НҮБ унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг “нэхэв”
Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн бодит нөхцөл байдал ямар байгааг дүгнэсэн санал зөвлөмжийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос дөрвөн жилд нэг удаа ирүүлдэг. Тэгвэл ээлжит илтгэл зөвлөмжөө өнгөрсөн зургадугаар сарын 2-нд Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөг хүртэл нийтэд ил болгож хэлэлцүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын ноцтой зөрчил, зөвлөмж Засгийн газрын хэн нэгэн албан тушаалтны шүүгээнд хагас жил хав дарагдсаар байгаа юм.
Харин Засгийн газрыг хүлээж цөхөрсөн иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр болсон Дэлхийн хүүхдийн өдрөөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн санал зөвлөмжийг хэлэлцүүллээ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ялгаварлан гадуурхахгүй байх. Хүүхэд хамгаалалд хөрөнгө мөнгө зарцуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг голчилсон. Эцэг эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх төдийгүй хүүхэдтэй ажилладаг мэргэшсэн нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх ёстой. Мөн хүүхэд үрчлэлийн асуудлыг хөндсөн гэдгийг Хүүхдийг ивээх сангийн зохицуулагч Б.Дарьханд хэлсэн юм.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД УЯАЧ, ЭМИЙН ҮЙЛДВЭР, АРХИНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХҮМҮҮС СААД БОЛЖ БАЙГААГ НҮБ-ААС АНХААРУУЛЖЭЭ
НҮБ-ын зөвлөмжид хүүхдийн эрхийг хангах талаар олон асуудал тусгасны дотор удаа дараа анхааруулж буй унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгааг мөн дурджээ. Унаач хүүхдийн асуудалд Хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулахыг хориглосон журамд зааснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаанд хүүхдүүдийг оролцуулахгүй байх гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өвлийн уралдаан зохион байгуулж хууль журмаа зөрчдөгийг дурджээ. Мөн хурдан морины уралдааны үеэр хүүхдийн амь насанд хохирол учруулсан зөрчил гаргахад хүргэсэн этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас хатуу сануулжээ. Монгол Улсад хүүхдийн эрхийг хангахад уяач, эмийн үйлдвэр, архины үйлдвэртэй хүмүүс саад болж байгааг НҮБ-аас анхааруулжээ. Энэ талаар Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Э.Цолмон “Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж хүүхдийн эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын ирэх таван жилд хийх ажлын хүрээг томьёолж өгсөн байдаг. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар ямар зүйл хэрэгжүүлэхийг тусгадаг.
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах гэрээ конвенцийг зөрчсөн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Засгийн газар өмнөх шийдвэрээсээ битгий буцаасай. Хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулахыг хориглосон журамд заасныг хэрэгжүүлэх. Хүүхдийн амь нас хохироосон этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас зөвлөсөн. Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, УИХ болон Засгийн газар ажиллаж байгаа хүмүүс хурдан морины сургагч, уяач түүнчлэн эмийн үйлдвэр, архи дарсны үйлдвэр эрхэлдэг хүмүүс хүүхдийн эрхийг хангахад ашиг сонирхлын зөрчил саад болж байна гэдгийг хатуу тэмдэглэсэн” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗАР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Засгийн газар хүүхдийн эрх, хамгааллын асуудалд хандахдаа хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн магадгүй авлига, хээл хахуулийн холбоотой асуудлыг анхаараач ээ. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох зүйл байсаар байна. Иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжилж хууль хяналтын байгууллагад хандаад байгаа асуудал бол Засгийн газар болон түүний тодорхой гишүүд хурдан морь уядаг учраас тэдгээрийн эрх ашигт нийцсэн тогтоол шийдвэрийг гаргаж өвлийн цагт морин уралдааныг зохион байгуулж байна гэж үзэж байгаа. Өвлийн морин уралдаан нь уяачдын цол хэргэмтэй холбоотой. Хариуцагчаар Засгийн газрыг татаж шүүхдээд явж байна. Өвлийн морин уралдааныг явуулахгүй байх, 16-аас доош насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн” гэв.
ХҮҮХДИЙН ЭРХ БА ХАМГААЛАЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА ХИЙЖЭЭ
ХЭҮК-оос нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүлийн орчинд болон цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, ажлын байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Хүүхдийн эрхийн эдгээр зөрчлийг арилгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль эрх зүйн орчныг сайжруулах нь хангалтгүй. Хүүхэд, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх, зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх шаардлагатай байгааг анхааруулжээ.
ХЭҮК, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний хэмжээний судалгааг 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийжээ. Хүүхдүүдийн дунд хүүхдийн эрхийн талаар тодорхой, цэгцтэй мэдлэгтэй хүүхэд цөөн, ялангуяа эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох гэсэн хүүхдийн дөрвөн бүлэг эрхэд ямар эрх ордог талаар ойлголтгүй байсан байна. Тэдний 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА
URL: