Аархаж амьдар, Асашёорюү
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү энэ сарын 21-нд Японы Фүкүока хотын спортын ордонд сүмогийн тэмцээн үзжээ. Асашёорюүг сумогийн өргөөнд орж ирэн, суудлаа эзлэхээр явж байгааг харсан хүмүүс “Асашёорюү” хэмээн хашгирч, тун баяртайгаар хүлээн авч “далдагнаж” байна гэнэ. Аргагүй дээ, арлын орны “жоохон” сумог дэлхийд дэлгэж өгсөн юм чинь гэж эндээс Монголчууд нь аваргаа омогшуулж байна.
Бас аваргын фэнүүд нь урдуур, хойгуур нь гүйлдэн зургийг нь дарж дэвжээн дээр юу болж байгааг ч хэсэгхэн хугацаанд “мартаж” гүйж байна гэнэ. Мэдээж шүү дээ. Мэргэжлийн сумод аварга шиг хүн өөр байхгүй юм чинь гэж Монголчууд бас л магтав.
Асашёорюү барилдаан эхлэхийн өмнө озэки Харүмафүжид амжилт хүсэн гар барьсан бол Кисэносатог сайн барилдаарай гээд амжилт хүссэн гэнэ. Аваргын буурь, ахын сэтгэлийг гаргаж байгаа нь тэр хэмээн бид бас л аваргадаа ташуур өгөв.
Харин Японы сэтгүүчдийн хувьд Асашёорюү ирсэн нь тун сонин үзэгдэл болсон бололтой. Тэд Асашёорюүг даган хуйларч яагаад сумо үзэхээр гэнэтхэн ирснийг нь сонирхож Асашёорюү аваргын юу нь өөрчлөгдөж, юу хэлэхийг нь сонжин ихэд дагаж гэнэ.
Тэдний хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь Асашёорюү аварга яагаад сумо үзэх болсон нь. Харин энэ асуудал их аварга ноён нуруу алдалгүй, бас Япончуудыг сайхан “хийсэн” хариулт өгчээ. Тодруулбал, “Үзэгч үнэхээр цөөхөн байна. Ийм үед сүмогийн ертөнцийг дэмжих нь эхний зорилго байлаа. Мөн ояката нь нас барсны улмаас сэтгэлээр унаад байгаа Кисэносатог дэмжих бодолтой ирсэн” хэмээн хариулжээ.
Зөв зөв. Япончуудыг “Сайхан хийжээ, Аварга” хэмээн Монголчууд бас л алгаа ташив. Үнэхээр манай Асашёорюү аваргыг барилдахаа больсноос хойш сумо бөхийн барилдаан тийм ч шимтээд байхаар “эд” биш болсон нь үнэн. Заримдаа танхим дүүрэхгүй цөөхөн хэдэн үзэгч “билгэдэл” болдог нь нууц биш ээ. Энэ удаа Асашёорюү аварга танимд ирсэн учраас үзэгчдийн уур амьсгал ч дулаан болж баярлаж, бахадсан хүмүүсээр дүүрсэн гэнэ лээ.
Харин нутгийн бөхчүүдийн тухайд хамгийн түрүүнд Ёкозүна Хакүхо сэтгэлээ уудалджээ. Тэрээр “Үзэгчид Аса ирсэн байна гэж ярилцах нь тод сонсогдож байсан. Өнөөдөр ялж байгаагаа аваргад харуулсан болохоор баяртай байна” хэмээж.
Тэгвэл энэ сар даваа унаа нь тэнцүү яваа Харүмафүжи “Аса ах ирсэнд их баяртай байна. Нэр хүндийн хэрэг шүү” хэмээн нутгийн ахаараа “бардсан” аж.
Эдгээр магтаал, бахархал, сэтгэл нь хөөрсөн үзэгчдийн хажуугаар Японы сумо бөхийн холбоо хийгээд дэвжээний эзэд өөрсдийн байр сууриа далдуур илэрхийлээд авч. Асашёорюү аварга сумо үзэж бас хажуугаар нь бөхчүүдийн хувцас солих өрөөнд орж, сүмочидтой уулзаж хэсэгхэн хугацаанд юм ярьж саатжээ.
Аваргын энэ үйлдэлд Сумогийн холбооныхон дургүйцэж түүнийг бөхчүүдийн өрөөнд саадгүй оруулсан жижүүрийн ояката Иватомог зэмлэн “Асашёорюү одоо гадны хүн болсон. Яагаад түүнийг бөхчүүдийн өрөөнд оруулав” хэмээж загнаж сумо дууссаны дараа шийтгэхээр болсон гэнэ.
Арлын орны үндэсний бахархал болсон сумогийн дэвжээг хэдэн жил дамнан эзэлж, дошин дээр нь дарж байсан Монгол Аваргыг тэд сумогоос шахсан ч түүний алдрыг баллаж чадахгүй нь мэдээж. Алс тэртээ үлдсэн 1940-өөд онд Монголчуудад дарагдаж байсан самурай нар зуун дамжин “дарагдаж” байгаадаа шаралхаж байгаа нь тэр биз хэмээн бид бас л аваргаа өмөөрч самурайг буруутгав.
Үнэхээр ч арлын орныг атгаж, Монгол хүний бяр чадал, ид хавыг гайхуулсан Асашёорюү аваргын даваа авах тоолонд Монголчууд бид эрэмшдэг байв. Үүнээс өөр юун дээр Монголчууд эрдэж, бардаж чаддаг байсан юм бэ. Бас чадаж байгаа юм бэ. Өнөөдөр Монгол улс ашигт малтмал, эрдэс баялагаараа гадныханы нүдийг унагаж, шүлсийг савируулж байгаа боловч дошин дээрээ данхалзаж, ташаагаа тулан тээхэлзэж чадахгүй байгаа. Харин ч харийнханы өлмийд сөгдөж, өчүүхэн хувь хишиг гуйж суугаа нь үнэн. Төрийн эрх барьж байгаа түшээд нь ч тэр, түүний доор захирагдаж байгаа гүйцэтгэх засаглал нь ч тэр. Хатуу хөтүүг нугалж байгаа “хар ажилчид” ч тэр ялгаагүй гэдийж бус бөхийж амьдарч байна.
Харин алс тэртээ арлын оронд даваа авч байгаа Асашёорюүг хараад бид ааг омог төрж, Монгол хүн бөхийж бус гэдийж амьдрах хүмүүс гэдгийг мэдэрдэг байв. Үнэхээр ч аварга учраа бөхөө унагаах тоолондоо бардахгүй байхын аргаггүй “ААШ” гаргадаг байсан нь өдгөө сумогийн дэвжээнд үгүйлэгдэж байна. Бас түүний бяр чадал, эр зориг, Монгол хүний ааг омог, япон бөхийг сумогийн дэвжээн дээр “арчиж” байгаа хурц харц гээд л. Түүний БРЭНД болгосон энэ харц бусдыг ч бас сөхрүүлж байв. Өнөөдөр Монгол улсад бусдын өөдөөс ингэж харж чадаж байгаа хүн хэд билээ.
Тиймээс арлын оронд ааглаж байсан шигээ ААРХАЖ амьдраарай Асашёорюү. Монгол хүний үнэ цэнэ Хятад шаахайн уланд дарагдаад байгаа өнөө цагт ганц ч гэсэн Монгол хүн харц дээгүүр, ХААН шиг амьдраг яадгийм гэж би ч гэсэн аархмаар байна.
Ж.Хулан
URL: