Б.Хурц нарын 14 жилийн өмнөх нууц ажиллагаа ИЛ болох уу?

13077

Батын Хурц гэж хүнтэй Монголчууд 2010 оноос танилцаж эхэлсэн гэхэд болно. Учир нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргын хувиар ИБУИНВУ-д албан айлчлал хийж явсан гэх түүнийг Хитроу онгоцны буудал дээрээс 2010 онд баривчилсан юм. Шалтгаан нь 2003 онд Д.Энхбат гэж хүнийг Европын холбооны улсуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан асуудалтай холбоотой байсан билээ. Гэхдээ Б.Хурц өнгөрсөн 7 жилийн хугацаанд энэ асуудлаар үг хэлж байгаагүй.

Харин өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо 7 жилийн өмнө Лондонд баривчлагдсан шалтгаанаа өөрөө хэллээ. Д.Энхбат гэж хүнийг баривчилж авчирсантай холбоотойгоор өөрөө баривчлагдсан гэдгээ хэлэв. Д.Энхбатыг хулгайлж авчраагүй, баривчилж авчирсан, Германы талын хүн хилээр  тэргэнцэртэй түрж гаргаж өгсөн шүү гэж тэр хэлэв.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Д.Энхбат агсны ар гэрийнхний гаргаж байсан өргөдөл болоод   НҮБ-ын Тусгай илтгэгч Манфрэд Новак тайлан сэлтээс харахад өөр мэдээллүүд бий. Дамирангийн Энхбат гэж хүнийг баривчилж бус хулгайлж авчирсан гэж ойлгогддог.

Б.Хурц генералын тухайд ТЕГ-ын даргын албанаасаа буусныхаа дараа шинэ дарга Д.Гэрэлд хандан Д.Энхбатыг баривчилж авчирсан ажиллагааны тухай асуудлыг Улсын нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлтийг тавьсан гэж байгаа юм.

Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан үед ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Б.Хурц нарын гүйцэтгэсэн ажиллагааны ард хэний ашиг сонирхол илүү давамгайлж байсан бэ, тэд хэний тушаалаар хилийн чинадаас нутаг нэгтнээ хулгайлж авчирсан бэ гэдэг асуудал 14 жилийн турш хариулт нэхэж буй. Нууц гэгдэх  ажиллагааны нэг хэсгийг  Б.Хурцын хүсэлтээр Улсын нууцаас хэрэв гаргавал, олон жилийн анхаарал татсан сэдвийн хагас хугас ч гэсэн тодорхой болох биз.

Эргэн санахад, Британийн шоронд 2010 оны есдүгээр сарын 17-ноос 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоригдсон Б.Хурц  Берлиний шоронгоос мөн оныхоо есдүгээр сарын 22-ны өдөр суллагдаж Монголд ирж байсан билээ. Өдгөө Б.Хурц Д.Энхбат агсныг авчирсан асуудлаар илүү тодорхой ярихгүй байгаа шалтгаанаа “Улсын нууц” гэж тайлбарлаж буй.  

Д.Энхбат гэж хүнийг баривчилсан уу, хулгайлсан уу?

2003 онд Д.Энхбат агсныг баривчилж авчрахдаа Европын орнуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан гэх үндэслэлээр буруутгагдан, Европын холбооны баривчлах ордерын дагуу Английн нутаг дэвсгэр дээрээс баригдсан тэрбээр Берлиний хууль хяналтынхнаас “Та чөлөөтэй” гэдэг үгийг дуулаад Монголдоо ирсэн байдаг. Эрүү үүсгээд байсан Германы тал чухам ямар үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болор хэлэх боломжгүй хэмээн тухайн үед хэлж байсан юм.

Д.Энхбат гэж хүнийг Монголд хууль бусаар авчирсан  2003 онд Германд элчин байсан Д.Тэрбишдагва гуай хэвлэлд ярихдаа “Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Тэр Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед бид Элчин сайдын яамны барилгаа бариад шороо, тоос бужигнуулсан газарт байсан. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж, амьдарч, сурдаг оюутан залуусыг уриалаад амралтын өдөр зохион байгуулж гадаа ажиллаж байх үеэр хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвальд байлгаж байгаад л авч явсан” хэмээн ярьж байсан байдаг.

 Энэ бол тухайн үед Элчин сайд байсан хүнийг үг, БАРИМТ. За тэгээд тэр 2003 оны баривчилгааны дараа Европын орнууд манай дипломатуудыг шалгасан байдаг бөгөөд Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа хэмээх эмэгтэй нутаг руугаа “хөөгдөж” ирсэн байдаг.  Франц дахь Элчин сайд Батбуян, Герман дахь Элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва нарыг ч нутаг дээрээ элчингээр суулгаж чадахгүй гэсэн байр суурийг тухайн улсуудаас илэрхийлсэн байдаг юм.

За харин НҮБ-ын Тусгай илтгэгч Манфрэд Новак тайландаа нэлээд анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байдаг. Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбат гэж хүнийг 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Парис дахь нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулган, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн гэдэг. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч явсан. Тэгэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьсон. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг буруутган, ял тулган эрүүдсэн ч Д.Энхбат хэрэг хүлээгээгүй бөгөөд түүнийг ТЕГ-ын мэдээлэгч гэж бүртгэн тавдугаар сарын 25-нд хилээр нэвтрэн орсон болгож, хуурамч баримт бүрдүүлсэн. Түүнийг олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбаж, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байсан хэмээн бичсэн байдаг.

Хууль зөрчин хүн хулгайлсан асуудалтай холбоотойгоор Лондонд баривчлагдаад байсан Б.Хурц даргатай холбоотой анхан шатны шүүх хурал  бараг 10 удаа болж байсан.

Харин Б.Хурц өчигдөр телевизээр энэ талаар ярихдаа түүнийг Германы талд шилжүүлэх үү гэдэг асуудлыг шийдэх гээд л шүүх хурал болж байсан гэж байна лээ.

Мөн энд эргэн сануулахад, Б.Хурцыг Лондонд баривчлагдсаны дараа Д.Энхбат агсны хүү Э.Золбоо ХБНГУ-ын Прокурорын дэргэдэх Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан байдаг юм.  Профессор Monika Harms-д хэмээн хаягласан өргөдлийн агуулга нь “Германы иргэн Дамирангийн Энхбатын хэргийн талаар туслалцаа авах тухай” байдаг.

Сануулахад,  Д.Энхбат агсны   хоёр хүүхэд  аавынхаа   нэрийг   цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтээ Монгол Улсын төр, засгийн эрхмүүдэд гаргаж байсан юм.

2010  оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Герман улсын иргэн Энхбатын Золбоо, Энхбатын Золбообаяр нар  Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын нийт гишүүдэд,  Монгол Үлсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандсан хүсэлтээ  шуудангаар илгээсэн ч,  албан ёсны  хариу аваагүй байдаг. Тэд арванхоёрдугаар сарын 17-нд Монгол руу илгээсэн захидлынхаа нэг хувийг гуравдугаар сарын 26-ны өдөр Германы  Берлин хотоос Монгол руу, холбогдох газар луу  илгээж байсан байдаг.

Мөн Д.Энхбат агсны хүүхдүүд Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, Хууль зүйн яамны сайд  Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав танаа хэмээн хаягласан өргөдөл  Эцгийнхээ нэр төрийг  сэргээлгүүлж амь насыг нэхэмжлэх тухай байсан юм. Тэд өргөдөлдөө “Бидний аав хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, амь насаа алдсан болохоор, эцгийн минь нэр төрийг нэн даруй сэргээж  өгөх асуудлыг олон улсын хүний эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлийн дагуу Монгол улсын ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн  сайд Ц.Нямдорж нараас шаардаж байна. Мөн түүнчлэн хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол  болон, эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн   нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна” гэсэн байдаг юм.

Э.Болорхажид

http://www.hunnu.mn/a/88119


URL:

Нэр: зочин Огноо: 21 November 2017

Мөнгө л нэхээд байгаа юм аа

Сэтгэгдэл бичих