Хэлмэгдүүлэлт ингэж эхэлдэг юм

hilmegduulelt1Нийт хүн төрөлхтний түүхийг явцуугаар тайлбарлавал ердөө л дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа бүлэг хоорондын болон тэдний дотоод тэмцлээр илэрдэг оршин тогтнохын төлөөх хариу үйлдлүүд. Нийгэм хөгжил дэвшил, уруудал доройтлоор ээлжлэн насаа нэмэх зуур хүн төрөлхтний амьдрал урсан өнгөрнө, үйл явдлын урсгал түүх болон хоцорно. Түүх, түүнтэй хамт замхарсан цаг хугацаа дахин давтагдахгүй, эргэн ирэхгүй боловч түүхийг бүтээж буй хүний мөн чанар өөрчлөгдөшгүйн улмаас одоо, түүнчлэн ирээдүй цагт өнгөрсний тусгал тодоор буух аж. Бидэнд ирээдүйг шууд олж харах арга байхгүй ч түүхийг судалснаар түүний зүй тогтол, боломжит хувилбаруудыг багцаалан тооцоолох боломж бий. Түүх хуучрахгүй, хэзээ ч хуучирч байгаагүй, цаашид ч хуучрахгүй. Одоо бид нэгэн зууны өмнөх монголчуудад тохиолдсон улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээх гашуун түүхийг тольдох болно. Яагаад гэвэл яг 80 жилийн өмнө Монгол сэхээтнүүдийн цөхрөл, шаналалын дуу хоолой шоронгийн хүйтэн хананаас хальж, тэнгэрт замхран одож байсан юм.

НЭГЭН ЗУУНЫ ТЭРТЭЭД

Зуун жилийн өмнө, 1917 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдаад ердөө зургаан жилийн нүүр үзээд байв. Дэлхийн I дайн, түүнийг дагасан барууны орнуудын эдийн засгийн хямрал, Манжийн эзэнт гүрний уналт, Дундад иргэн Улсын дотоод хямрал, Оросын хаант засаглалыг нураасан коммунист хувьсгал гэсэн томоохон үйл явдлууд XX зууны дэлхий ертөнцийн өнгө төрхийг шинээр тодорхойлсон үйл явдлуудын давлагаа манай улсын ирээдүйг ч бас шийдэж орхисон. Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, хоёр хөршдөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Богд хаан тэргүүтэй тухайн үеийн эрх баригчид боломжит бүхий л хувилбарыг туршиж үзсэн гэдэг. Тэдний зарим хичээл зүтгэл дотоодод амжилт олохын сацуу нөгөө талаар гадаад улстөрийн хүчинд нэрвэгдсэн нь бий. Хэдэнтээ бүрэн эрхээ гаднын цэргийн хүчинд алдсаны эцэст Дундад иргэн Улсын цэргүүдээс Нийслэл хүрээг чөлөөлсөн Зөвлөлт холбоот Улсын нөлөөлөл Монгол Улсын хувь тавиланд голлох гадаад хүчин зүйл болохоор тогтсон байна. ЗХУ-ын гадаад бодлогын хүрээнд өмнөд хилийн аюулгүй байдлыг нүүдэлчин үндэстний тусгаар улс хамгаалах нь илүү ашигтай, тэр тусмаа Монгол Улс ижил үзэл санааны туган дор нэгдэх нь бүүр ч ашигтай байсан нь мэдээж.

Албан ёсоор Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг Маршал Х.Чойбалсангийн тэргүүлсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны есдүгээр сарын 10-нд байгуулагдсан үеэс эхлэн тооцож, улмаар 1996 оноос хойш энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон жил бүр тэмдэглэж буй билээ. ОБЭК байгуулагдсан цагаасаа хойш 1939 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж, 25824 хүний хэргийг шүүж, 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10-аас доош жилээр хорих ял ногдуулсан байдаг. Хэдийгээр тийм боловч хувь тавилангийн хүрд түүнээс өмнө Монголын нэр бүхий шилдэг сэхээтнүүд, удирдагчдын эсрэг чиглэчихсэн байсан хэмээн үздэг судлаачдын тоо ч цөөнгүй. Улс төр судлаач, доктор Г.Цэнд-Аюуш нэгэн илтгэлдээ ‘‘Манжийн дарлалд 300 жил байсан Монгол Улсыг гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан байсан гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ үгүй. Тэр харанхуй цаг үед ч гэсэн Монголын сэхээтнүүд, сэтгэгчдийн уламжлал хадгалагдсаар ирсэн юм. Анхны долоогоос эхлээд XX зууны эхэн үеийн төрийн нийгмийн зүтгэлтнүүдийг дан ганц орос, хятад хэлээр хязгаарлагдсан, зарим талаар хоцрогдсон хүмүүс байжээ хэмээн бичдэг байсан үе бий. Гэтэл тэд барууны хэл соёл, түүхийг маш сайн судалсан, дэлхийд өрнөж яваа үйл явдлуудыг мэддэг байсан. Гол нь социалист чиг шугам баримтлахын оронд биеэ дааж капитализмыг хөгжүүлэх нь манай нийгэмд илүү өгөөжтэй гэсэн дүгнэлтэд хүрснээсээ болж хэлмэгдүүлэлтэд өртсөн байгаа юм. Барууны орнуудын Үндсэн хуулиудыг судлаад, өөрсдийн түүх уламжлалд зохицох загвар хүртэл боловсруулсан байсан” гэсэн байдаг.

Төрийн соёрхолт түүхч, доктор О.Батсайханы онцолсон үйл явдлуудыг он цагийн дарааллаар товчилж, гурван үе шатанд хуваавал:

ЭХНИЙ ҮЕ 1922-1939 ОН

Ардын хувьсгалтай холбогдуулж, Монгол Улс шинэ засаглалын систем нугагшуулахаар судалж байсан цаг. ЗХУ-ын тусламж, нөлөөлөл үлэмж их байсан учир барууны чиглэл бүхий сэхээтнүүд хавчигдаж эхэлсэн. Шинэ засаглалын тогтолцоонд ангигүй нийгэм байгуулахыг чухалчилсны улмаас тухайн үеийн нийгмийн оюун санааг чиглүүлж байсан язгууртнууд, лам нарын хөрөнгийг хурааж, эрх мэдпийг нь булаах алхмууд эхнээсээ хэрэгжсэн байна. Яваандаа энэхүү ажиллагаа эрчимжиж, хилс хэрэгт гүггэх, тулган хүлээлгэх хүртлээ явцуурсан байдаг. Хамгийн гол нь нийгмийн хамгийн оюунлаг иргэд энэ хэрэгт хохирдог нь харамсалтай.

-1922 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо нарын 14 хүнийг цаазлан хороосноор, бүр нарийвчилбал Богд хааны Засгийн газрын гишүүдийг баривчилснаар эхэлсэн.

-1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр МАН-ын Төв Хорооны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Солийн Данзанг Эвлэлийн Төв Хорооны Баваасангийн хамтаар Шар хаданд хороосон. Энэ бол МАН-ын Гуравдугаар их хурлын хуралдааны дундуур хурлынхаа даргыг буудаж хороосон явдал байв.

-1928 онд МАН-ын Т өв Хорооны дарга Ц.Дамбадорж, Н.Жадамба нарыг албан тушаалаас нь хүчээр зайлуулж, улмаар Москвад аваачсан.

-1930 онд Төгсбуянтад гарсан лам нарын бослогыг цэргийн хүчээр дарсан.

-1934 онд Лхүмбийн хэрэг хэмээх хилс хэрэг гарч, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын нэр оролцсон энэ хэрэгг буриад голдуу хүмүүс хэлмэгдэв.

-1936 онд Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь зайлуулж, Москвад «эмчлүүлэхээр» илгээсэн явдал болов.

-1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр Гэндэн Дэмидийн хэмээх хилс хэрэг гарч, олон нийтийг хамруулсан их баривчилгаа дэгдэв.

-1938 онд Ёнзон хамбын хэмээх хэрэг гарч, олон тооны лам хуврагууд өртөв.

ХОЁРДУГААР ҮЕ 1940-1955 ОН

ОБЭК-ийг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар хоёрдугаар үе шат эхэлсэн байна. Энэ комиссын гол үүрэг нь хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэж, хэргийн гэрчийг устгах, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Тусгай комисс 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг ялласнаас ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгдсэн.

-1947 онд Порт Артурын хэрэг гарсан.

ГУРАВДУГААР ҮЕ 1956-1990 ОН

1956 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ЗХУКН-ын XX их хуралд ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев “Нэг хүнийг тахин шүтэх явдал ба түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэлээ тавьж, манай улсаас уг хуралд суусан Д.Дамба нарын хүмүүс Монголд ирээд, 1956 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Т өв хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, Х.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ үеэс эхлэн үндсэрхэг үзлийг сэргээх гэж оролдсон гэсэн үндэслэлээр шилдэг сэхээтнүүд хэлмэгджээ.

-1956 онд Сэхээтний төөрөгдөл хэмээх хэрэгдэгдэж, бас л Монголын сэхээтнүүд өртөв.

-1959 онд Дашийн Дамбыг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаас зайлуулав.

-1962 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирын хэрэг гарсан.

-1964 онд Намын эсрэг бүлэг гэгч хэрэг үргэлжилсээр 1990-ээд оны нүүрийг үзжээ.

ЦАГААТГАЛ БА “ХАРЛУУЛАЛТ”

Энэ бол хэн нэгний түүх биш, бидний түүх. Давтах нь бүү хэл мартаж болохгүй тийм чухал түүх. 1922 оноос 1990 он хүртэлх 68 жилийн хугацаанд Монгол Улсын төр, засаг, намын тэргүүнээр нийт давхардсан тоогоор 33 хүн /нарийн бичгийн дарга нар ороогүй/ ажилласнаас наймаас бусад нь буюу учир битүүлэг байдлаар нас барсан байна. Монголын нийгмийн аль ч хэсэгт, ямар ч бүлэгт хэлмэгдүүлэлтийн аюул бодитоор оршсоор ирснийг дээрх тоо баримт нотлоно. Хилс хэрэгг холбогдон, цаазаар авхуулсан иргэдийн тоо ойролцоогоор 35-36 мянга гэж судлаачид үзэж байгаа юм. Харин ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн тоо 100 мянга гаруй гэж тооцоолсон ч шууд болон дам байдлаар уг хэргийн хохирогч болсон иргэдийн тоо хэд дахин их байх магадлалтай. Гэтэл тэр үед хүн амын тоо 800 мянга орчим байсныг бодож үзвал Монгол Улсад хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл үгүй мэт.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үлдээсэн хар толбыг “цайруулах” алхмууд 1956 оноос эхэлсэн байна. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 1956 оны дөрөвдүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс байгуулж, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Б.Баасанжав нарын зэрэг 1940 оны эхээр хэлмэгдсэн 36 хүнийг цагаатгажээ. Чухам энэ үеэс эхэлж тодорхой хэмжээнд үзэл санаа, байр суурийн зөрчлийг хүчээр шийдэх нь болчимгүй явдал гэдгийг ойлгож, цагаатгах үйл ажиллагаа одоог хүртэл тодорхой хэмжээнд үргэлжилсээр байгаа юм. Хэлмэгдэгсдийг цагаатгаж, ар гэрт нь нөхөн төлбөр олгох, төрөөс албан ёсоор уучлал гуйх зэргээр аль болох энэхүү хар хэргээс зам буруулж, цагаан мөр татуулахыг хичээж яваа Монголын төр, нийгэмд сөрөг үзэгдэл гарлаа.

Хэлмэгдүүлэлт гэдэг хамгийн хар хэрэг учраас түүнийг засч, залруулах арга хэмжээг цагаатгах гэж нэрлэдэг юм болов уу хэмээн бодогдлоо. Нийгмийн амьдралд үзэл санаа, эрх ашиг, байр сууриа хамгаалах зөрчилдөөн үргэлж гардаг. Энэ бол тухайн нийгэм амьд, эрч хүчтэй байгааг харуулсан хэрэг. Харамсалтай нь энэхүү эрүүл өрсөлдөөнд хялбар ялалт байгуулахын тулд гүтгэх, дайрч доромжлох, баталгаагүй мэдээлал тараах гэхчлэн “харлуулах” арга замыг төрийн эрх баригчид ашиглах болов.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийгээд өнгөрсөн сард Шинэ Засгийн газар бүрдэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригоос “цагаан” шинж ажиглагдсангүй. Нэг гэр бүл дунджаар таван ам бүлтэй гэж тооцвол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын удаа дараалан хэлж буй 30 гэр бүлийн ард Монгол Улсын 150 иргэн, цаашлаад хамаатан садан, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсийг нь нэмээд тооцвол мянга гаруй хүнийг гүтгэсэн хэрэг. Хэлмэгдүүлэлт ингэж л эхэлдэг шүү дээ.

Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих