СОГТУУГААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 107 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

olloo_mn_1511161031_22279801_984195525054537_6947524198989136624_nӨнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 561 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Зам тээврийн ослын 394 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас гурван хүн гэмтсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 20 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч таван, явган зорчигч гурван бүртгэгджээ. Орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

-19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

-2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

-1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог аж. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог байна.


URL:

Сэтгэгдэл бичих