Н.Төгсцогтын “Их Хаан”-даа барьсан бэлэг

15110708905a111caa02dabМэргэжлийн боксын рингэнд “босоо” яваа “босоо” хийморьтой Нямбаярын Төгсцогт ”KING TUG” маань Эзэн Богд Чингис Хааныхаа мэндэлсэн өдөр Монголын ард түмэндээ гайхамшигтай сайхан бэлэг барилаа. Төгсөө маань АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын The Cosmopolitan-д дөнгөж сая Филиппиний боксчин Хармонито Дела Торретай найман раунд тулалдаж, ээлжит ялалтаа байгууллаа. Төгсөөгийн энэ удаагийн өрсөлдөгч 23 настай, мэргэжлийн боксын рингэнд 19 тулаан хийж, үүнээс 12-ыг нь КО буюу хүнд цохилтоор дуусгасан, World Boxing Federation холбооны Олон Улсын болон Дэлхийн аварга болж байсан тун хүчтэй өрсөлдөгч байлаа. Мөн гарын алдаар манай Төгсөөгөөс даруй 17 см урт буюу мөч урт давуу талтай байсан. Манай хүн бол техник, туршлага, хурдаар илүү, өөртөө бүрэн итгэлтэй боловч ганц “асуудал” бий хэмээн өмнө нь бивээр бичсэн билээ. Аливаа тэмцээн уралдаанд орох тамирчны гэмтэл бэртэл, давуу болон сул талыг тодорхой бичих нь өрсөлдөгч багийнханд мэдээлэл өгөх болзошгүй байдаг тул өмнө нь энэ “асуудлыг” дурьдаагүй билээ. Одоо нэгэнт тулаан болоод дуусан тул ямар “асуудал” байсныг спорт сонирхогчиддоо дэлгэе.
Өнгөрсөн зун бэлтгэлийн үеэр “King Tug” маань баруун гарын шөрмөсөө хүнд гэмтээсэн юм. Энэ гэмтэл одоо хүртэл гүйцэд эдгээгүй байгаа бөгөөд бэлтгэлийн үед гэмтэл нь удаа дараа сэдэрч, чухамдаа спарринг хийх бололцоо бараг гараагүй. Сая тулааны тов дараа гарсны дараа арга буюу 2-3 удаа спарринг хийсэн ч цохилтын үед гар нь маш хүчтэй өвдөж байна гэж Төгсөө өөрөө өгүүлж байлаа.
Гэвч Төгсөөд “ухрах” зам байхгүй. Түүнд Дэлхийн аварга хэмээх зорилго, түүнд хүрэх л зам бий. Сүүлийн 9 сар рингэнд тулаан хийгээгүй, тэгээд ч Лас Вегаст болох тулаан, чансаа өндөр өрсөлдөгч хүлээж байсан учир Төгсөө гэмтэл бэртэлээ “мартаж” , зөвхөн тулаандаа анхаарлаа хандуулсан. Тиймээс ч өнөөдрийн тулаан Төгсөөгийн мэргэжлийн рингэнд гарснаасаа хойших хамгийн хүнд, хамгийн хэцүү, хамгийн чухал нь юм.
Рингийн ард иймэрхүү нөхцөл байдалтай байсан ч Төгсөө маань тулаанаа тайван эхэллээ. Төгсөөгийн багийн тактик бол хүлээх, яаралгүй өрсөлдөгчөө ажиллуулж байгаад цагийг нь болохоор өрөө ажиллаж, төгсгөл хийх, гэмтэлтэй гараа зөвхөн хэрэгтэй үед л “хэрэглэх” байсан байх. Ийм байдлаар тулалдлаа. Хоёрдугаар үе дуусахын өмнөхөн Төгсөө Торрегийн баруун гарын хүчтэй цохилтод өртөж нокдаунд орсон. Улмаар 3-4 дүгээр раундад Торре нилээд ажиллаж арай давуу тоглосон. Гэсэн ч Төгсөө туршлагатай боксчин тул огтхон ч яарсангүй. Харин тавдугаар раундаас эхлээд сүүлчийн 8 дугаар раундыг дуустал Төгсөө тулааныг өөрөө удирдан, өрсөлдөгчөө олон удаагийн оновчтой хүчтэй цохилтоор ядрааж, илүүрхэн яллаа. Хэрэв тулаан 10 эсвэл 12 раунд байсан бол Төгсцогт гарцаагүй өрсөлдөгчөө нокаутад оруулах байсан бизээ.
Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Дэлхийн аваргаас дөнгөж 17-хон настайдаа мөнгөн медаль, Олимпийн наадмаас 20 настайдаа мөнгөн медаль хүртэж байсан Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж, 10 дахь ялалтаа байгууллаа.
Дэлхийн аваргад хүрэх замдаа урагшилсаар л байна, Төгсөө маань. Оргилд, зорилгодоо хүрэх тэр зам дардан, , богино, бас амаргүй байх нь тодорхой ч хүрэхдээ л хүрнэ…

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.


URL:

Сэтгэгдэл бичих