Хүүхдүүдээ тоглоомоор хордуулсаар байна

527-1510889331XopoM.com-Хятад-дахь-тоглоомын-үйлдвэрлэл-35МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоом импортлогч, цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулан хүүхдийн тоглоом импортлох үеийн хяналт шалгалт, тоглоомын эрүүл ахуйн шаардлагын тапаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МХЕГ-аас Монгол Улсад импортоор орж ирсэн болон цэцэрлэгүүдэд хэрэглэж буй хүүхдийн тоглоомд зургаан сарын хугацаанд хяналт шапгалт хийжээ. Тандалт судалгаагаар импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэж буй хүүхдийн тоглоомуудаас 92 удаа дээж авч шинжлэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн бичиг баримтгүй тоглоомоос будагч бодисын найрлагад ордог хар тугалга, хром зэрэг химийн хүнд металл илэрсэн байна. Хүүхдийн тоглоомын стандартад олон төрлийн шаардлага байдаг ч судалгааны хүрээнд мэдэрхүйн үзүүлэлт буюу өнгө, физик, будгийн тогтворжилт зэрэг ерөнхий үзүүлэлтийг нь шинжилжээ.
Учир нь, манай улсад үүнээс илүү нарийвчилсан шинжилгээ хийх лаборатори байдаггүйг мэргэжилтнүүд онцолж байлаа. Тиймээс хүүхдэд шууд хор учруулахгүй ч ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх тоглоомноос хүнсний бүтээгдэхүүн сонгодог зарчмаар гарал үүслийн бичигтэйг нь сонгож өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөв. Мөн зарим хилийн боомтоор хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй,баримт бичгийн зөрчилтэй тоглоом импортолж, худалдаалах тохиолдол элбэг байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Химийн шинжлэх ухааны ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Хүүхдийн тоглоом хүүхдийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл юм. Эцэг эхчүүд “зүгээр л тоглоомоор тоглуулж байна” гэж үздэг боловч тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, дур сонирхолд их нөлөөлдөг. Бид зах болон супермаркетуудаар худалдаалж буй тоглоомуудын химийн найрлага, бодисын агуулгыг судалсан. Судалгаагаар тоглоомуудын химийн найрлага MNS8024 стандартад заасан шилжилтийн хэмжээнээс өндөр гарсан. Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн,бичиг баримтгүй тоглоомуудаас илэрсэн. Эдгээр тоглоомд хар тугалгын найрлага орсон байсан. Хар тугалга нь будагч бодисын найрлагад ордог. Энэ бодис хүүхэд тоглоомыг амандаа хийх үед биед шилжиж орж, сэтгэн бодох чадвар, IQ-д сөргөөр нөлөөлдөг. Тиймээс улс орнууд хүүхдийн тоглоомны хар тугалганы хэмжээн дээр маш хатуу хяналт тавьдаг. Судалгаагаар зарим хүүхдийн тоглоомоос хром илэрсэн. Хром нь тоглоомонд гялалзсан өнгө нэмдэг. Энэ нь хавдар үүсгэгч бодисд тооцогддог. Мөн гурваас дээш насны хүүхдүүдийн хуванцар тоглоомоос формальдегид гэдэг бодис илэрсэн. Энэ бодис мөн л хавдар үүсгэдэг гэж олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс тоглоомны хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй” гэлээ.
Замын-Үүд боомтын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч У.Сарантуяа “Тоглоом импортолдог иргэд, бизнес эрхлэгчид болон эцэг эхчүүд тоглоом худалдаж авахдаа тоглоомны бичиг баримтыг шалгаж, үнэрлэж үзэх хэрэгтэй. Учир нь, үнэртэй тоглоом  хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг. Хямд үнэтэй тоглоом  ихэвчлэн химийн бодистой байдаг. Харин бичиг баримтгүй, хаяг шошгогүй, гарал үүсэл нь тодорхойгүй тоглоомыг худалдаж авахгүй байх нь зүйтэй. Замын-Үүдийн боомтоор стандартын шаардлага хангаагүй тоглоомыг оруулж ирсэн байдаг. Өнгөрсөн есдүгээр сарын 2-нд “Чихэртэй тоглоом”-ыг Замын-Үүдийн боомтоос хураасан. Энэ тоглоом нь дотроо өнгө өнгийн зориулалтын бус будагч бодистой, ямар ч хаяг шошгогүй байсан. Мөн үрлэн сумтай  буугаар тоглохдоо хүүхэд сумыг нь залгих, идэх эрсдэлтэй учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Гэвч хувь хүн хилээр оруулж ирж, зарж буй тохиолдол элбэг. Тиймээс эцэг эхчүүдэд үрлэн сумтай буу авахгүй байхыг анхааруулж байна” гэв.
“Гэгээн өргөө” цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг “Манай цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн цэцэрлэг. Хувийн цэцэрлэгүүдэд улсаас тоглоом өгөх ёстой ч өгдөггүй. Бид хувийн зардлаас тоглоом худалдаж авдаг. Хүүхдийн тоглоомоо дотоодын аж ахуйн нэгжээс болон Хятад улсаас нас насных нь онцлогт тохируулан авдаг. Ихэвчлэн өрж байгуулах, сэтгэлгээ хөгжүүлэх тоглоом сонгодог. “Улсаас цэцэрлэгүүдэд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүүхдийн тоглоом олгоно” гэж хуульд заасан байдаг ч төсөвт тусгасанхөрөнгө хангалттай хүрэлцдэггүй.Манай цэцэрлэг жилд 2 сая гаруй төгрөгөөр тоглоом худалдан авдаг. Цэцэрлэгийн хүүхдийн тоглоомыг жил тутамд л шинэчилж, өөрчлөх шаардлага гардаг” гэсэн юм. Харин улсын цэцэрлэгийн хувьд хүүхдийн тоо хэд дахин хэтэрсэн учраас хүүхдийн тоглоомын хүрэлцээ муу гэдгийг хэлж байв. Нийслэлийн цэцэрлэгийн 66.6 хувь нь хүүхдийн тоглоомоо хаанаас авсан, хэн үйлдвэрлэсэн гэсэн шинжилгээгээр баталгаажуулсан байдаг. Харин орон нутгийн цэцэрлэгүүдийн 9.6 хувь нь баталгаатай тоглоом хэрэглэдэг байна.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “МХЕГ- аас зургаан сарын хугацаанд Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 17 иргэний 10 улсаас импортолсон 18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн Улаанбаатар, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэж буй тоглоомуудыг судаллаа. Иргэд хилийн боомтоор нэвтрэхдээ “хүүхдэдээ авч байна” гэж багагүй хэмжээгээр чанарын шаардлага хангахгүй, гарал үүслийн бичиггүй тоглоом оруулж ирж байна. Тиймээс бид үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, аж ахуйн нэгж байгууллагад зориулан сургалт зохион байгуулж байна. Цаашдаа бид хяналт шалгалтыг сайжруулах, лабораторийг нэмэгдүүлэх зэрэг ажил хийх шаардлагатай. Тоглоом дээр хүнсний бүтээгдэхүүнтэй адил шошго байдаг. Тэнд хэдэн насны хүүхэд тогловол зохимжтой, ямар улсад үйлдвэрлэсэн, ямар материал орсон, хэрэглэх, угааж, цэвэрлэх заавар зэргийг нарийвчлан бичсэн байдаг. Бичихдээ томоор буюу 12 шрифтээр тэмдэглэсэн байх ёстой. Гэтэл манай улсын зах зээлд буй ихэнх тоглоомд ийм шошго, тэмдэглэгээ байхгүй. Үүнд МХЕГ-ын байцаагчдаас гадна иргэд хяналт тавих хэрэгтэй.  Ийм бүтээгдэхүүн байвал худалдан авахгүй байх ёстой. МХЕГ-аас БНХАУ, БНСУ-аас гарал үүслийн бичиг нь тодорхойгүй тоглоом оруулж ирсэн иргэн, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгож, тоглоомыг нь хураасан” гэв.
Хүүхдийн тоглоом олон улсад эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хэлбэр дүрс, найрлага, агууламжаасаа хамаараад хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учир олон улсад ихээхэн анхаарал хандуулдаг байна. Тийм ч учраас Европын холбооноос тогтоосон стандартын дагуу хяналт тавьж ажилладаг байна.
Монгол Улс дэлхийн 10 гаруй улсаас жилдээ нэг сая орчим хүүхдийн тоглоомыг импортоор оруулж ирдэг байна. Эдгээрийн ихэнх нь гарал үүсэл тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй тоглоом байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид онцгойлон анхааруулсан юм.
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих