С.БАЯР: ШАТРААР БОЛ НЭГ МУУ ПИОНЕР МАД ӨРЖ БАЙГАА Ч ЮМ ШИГ…
УИХ-ын гишүүн С.Баяртай уулзаж, хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр тодруулга хийв.
-Танаас ганцхан зүйл тодруулъя. 2008 оны УИХ-ын сон гууль луйвар болсон гэдгийг С.Баяр хүлээн зөвшөөрлөө, таныг Ж.Батзандантай уулзахдаа үүнийгээ хэлсэн байна гэж “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд гарсан байна. Энэ тухай тодруулах гэсэн юм.
-Тэгээд юу гэж? Яг юуг нь тодруулах гэсэн юм бэ?
-2008 оны сонгууль бүхэлдээ луйвар болсон гэж Та үнэхээр хүлээн зөвшөөрсөн юм уу?
-Юм их амархан мартагддаг бололтой. Яахав, сануулаад өгч болох л юм. 2008 оны сонгуулийн талаар миний байр суурь тодорхой байдаг. Нэгд, тэр үеийн Сонгуулийн хууль ихээхэн учир дутагдалтай, булхай луйвар гарах үүд хаалга нь нээлттэй тул энэ хуулиа өөрчлөх ёстой, тэр луйврын хаалгыг нь хаах учиртай гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө, Ерөнхий сайд болонгуутаа УИХ-ын чуулганы индэр дээрээс энэ байр сууриа илэрхийлсэн. Гэтэл сонгуулийн хуудуутай хуулиа өөрчилье гэсэн миний санал тэр үед дэмжигдсэн бил үү. Хоёрт, сонгуулийн үеэр луйвар булхай гарсан бол түүнийг нь дан ганц манай намынхан хийжээ гэж гөрдөхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Луйвар булхай гарсан гэж үзэж байгаа бол тэр луйврыг манайхан гэхээсээ бусад нь хийсэн болж таарна. Учир нь Сонгуулийн тойрог, хэсгийн хороодод манай намын төлөөлөл цөөнх байсан. Холбогдох баримт сэлтийг нь сөхөөд харчихаарай. Гуравт, “Долдугаар сарын 1”-ний дараа будлиантай гэж үзсэн тойрог ганцхан Баянгол дүүрэгт л байсан биз дээ. Бужигнаж бужигнаж, эцэстээ ганц Баянголтой л үлдэж байгаа юм. Хаана байна, тэр бүхэлдээ болсон луйвар чинь?
-Та гэхдээ Батзандантай үнэхээр уулзсан юм уу?
-Уулзсан.
-Яагаад уулзсан юм бэ?
-Надтай уулзъя гэж удаа дараа хүсэлт тавиад байхаар нь уулзсан. Биднийг, намайг байнга муулж, шүүмжилж явдаг тэр залуу юу гэж бодож явдаг, надтай яагаад уулзах гээд байгаа юм бол гэж сонирхсон юм. -Тэгээд та хоёр юун тухай ярьсан юм бэ? -Юм юмны захаас л ярилцсан даа.
-“Долдугаар сарын 1”-ний үйл явдалд Ерөнхий сайд байсан би буруутай гэж Та Батзанданд хэлсэн юм уу?
-Буруутай, буруугүйн тухай яриа болоогүй. “Долдугаар сарын 1”-ний үйл явдалд хэн бэлэн байсан, хэн бэлэн байгаагүй тухай л ярилцсан. Тэр үйл явдалд хэн ч бэлэн байгаагүй. Төр засаг ч бэлэн байгаагүй, түмэн олон ч бэлэн байгаагүй, улс төрийн намууд ч бэлэн байгаагүй. Бэлэн байгаагүй учраас л тэр хар аюул нөмөрсөн гэж би боддог.
-Тэгвэл “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд гарсан мэдээллийн талаар Та юу хэлэх вэ?
-Би юу гэх вэ дээ. Нэг нь дэгс юм нийтлээд л, нөгөөдөх нь түүнийг нь өлгөж авч өртөөчлөх гээд л… Шатраар бол нэг муу пионер мад өрж байгаа ч юм шиг. Батзандан гэдэг залуу надтай уулзъя гээд байсны учир арай ийм хөгийн хямдхан гаргалгаатай байсан юм биш биз гэж ч бодмоор. Гэхдээ арай үгүй биз дээ…
-УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн хуулийн талаар нэг юм тодруулж болох уу?
-Тэр талаар холбогдох Байнгын хороо, ажлын хэсгээс тодруулсан нь дээр биз дээ.
Б.ТЭГШ
URL: