“ЧИНГИС” БРЭНДИЙН АРХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

59Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 19-нд буюу ням гаригт тохиож байна. Энэ өдрийг угтан “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр оюутан залуусын хамт “АПУ” ХК, “Жем интернешнл”ХХК, “UFC групп” ХХК-ны хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д “Чингис” брэндийн архины үйлдвэрлэлийг зогсоох шаардлага тавилаа. Энэхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

Ил захидал

Хүндэт Ж.Оджаргал /“Эм Си Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга/, П.Батсайхан /Шунхлай группын ерөнхийлөгч/, Ц.Цэрэнпунцаг / “Жем интернешнл” ХХК-ныг үүсгэн байгуулагч, улсын гарьд/, О.Амартүвшин /“UFC” группын ерөнхийлөгч/ нар болон “СББ” ХХК, “АПУ” ХК, “Жем интернешнл”ХХК, “UFC групп” ХХК-ны хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д

Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу.
Удахгүй болох үндэсний бахархалын өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд өчүүхэн бага, бас надад огт хамаагүй мэт боловч хэрэгсэхгүй орхиж болмооргүй нэгэн асуудлаар та бүхэнд хандаж энэхүү ил захидлыг илгээж байна. Асуудлыг илүү сайн ойлгуулахын үүднээс бяцхан түүхээр эхлүүлье.

Эрт урьдын цагт “өвгөнт” бурхан дээр тахигдаж, ногоон шилтэй роялыг 6 хувааж найруулсан найрка найрын ширээн дээр заларч, АПУ-гийн захирал “Найдвартай нь дээр гээд сефнээсээ ХАРАА гаргаж дайлав” гэсэн онигоо дэлгэрч байх цаг дор анх “ЧИНГИС” архи худалдаанд гарч билээ. Өлссөн наадамчид халуун хуушуур руу дайрч байгаа мэт үзэгдэл болсон доо.
Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ гэдгээр “Сүүн Чингис”, “Хар Чингис”, “Морьтой Чингис”, “Шар Чингис”-үүд та бүхний компаниудыг өсөж томорход багагүй хувь нэмэр оруулсан байх учиртай. Өнөөдөр та нар Монголын толгой бизнесменүүд боллоо. Бүх юм цаг хугацаатай. Та бүхний бизнес ганц брендээс хамаарахааргүй болтлоо өсөж томорч чадаж. Одоо ачлалт хүүгийн ёсоор өсөж өндийхөд тус болсон сайн эцгийнхээ ачийг хариулах цаг болж. Түүний төлөө ганцхан зүйл хий. Тэр нь өөрсдийн хувь эзэмшдэг тус тусын компаниудад нөлөөлөх замаар “ЧИНГИС” брендийн архины үйлдвэрлэлийг зогсоох. Аугаа их өвгөдийнхөө нэр төр, сүлд хийморийг барин гуйж бас шаардаж байна.
Учир нь:
1. Монголчууд бидний сүлд хийморь, цог золбоог доройтуулж уламжлалт соёлыг нь мартагнуулах хэрэгслэл болгон манжууд шарын шашныг, оросууд коммунизмыг, ардчилагчид анархизмаар дамжуулж хүчтэй явсан цаг үеийн улбаа гэх бүх зүйлийг гишгилж, доромжилж, өндийсөн тухай бүрт нь нулмиж маш нямбайгаар дэс дараалалтай шавар шавхайтай хутгаж ирсэнийг мэдэхийн дээдээр мэдрэх, ойлгох хүмүүс бол та бүхэн. Хэдхэн жилийн өмнө “ЧИНГИС” архи уух явдал бол өвөг дээдэстэйгээ ойрхон байх, тэднийг хүндэлж биширч байгаагаа илэрхийлэх боломж мэт санагддаг байсан бол эдүгээ тэднийг доромжилж үл тоомсорлож, үл хүндэтгэж байгаа мэт санагдах болов.
2. Одоо 2-5 настай хүүхдүүд Чингис хааны зургыг хараад “Оо баба архин дээр байдаг өвөө” хэмээн хэлж эхэлж байна. Үр хүүхдүүд минь хэрхэн яаж хүмүүжиж, өсөж төлөвшиж байгааг бүгдээрээ харж байна. Бид та бүхнийн санамсаргүй, ашгийн төлөө хэмээн уучилж бодож байгаа гэтэл нийгмийн багагүй хэсэг дургүйцээд, ахмадууд, сэхээтнүүд удаа дараа хэлж сануулсаар байтал та бүхэн ямар санаатай энэ брендийнхээ үйлдвэрлэлийг зогсоохгүй нүдэн балай чихэн дүлий байгаад байна. Цаанаа арай өөр бодол байгаа юм биш биз.
3. Соёлт ертөнц Христын, Буддагийн, зөнч Мухамедийн, далай ламын зурагтай, англичууд, япончууд эзэн хааныхаа хөрөг дүрээр гоёсон, нэрлэсэн архи хийсэн гэж сонсогдоогүй. Чингис хаан бол бидний хувьд хүлээн зөвшөөрсөн цорын ганц эзэн хаан, эцэг дээдэс, энэ улсыг үндэслэгч. Бас бидний бурхан, бас оюун санааны удирдагч гэх бүх алдарыг нэгэн зэрэг хүртэх эрхтэй хүн. Хятадад, өвөрмонголд, германд, солонгост, америкт Чингис архины шилийг хаяж чадахгүй сервантандаа дүүрэн өрчихсөн монгол биш өөр өөр үндэстэн ястан хүмүүс зөндөө байдаг юм билээ. Гэтэл бид…
4. Өглөө гэрээсээ гараад ирэхэд өөрийнх нь, эсвэл аавынх нь, эсвэл өвөөгийнх нь зургыг архины шилэн дээр наачихсан, хогын саванд чихээд нүүрэн дээр нь шүлсээ хаячихсан байхыг харсан хүнд ямар бодол төрөх бол. Эзэн хааныхаа ийм дүр зургыг бид өглөө бүр харсаар байгаад дөжирчихож. Сайн зүйл яавч биш. Монголын хүн амын дийлэнхи олонхи нь боржгон овгийнхон. Таг чиг байхыг бодоход тэдний ухаанд ухна унаад үхчихэв үү. “Өнгөрсөн үе рүүгээ гар бууаар буудвал ирээдүй чам руу их буугаар бууддаг” гэсэн ишлэлийн манайхан их хэлэх дуртай. Хэрэв энэ ишлэлд үнэний хувь байх аваас та нарын толгой дээр бөмбөг дэлбэрэх цаг, өдөр ирэх байх хэмээн болгоомжилж бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу.
5. Өвгөд минь одоод тэнгэрт гардаг,тэндээсээ үрс биднийгээ харж байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг нь би. Цаг нь ирэхээр хөх өвгөдийнхөө араас нэр төртэй залрах юмсан хэмээн одооноос явдал мөрөө хичээдэг. Тэмка өвөө минь 4 хүлэг баатартайгаа, 9 өрлөг жанжинтайгаа зуун түмэн цэрэгтэйгээ тэнд бас л байгаа байх даа. Тэндээс биднийгээ тольдонхон суугаа биз. Бүтэлгүй, аминчхан бодолтой, ухаангүй үрс нь зураг хөрөг, нэр төрийг нь ууж согтууран, хоорондоо алалцаж, хамгийн бузар бүхнийг үйлдэж, эцэст нь хог болгон хаа сайгүй хаялахыг үзээд халаглан суугаа биз. Уг нь бид чинь нүүж суухдаа бууриа цэмцийлгээд, гадасныхаа нүхийг хүртэл булаад явдаг ард түмэн байсан сан. Гомдож байгаа болов уу даа. Гомдож тунирхасандаа биднийгээ ивээж, харж үзэхээ хойш тавьсан биз. Түүнээс болоод сонгуулиас сонгуулийн дараа урьд урьдынхаасаа улам л уйвайгүй хулгайч луйварчдаар төр дүүрдэг биз.
Дорнод дэвсэн эрвээхэйн далавч алс өрнөдөд хуй салхи болон дэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг гэдэг. Өөдлөх уруудхын шалтаг өчүүхэн зүйл байх нь түгээмэл. Их хаандаа хүндэтгэлгүй хандаж байгаа байдал маань уруудахын цондонг дуудаж байгааг үгүйсгэх аргагүй.
Өвгөдөө бодож, ёсоо бодож, төрөө бодож, түмэн олноо бодож “Чингис” архиныхаа үйлдвэрлэлийг зогсоохыг уриалж байна.
Монголоо сайхан болгох, ёс зүйтэй болгох, хүчирхэг болгохын төлөө хамтдаа зүтгэе.


URL:

Нэр: Билэгээ Огноо: 16 November 2017

Санаа бодлоо товч, тодорхой сайхан илэрхийлжээ Та бүхэн.Амжилт хүсье. Тэгээд энэ хэдэн архины үйлдвэрүүдийн удирдлага хэрхэн, ямар хариу өгөхийг харъя даа.

Сэтгэгдэл бичих