгахаар болжээ
Монголбанкнаас сар бүр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр тэд улсын арилжааны банкуудын нийт актив 8.2 их наяд төгрөгт хүрч есдүгээр сараас 0.9 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 49.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан тухай мэдээллээс эхэлсэн юм.
Нийт зээлийн хэмжээ 5.0 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 165.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр буюу 61.2 хувиар нэмэгджээ. Зээлийн багцын 94.5 хувийг хэвийн, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн, 4.0 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа бөгөөд энэ нь банкны системийн хэмжээнд 201.5 тэрбум төгрөгийн хэмжээтэй байгаа аж. 2008 оны хямралын үед чанаргүй зээлийн хэмжээ 400 тэрбумыг хол давж байжээ.
Монголбанк энэ удаад бодлогын хүүнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд 12,25 хувьтай хэвээр байлгахаар болсон байна. Өнгөрсөн сард бодлогын хүү нэмснээр зарим банк зээлээ хумих бодлого баримтлах болсон нь ямар дүнд хүрэх вэ гэсэн хэвлэлийнхний асуултад Монголбанк “банкны системийн нийт актив нэмэгдэж зээл их хэмжээгээр өссөнийг бид дээр дурьдсан. 2008 оны хямрал юунаас эхтэйг бид мэдэж байгаа. АНУ-ын моргейжийн зээлээс болсон гэж үздэг. Тиймээс зээл их хэмжээгээр нэмэгдэх нь өөрийн эрхгүй болгоомжлолыг төрүүлж байна. Банкууд зээлийн нөхцлөө чанаржуулах байдал ажиглагдсан. Ингэлээ гээд зээл буурсан зүйлгүй байгааг бид судалгаанаас харж болно. Түүнчлэн зээлийн нөхцөл чанаржсанаар орон сууц гэх мэт үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах боломж бий болж байгаа сайн талтай” гэв.
Тоо баримтаас үзвэл, банкуудын ашигт ажиллагаа сайжирсаар байгаа ба төгрөгийн зээлийн хүү өнгөрсөн сарын эцсийн байдлаар 15.9 хувьд хүрсэн нь оны эхнээс 2.5 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 3.6 нэгжээр буурсан бол валютын зээлийн хүүгийн хэмжээ оны эхнээс 0.8 нэгжээр өсч, өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна. Арилжааны банкны нийт хадгаламжийн 70.5 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байгаа бол үлдэх 20.5 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна. Харилцах, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээ оны эхэнтэй харьцуулахад буурч байгаа хэдий ч банкуудын хадгаламжийн өсөлт тогтвортой байна.
Түүнчлэн банкны эрсдэл даах чадварыг илэрхийлэгч өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 14 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон доод хэмжээнээс хоёр нэгж хувиар өндөр байгаа талаар Төв банк мэдээлсэн юм.
П.Ундрам
URL: