МАН-ын даргын суудал “МАЯА”-гийн зэрэгт унав уу?!

527-1511138757maitsetsegМАН-ын XXVIII Их хурал өнөөдөр эхэлнэ. Хурлаар МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойших Монгол Улсын улс төр, нийгмийн нөхцөл байдал, МАН-ын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх бөгөөд намын дүрэмд өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрийг шинэчлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр МАН-ын Бага хурлын X хуралдаан болж Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн боловсруулсан тайланг сонсжээ. Энэ талаар өмнө нь тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэл 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа.
Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалт хийнэ. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгана. Гуравдугаарт, хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан.
Улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад авлига хээл хахууль авдаг гэж яригддаг. МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтцийг би болгож оруулж ирлээ” хэмээн ярьсан байдаг. Энэ ч утгаараа тэд хэлэлцэн тохирч хариуцлага, сахилга баттай холбоотой асуудлыг нэлээд хөндөх бололтой.
Гэвч олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол МАН-ын дараагийн даргын асуудал бөгөөд тэд энэ удаа эвлэлдэн нэгдэх үү, эв түнжингээ ололцож чадахгүй “алалцах уу” гэдэг асуудал байгаа юм.
Өмнө нь тус намынхан мэдэгдэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, намын гишүүн Н.Дэмбэрэл нар МАН-ын даргад нэр дэвшинэ хэмээж байсан Түүнчлэн намын дүрмээр бол намын гишүүн өөрийгөө болон бусад гишүүд нь нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ хүрээнд зохицуулагдана гэж байсан.
Үнэхээр ч намынх нь гишүүд дүрмээр олгогдсон эрхээ эдэлж, нэр дэвших тухайгаа мэдэгдсэн. Тодруулбал, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөө мэдэгдэж, намынхаа Хэрэг эрхлэх газарт холбогдох бичиг баримтуудаа өгөөд байгаа юм. Эндээс харахад эрх чөлөө гээчийг хэт туйлширч ойлгодог олон хүн бий болсны илрэл гэлтэй.
Мэдээж олны нэрлэдгээр Маяа гэгч энэ эмэгтэй намын улаан батлахыг нь өвөртөлсөн юм чинь дүрмийн дагуу тоглолт хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ аливаад өөрийгөө үнэлэх үнэлэмжээс гадна өрөөлд тохоогдох хариуцлага зэргийг тооцох шаардлагатай л баймаар.
МАН гэдэг хэн бүхний ойлголтоор төрд үүрэг гүйцэтгэж буй маш том аппарат. МАН-ын дарга болно гээд байгаа Г.Майцэцэг хэдхэн жилийн өмнө “Татвараа төлөхгүй, авлига өгөхгүйн төлөө тэмцсэн” гэх зэргээр олны анхаарлыг татаж эцэст нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд үнэгүй тараана гэж шоудан, аргаа барахдаа шатаах юм болоод намжсан.
Харин энэ удаа намын дарга болох юм гэнэ. Нэг талаараа болохгүй зүйл үгүй. Дүрэмд орсон заалт. Харин нөгөө талаас харвал энэ намыг хэт доогуур үнэлэв үү гэлтэй. Хэдэн зуун мянгаар тоологдох гишүүнчлэлтэй намд түүнээс өөр дарга болох хүсэлтэй, сэтгалтэй хүн байхгүй байна ч гэж юу байх вэ. Байж л таараа.
Гол нь түүн шиг намын ажлыг олны анхаарлыг татах шоуны хэмжээнд ойлгодог олон хүн байдаггүй учраас л энэ. Тэдэнд хүндлэл, бас хариуцлага, эв нэгдлийг бататган, энгийн гишүүдээ удирдаад аваад явчих хүн хэрэгтэй болохоор л Г.Майцэцэг шиг өөрийгөө төвийлгөөгүй болов уу.
МАН өнөөдөр УИХ дахь бүлэгтээ ч хоёр хуваагдсан эв түнжингүй болсон хэмээн дүгнэгдэж байгаа, бас тэгж ч байна. Тэдний боломж нь энэ удаагийн Их хурал. Харин энэ хурлыг самрахыг хүсэгчид байхыг үгүйсгэхгүй Угаасаа тийм нөхцөлүүд ч нээлттэй. Авлига өгөхгүйн тулд татвараа төлөөгүй мэт ярьсан хүн дараагийн удаа дарга болгоогүйн төлөө юу ч ярих юм билээ. Бараг өмнө нь 2016 онд Женког дэмжээд явж байсан тэр нэг мэдэхэд МАМ-ын гишүүн гээд даргад нэрээ дэвшүүлж яваа нь яавч хэвийн үзэгдэл биш.
Энэ мэтчилэн МАН-ын Их хурлыг гадна. дотноос нь түншин, гаргуунд гаргаж, намыг нь бүхэлд нь үгүй хийхийг хүсэгчид ч олон бий.
МАН Их хуралд оролцогч 1309 төлөөлөгчийнхөө саналыг сонсож, дотоод эв нэгдлээ сэргээж чадахгүй бол улс төрийн хүрээнд арчигддаггүй юмаа гэхэд ирэх сонгууль зэрэгт бүдрэх магадлал нь тун өндөр болно.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих