АНУ-ыг цөхрүүлсэн аварга
Америк хөлбөмбөгийн супер од, алдарт жүжигчин, өнгөт арьстны эрхийн төлөө тэмцэгч бөгөөд чөлөөтэй яваа, ичгүүргүй гэмт этгээд, дүр эсгэж, хууран мэхлэхдээ мастер гэх тодорхойлолт О.Жей Симпсон гэдэг ганц хүнд л тохирно гэж ажиглагчид үзэж байна. Спорт, урлагийн нэр хүнд, эрүүгийн хэргийн мэдээллүүд түүнийг АНУ-ын олны танил иргэдийн нэг болгожээ.
МУЖ УЛС ДАЯАР ТЕЛЕВИЗЭЭР ҮЗҮҮЛСЭН НЬ
“Калифорни муж улсын Дээд шүүх, Лос-Анжелес тойрог, Орентал Жеймс Симпсоны эсрэг Калифорни ВА 097211 дугаартай хэргийн материал. Уг материалтай танилцаад тангараг өргөсөн бид шүүгдэгч Орентал Жеймс Симпсоныг хүн амины хэрэг үйлдээгүй гэж дүгнэж байна” хэмээсэнд домогт О.Жейгийн хамт зогссон өмгөөлөгч Жонни Кокран төдийгүй Америк даяар дуу алджээ.
Симпсоны эхнэрийн амийг бүрэлгэсэн тухай дуулиант хэргийг улс даяараа сонирхож байв. Шүүхийн шийдвэр унших үед хот хоорондын суурин утасны ярианы тоо 58 хувиар буурч, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны дүн 41 хувиар багасчээ. Усны хэрэглээ ч эрс унаж, хүмүүс хамгийн чухал зүйлээс хоцрохгүй гэсэндээ бие засах ч “завгүй” байв. 50 муж улсын анги танхим, оюутны цайны газар руу зурагт зөөжээ.
50 муж улсын анги танхим, оюутны цайны газар руу зурагт зөөжээ.
Түүгээр зогсохгүй хэвлэлийн бага хурал, Засгийн газрын уулзалтуудаа Ерөнхийлөгч Билл Клинтон цуцалж, ажилтнуудын хамт шүүхийн шийдвэр сонсох гэж Зууван танхимаас гарч байв. Дээд шүүхийн шүүгч нар уг хэргийн шийдвэр гармагц бичлэгийг нь өгөхийг үүрэг болгосон гэдэг.
Харвардын их сургуулийн профессор Алан Дершовицийн үзэж буйгаар тус улс нэг удаагийн шүүх хурлын улмаас 480 тэрбум долларын ашгийг дутуу тооцжээ. Энэ бүхний буруутан нь шүүхийн үзсэнээр ганц л хүн.
АЛДРЫН ГАРАА
Бяцхан Орентал хүү АНУ-ын Сан-Франциско хотод Юнис, Жимми Ли Симпсон нарын гэр бүлд мэндэлжээ. Эх нь эмнэлгийн эрхлэгч, эцэг нь тогооч. Ижил хүйстэн учир эцэг нь гэр бүлээ орхиж, эх нь хүүгээ ганцаар өсгөв. Өдгөө баячуудын нэр хүндтэй дүүрэг болсон, 1960-аад онд ёс журамтай америкчууд зүглэдэггүй Потреро Хиллд Симпсоныхон амьдардаг байжээ. Тэр нь батлан хамгаалахын үйлдвэрийн ажилчдад зориулан улсаас барьж өгсөн гурван давхар тэгш өнцөгт барилгуудаар дүүрсэн хороолол байсан аж.
Далай руу харсан сайхан байрлалтай хэдий ч Потреро Хиллийн амьдрал нэг л түгшүүртэй. Жижиг дээрэм, зодоон цохион О.Жейд нөлөөлж, тэрбээр “Персийн дайчид” гудамжны бүлэглэлийг толгойлох болжээ. Нэг удаа засан хүмүүжүүлэх төвөөс гарсны дараа бейсболын од Уилли Мэйстэй уулзах завшаан тохиов. Түүний нөлөөгөөр Симпсон эрүүгийнхнээс холдож, спортоор хичээллэхээр шийдсэн байна.
О.Жей ахлах сургуульд амжилттай тоглож байсан ч нэр хүндтэй их сургуульд элсэж чадахааргүй дүнтэй төгсчээ. Тиймээс коллежид элсэж, тэндхийн шигшээ багт орсноор их сургуулийнхны анхаарлыг татсан аж. Симпсон элсэлтийн шалгалт нь хамгийн хүнд гэгддэг Өмнөд Калифорнийн их сургуулийг сонгожээ. Сурлагаар гавихгүй ч хөлбөмбөгийн од болж, баг нь 1967 оны аваргаар шалгарахад Симпсон гартаа бөмбөгтэй гүйх ерөнхий зайн дээд амжилт тогтоосон байна.
ХАРУУД БА ТҮЙВЭЭН
Түүнийг цагаан арьстнууд, чинээлэг голдуу найзууд, эхнэр Маргареттайгаа амьдралын сайн сайхныг үзэж байх хооронд хар арьст найзууд нь “там”-д унажээ. 21 настай хар арьст залууг жолоо барихдаа зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн цагдаа нар сэжиглэн баривчлах гэснээс үүдсэн мөргөлдөөн 1965 оны наймдугаар сард эхэлж, 39 хүн амь эрсэдсэнээр бүр ч даамжирсан байна.
Хүний аминд хүрсэн цагдаа нарыг 1992 онд гэм буруугүй хэмээн үзсэнээр харь арьстнуудын тэвчээр барагдаж, зургаа хоног үргэлжилсэн бослогын улмаас 63 хүн амиа алдаж, олон байшинг шатааж, нийт нэг тэрбум долларын хохирол учруулжээ. Үндэсний гвард, армийн хоёр дивиз Сан-Франциско хотод орсноор байдлыг хяналтдаа авсан байна.
“ӨНГӨГҮЙ” НЕГР
О.Жей Симпсон болсон хэрэг явдлын талаар юу ч мэдэхгүй байв. 1968 онд түүнийг мэргэжлийн хөлбөмбөгийн “Buffalo bills” багт авснаар насанд хүрсэн америк хүн бүрийн танил болжээ. Лос-Анжелесийн баян, цагаан арьстнууд л амьдардаг Брентвуд дүүрэгт байшин худалдан авлаа.
“Энэ байж боломгүй явдал. Чи од бол өнгөт арьстан биш. О.Жейгийн түвшний од байх нь хүмүүст таалагддаг бөгөөд өөрийгөө баатар гэж үздэг эрэгтэй хүн бүр түүнтэй гар барих мөчийг хүлээдэг” гэж тэндхийн оршин суугч Зои Тур ярьсан байна. Симпсон спортод амжилт олсон төдийгүй жүжигчин гэж хэлэгдэхээр 12 кинонд тогложээ. “Тэрбээр 1970-аад оны хамгийн алдартай залуу байв. Хэнк Аарон, Мохаммед Али, тэгээд О.Жей Симпсон гэж байлаа. Тэднээс хамгийн алдартай нь О.Жей. Түүн шиг сурталчилгаанд тоглож, нисэх буудал дамжин хэн ч гүйгээгүй” гэж “Buffalo bills” багт цуг тоглодог байсан Жо Деламийер дурссан аж.
Тэднээс хамгийн алдартай нь О.Жей.
Холливудын хамгийн шилдгүүд, хамгийн баян, нэр алдартай, үзэсгэлэнтэй оршин суугчид л цугладаг Беверли хиллс дэх “Daisy” клубийн байнгын зочин нь Симпсон байв. Энэ үед ойтой охин нь усан санд живснээр О.Жей Симпсон, Маргарет нар салжээ. Николь гэдэг бүсгүйтэй анх учирснаас хойш хэдэн өдрийн дараа түүний ажил дээр Симпсон очиж, автомашин авч, хамтдаа амьдрахыг санал болгов. Бүсгүйн эцэг, эх ч татгалзаагүй учир жинхэнэ дурлалт хосууд шиг байжээ.
1980-аад онд Симпсон жинхэнэ бизнес эрхлэгч боллоо. “Hertz” компанийн тэргүүн Фрэнк Олсон түүнийг Америкийн хамгийн нөлөө бүхий хүмүүстэй танилцуулсан нь гольфын алдарт “Arcola сountry сlub”-т тоглох эрхтэй болсон анхны хар арьст болоход туслав. О.Жей нэр алдраараа мөнгө олж, бөмбөгөн дээр гарын үсгээ зурж, олон нийтийн арга хэмжээ, телевизийн нэвтрүүлгээр гардаг хүн болжээ. Хоёр хүүхэдтэй болсон тэднийг гаднаас нь харахад аз жаргалтай харагддаг байв. 1994 оны зургадугаар сарын 12-нд Николийг гэрийнх нь үүдэнд хоолойг нь хэрчсэн байлаа.
НУУЦ ХҮЧИРХИЙЛЭЛ
“Тэр намайг алах нь” гэж шороонд хутгалдсан, өндөр нуруу, шар үстэй, хөхөвч, биеийн тамирын өмдтэй эмэгтэй цагдаа руу гүйн очжээ. “Хэн чамайг хороох гээд байна” гэхэд, дагжин чичирсэн, хөх няц болсон эмэгтэй “О.Жей” гэв. Энэ үед хаалга руу домогт тамирчин ойртож ирлээ. Тархиных нь судас гүрэлзэх тэрбээр “Түүнийг хармааргүй байна.
Надад өөр хоёр ч эмэгтэй бий. Зайл!” хэмээн хашхирна. Энэ явдал 1989 оны нэгдүгээр сарын 1-нд болсон бөгөөд эргүүлийн цагдаагийнхан ес дэх удаагаа Симпсоныхны гэрт иржээ. Хожим нь Николийн тэмдэглэлийг үзэхэд нөхөр нь удаа дараа зэрлэгээр зоддог байсан нь илрэв. Гадуур явсныг нь тодруулж асуух тоолонд ийм хэрэг гардаг байж.
Хүүхдүүдийнхээ төлөө л энэ бүхнийг тэвчдэгээ тэмдэглэжээ. Эцэст нь тэд тусдаа амьдрахыг оролдсон боловч Симпсон Никольд амар заяа үзүүлдэггүй, үргэлж мөрдөж, эрэгтэй хүнтэй уулзахаар хариуг нь барьдаг байсан аж. Эргээд нийлэх гэсэн нь ч бүтээгүй байна.
ХОЁР ЦОГЦОС БА ХӨӨЦӨЛДӨӨН
1994 оны зургадугаар сарын 12-нд хэргийн газарт ирсэн цагдаагийн тэмдэглэснээр Николийнхоос гадна түүний найз, тэндхийн рестораны зөөгч Рон Голдман гэдэг залуугийн цогцос байв. Гэр бүлийн зоог барьсны дараа ээжийнх нь орхисон нүдний шилийг өгөхөөр тэр залуу тэднийд очсон гэнэ. Цус болсон, баруун гарын бээлий Симпсоны эдлэнгээс олджээ. Мөрдөгчид Николийн эгч рүү утасдахад “Тэр л түүний аминд хүрнэ гэдгийг мэдээд байсан юм!” гэж хашхирсан байна. Хэрэг гардаг шөнө Симпсон Чикаго руу ниссэн байжээ.
Мөрдөн байцаагчид өмгөөлөгч рүү утасдаж, Симпсоныг дуудуулсан боловч тэрбээр олдоогүй гэнэ. Харин орой нь найз нь хэвлэлийн бага хурлын үеэр захидлыг уншжээ. “Надад санаа зовох хэрэггүй. Би сайхан амьдарч, олон сайн найз нөхөдтэй байлаа.
Миний амьдралыг онцгой болгосонд баярлалаа.
Сураггүй болсон хүнийг бус, жинхэнэ О.Жейг дурс. Миний амьдралыг онцгой болгосонд баярлалаа. Би ч бас та бүхэнд тусалсан гэж найдаж байна. Энх тайван, хайрыг та бүхэнд хүсье. О.Жей” гэсэн байв. Түүний захидлыг сонссон олон хүн түүнийг амиа хорложээ хэмээн таамагласан боловч нэг цагийн дараа өөрөө 911 рүү залгажээ.
Цагдаагийнхан түүний байгаа газрыг тогтоож, цагаан “Ford bronco”-г Лос-Анжелесийн нэг замаар мөшгөв. Симпсон арын суудалд гар буу, виски, бас гэр бүлийнхээ хоёр гэрэл зургийг барин суужээ. Сэтгүүлчдийг суулгасан нисдэг тэрэг халуун цэгт очсоноор Америк даяар түүний араас хөөцөлдөхөд хүрсэн байна.
Цагдаагийнхныг ойртвол амиа хорлоно хэмээн тэрбээр сүрдүүлж байв. Хэлэлцээ хийсэн цагдаагийнхны ачаар түүнийг баривчилж, шүүхэд хүргэжээ. Шүүгчийн асуултад тэрбээр “Гэм буруугүй” хэмээн хариулсаар байлаа.
ЗУУНЫ ШҮҮХ
Майкл Жексон, Снуп Догг нартай ажиллаж байсан “Холливудын өмгөөлөгч” гэгдэх Жонни Кокран тэргүүтэй хамгаалагчдын багийг тэрбээр бүрдүүлжээ. Хохирогчийн талынхан жинтэй баримтууд гаргаж ирсний дотор хэргийн газраас олдсон цустай, баруун гарын бээлий байв. Нөгөө өрөөсөн болох зүүн гарын бээлий О.Жейгийн эдлэнгээс олдсон аж. Мөн Николийн цусанд хутгалдсан оймс О.Жейгийн гэрээс олджээ. Мөн байнга хүч хэрэглэдэг байсныг гэрчлэх, хохирогчийн өдрийн тэмдэглэлийг шүүхэд үзүүлсэн байна.
Байдал хүндэрснийг ойлгосон өмгөөлөгч нар хоёр арга хэрэглэжээ. Юуны түрүүнд баримтуудыг няцаав. Цагдаагийнхан хэргийн газар нүцгэн гараар, болгоомжгүй ажилласны улмаас цусны хэд хэдэн толбыг хутгаснаас лабораторийн ДНХ-ийн шинжилгээ буруу гарсан гэлээ. Хоёр дахь нь түүнийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн золиос болсон гэх арга байв. Үүнийг нотлохын тулд О.Жейгийн цагаан арьстнуудтай авахуулж, өлгөсөн ханын зургуудыг харуудтай байгаагаар сольсон байжээ.
Энэ мэтчилэн арга хэрэглэсээр нэг шүүх ажиллагааны үеэр прокурор хэргийн газраас олдсон бээлийг өмсөхийг Симпсоноос шаардсан байна. Өмгөөлөгч нарын зөвлөснөөр үүнд аль хэдийнэ бэлдэж, үе мөчний эмээ уухаа больсон түүний гар хөөж, бээлий орохооргүй болсон гэнэ. Шүүгчид зөвлөлдөхөөр гарах хооронд Ж.Кокран “Хэрэв энэ (бээлий) таарахгүй бол та цагаатгагдах ёстой” гэж хэлсэн нь алдартай үг болон үлджээ.
Баян ч бай, алдартай ч бай хар арьстан шууд гэм буруутан болдоггүй гэдэгт найдаж болдгийг тэрбээр мэдэрсэн гэнэ.
Эцсийн дүнд Симпсон гэм буруугүй болж, энэ нь АНУ-ын хар арьстнуудын хувьд жинхэнэ баяр болсон аж. Баян ч бай, алдартай ч бай хар арьстан шууд гэм буруутан болдоггүй гэдэгт найдаж болдгийг тэрбээр мэдэрсэн гэнэ.
Олон нийтийн санаа бодол хоёр хуваагдаж, цагаан арьстнуудын 63, харуудын 65 хувь нь түүнийг гэм буруугүй гэдэгт итгэлтэй байв. Зууны шүүх хурлыг зурагтаар үзүүлж, бүх нотолгоог нь харуулсны дараа цагаан арьстнуудын 77 хувь нь түүнийг буруутай, харуудын 72 хувь нь буруугүй гэжээ.
“Энэ нь Родни Кинг (цагдаагийн гарт амь эрсэдсэн хар арьстан)-ийн төлөөх бидний өшөө авалт байлаа” гэж шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн дараа шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан хар арьст эмэгтэйчүүдийн нэг Кери Бесс мэдэгдсэн байна. Түүгээр зогсохгүй хамт ажилладаг шүүгчдийнх нь 90 хувь тийн бодож байсан гэж тэрбээр хэлжээ.
Харин Р.Голдманы гэр бүл давж заалдсаны эцэст хэрэг гарснаас хойш 13 жилийн дараа Симпсон 33 жил хорих ял шийтгүүлсэн байна. Гэхдээ есөн жил ял эдэлсний дараа хугацаанаас нь өмнө суллагдах эрхтэй байв.
2017 оны аравдугаар сарын 1-нд О.Жей тэнсэн харгалзах ялтайгаар суллагджээ. Түүнтэй шоронд хамт байсан, бүх насаараа хоригдох ялтай Вернон Нельсон гэгч “Daily star” сонинд бичсэн захидлаас үзвэл Николь, Голдман нарыг хороосноо Симпсон гайхуулж байсан гэнэ. О.Жейг хоёр дахь удаагаа шүүнэ гэж байхгүй. 1994 оны зургадугаар сарын 12-нд болсон хэргийн үнэн мөнийг дэлхийн олон нийт хэзээ ч олж мэдэхгүй нь.
Өнөөдөр сонин
URL: