“Боломжгүйн гурвалжин” гэж юу вэ?
1960-аад оны үед Нобелийн шагналт эдийн засагч Р.Манделл, ОУВС-гийн судалгааны захирал Ж.Флемин нар “Боломжгүйн гурвалжин” хэмээх алдартай онолоо баталсан байдаг. Энэ нь валютын ханшийн тогтвортой байдал, мөнгөний бие даасан бодлого, хөрөнгийн чөлөөт урсгал гэсэн ГУРВАН зорилт нэгэн зэрэг биелэх боломжгүй, зөвхөн хоёр нь л нэгэн зэрэг биелэх боломжтой тухай юм.
Эдийн засаг хэдий чинээ жижиг байна дээрх гурвыг нэгэн зэрэг биелүүлэхийг оролдох нь төдий чинээ өндөр зардалтай байдаг ажээ.
Гэтэл энэ “Боломжгүйн гурвалжин”-г Монголчууд боломжтой болгох гэж зүтгэдэг нь “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэх өгүүлбэрээр нотлогдоно. Энэ заалт орсон Төвбанкны тухай хуулийг 1996 онд Монгол Улсын Их Хурлаар баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл манай Төвбанканд хэзээ ч биелэх боломжгүй гурван зорилтыг нэгэн зэрэг хангах хүнд үүрэг оногджээ. Мэдээж хэзээ ч биелэхгүй учраас Төвбанк валютын ханшийн хэлбэлзлийн гол буруутан болж нэрлэгдэх нь бий.
Уг нь манай улс удирдлагатай хөвөгч /Managed Floating/ ханшийн дэглэмтэй. Энэ дэглэмийн онцлог нь валютын ханш чөлөөтэй ч огцом хэлбэлзлийн үед Төвбанкнаас зохицуулалт хийдэг. Түүнээс биш Төвбанк ханшийг хүчээр барих ямар ч бололцоогүй юм. Учир нь Монгол Улс хөрөнгийн чөлөөт урсгал буюу гаднаас орж ирэх валютад ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй, мөн Төв банк нь инфляцийг зорилтоо болгосон байдаг учраас ханшийг тогтмол барьж чадахгүй.
Хэрэв ингэх гэж оролдвол онолын дагуу мөнгөний бие даасан бодлого, хөрөнгийн чөлөөт урсгал хоёрын аль нэгийг золионд гаргахаас өөр аргагүй билээ.
Ийм байхад УИХ-ын гишүүд Төв банкнаас ханшийг тогтвортой барьж байхыг шаарддаг нь өөрөө утга учиргүй. Харин Монгол төгрөгийн төлөө улс төрчдийн хамгийн сайн хийж чадах зүйл зохиомол хүлээлт бий болгохгүй байх, валютын орох урсгал буюу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Тиймээс улс төрчид одооноос өөрсдийн чадах гол зүйлээ гүйцэтгэл сайтай хийх л үлдлээ.
Нийтлэлч Э.Цэлмэг
URL: