Их хурлаас тодрох НАМЫН ДАРГА ХЭН БЭ

frgvrtgbМАН-ын XXVIII Их хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдана. Уг хуралд оролцох 1309 гишүүн намаа 2020 он хүртэл жолоодох удирдагчаа сонгох юм. Нэг үгээр тэдний сонголт дараагийн сонгуулиар дахин улс даяар улаан далбаагаа намируулах эсэхийг шийднэ. УИХ, ИТХ-ын шат шатны сонгуульд ялан төр барьж буй энэ хүчин сүүлийн хэдэн сарыг дотоодын зөрчилдөө зарцууллаа.

Тиймээс намын Их хурлын дараагаас амар тайван тогтох болов уу гэсэн жирийн гишүүдийнх нь хүлээлт бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор үүссэн УИХ дахь МАН-ын “33”, 32”-ын гэгдэх хагарал намынхаа доод шатны ёроолд тултал гүнзгийрчихсэн байдал нь сөрөг хүчнээс өөр хэнд ч ашиггүй билээ. Энэ байдалд цэг тавих сонголтыг намынх нь гишүүд хийх чадах уу, тийм нэр дэвшигч нар байна уу гэдэг өөрөө асуулт юм. Өнөөгийн байдлаар У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нар өрсөлдөх нь тодорхой байна. Түүн дээр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвшихээр бүртгүүлсэн. Эдгээр дундаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа нарын дунд гол өрсөлдөөн явагдаж мэдэх тухай намынхан нь хэлж буй. Олон нийтийн зүгээс ч У.Хүрэлсүхийг “32”-ын, Д.Хаянхярвааг “33”-ын төлөөлөл гэсэн байдлаар харж байна.

У.ХҮРЭЛСҮХ
Намын Их хурал дөхөхийн хэрээр түүнийг дэмжигч УИХ-ын гишүүдийн “тогтвортой байдал”-ын тухай ярилцлага хэвлэлээр хөврөх болсон. Энэ нь МАН-ын дүрэмд байдаг “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалттай холбоотой. Өнөө “Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг асуулт шиг төвөгтэй зүйл л дээ. Тийм болохоор хэрэв түүнээс өөр хүн МАН-ын даргаар сонгогдох юм бол засаг унагаах дараагийн аян эхлэх магадлал бий. Үгүй ядаж л албан тушаалтай зууралдсан хүн болгож харагдуулах кампани гарах болов уу. Түүнийг Ерөнхий сайдаар сонгосон МАН-ын Бага хурлын өмнө тус намын нөлөө бүхий хүмүүс “Цагаан дээр хараар бичсэн дүрмээ баримтлана” гэж мэдэгдэж байлаа. Тиймээс хөхөө өвлийн хүйтэн ирсэн энэ үед дахиад улс төрийн хямрал үүсгэхгүйн тулд хийж болох сонголт У.Хүрэлсүх байж таарна.

Гэхдээ намын Их хурал дөхөх хэрээр хэвлэлээр Ерөнхий сайдын албан тушаалаа авахад нь хүчтэй дэмжиж байсан “32-ын бүлэг” түүнийг одоо хэр нь халуунаар дэмжсээр байгаа юу гэдэг асуулт гарч байна. Ямартаа ч тэрбээр ажлаа авснаасаа хойш яам, агентлагуудын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийгээгүй. Үүнийгээ тэрбээр “Аль нэг яам, агетлагийг татан буулгахгүй. Өвлийн хүйтэнд сандал, ширээ ийш тийш нь зөөлгөж гүйлгэхгүй, тэмдэг бланк шинээр хийлгэхгүй” гэж товчхон тайлбарласан удаатай. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ, ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ гэх зэрэг амлалтуудаа эхнээс нь ажил хэрэг болгоод эхэллээ. Тусгай гэрэл дуут дохиог цэгцлэх ажлыг хийсэн, Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэхэд анхаарч байгаа гээд хийсэн зүйлс эхнээсээ мэдэгдэж байна. Өөрийнх нь хэлснээр “Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайд болохгүй”-н тулд намын даргын суудлыг ч хамтад нь авах сонирхол бий. Намынх нь зарим гишүүд ч “Хариуцлагыг нь нэг мөсөн үүрүүлээд ажлаа хэрхэн хийхийг нь харъя” гэсэн байр суурьтай байгаа юм.

Д.ХАЯНХЯРВАА

Дээр дурдсан тус намын дүрмийн “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалтын талаар тэрбээр “Нам, Засгийн газар хоёрыг салгана” гэж хэлсэн байна лээ. Үүнээс үзэхэд хэрэв намын даргаар сонгогдчихвол Ерөнхий сайдын суудал руу зүтгэхгүй нь гэсэн ойлголт төрж байна. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай 1992-1996 онд ажиллахдаа “Засгийн газрын тэргүүн, намын дарга хоёр тусдаа байх ёстой” гэсэн зарчим баримталж тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан түүх бий. Тийм байдлаас үүдэж нам дотор засаг огцрох асуудал ч гарч байсангүй. Энэ жишгээс харах юм бол Д.Хаянхярваа намын даргаар сонгогдсон ч “тогтвортой байдал” цаашаа үргэлжпэх боломжтой. Улстөрчдийн жишээлэн ярих дуртай нэг сэдэв нь энэ. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сонгуульд оролцдог. Ялсан намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлдэг номтой. Гэхдээ ямар нэгэн асуудал үүслээ гэхэд түүнийг намын хэмжээнд хүртэл хурцатгахгүйн тулд Засгийн газар нь тусдаа байж “гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэж байх тухай онол юм. Түүнчлэн дэмжигчдийнх нь зүгээс “Аль ч парламентийн засаглалтай улсад намын дарга нь парламент дотроосоо байдаг туршлага бий” гэсэн үгс дуулдаж байна. Мөн түүнийг намынхныхаа эв зүйг олж чаддаг, доод, дээд бүх шатандаа холбоо харилцаа сайтай гэдэг. Аль нэгэн фракц, бүлэглэлд ч нааж бодоход хүндрэлтэй. Энэ талаар өөрөө хэвлэлд “Хэрэв намайг ямар нэгэн фракцад харьяалуулах гэж оролдвол би Намбарын Энхбаяр гэж хүнийг байхад анх орон нутгаас нэр дэвшиж УИХ-д орж байлаа. Сү.Батболд гэдэг хүнийг байхад Сангийн сайдаар, М.Энхболд гэж хүнийг байхад Бүлгийн дарга болж намын Удирдах зөвлөлд орж ажиллаж үзсэн. Ийм л товчхон намтартай учраас надад ямар нэг бүлэглэлийн эрх ашиг байхгүй” гэсэн байна. Ямартаа ч улс төрийн хүрээлэл дундаа дүн нуруутай хэмээн хүндлэгддэг энэ хүн намын даргад өрсөлдөж ялах, ялагдах эсэхийг 200 гишүүн тутмаас сонгогдсон хэмээх Их хурлын 1309 хүн шийдэх юм.

Ж.БАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Zochin Огноо: 20 November 2017

Хаянхярвааг дэмжиж байна. Намын ажил засгийн ажлыг тусад хийвэл зүгээр байна.

Нэр: irgen Огноо: 20 November 2017

Hayanhyarvaa dargiig demjeesei , nam , zasgiin gasriin ajlaa salgasan ni iluu urduntei bolno.

Сэтгэгдэл бичих