Л.Болдын “хошуу хөлдөж”, Б.Хурцын “ам халсан” нь буюу Монгол төрийн стандартыг нэхэхүй
Б.Хурц гэдэг хүн өчигдөр УИХ-ын гишүүдийн өмнө эр бяраа харуулав. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлсөн Засгийн газрын хуралдаан дараагийнх нь томилгоог хамт хийж БНСУ-д Элчин сайдаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр олон хүний хорхой, хор хоёрыг зэрэг хөдөлгөж, яаж Хурц шиг “баавартай” амьдрах вэ гэсэн далдхан бодолд даллааад авсан байх.
Б.Хурцыг чөлөөлөгдөх сургаар хамгийн их “цам харайсан” хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад нь Б.Хурцтай холбоотой олон санал гомдол ирж байсныг дурдаад хэдий болтол энэ хүнээс айж цэрвэж явах болж байна гэж тун чанга дуугаар хэлсэн юм даг. Энэ эрчээрээ мань эр Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулжээ. Үүнийг 21 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Хуулиараа бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь дэмжсэн тохиолдолд нээлттэй сонсголыг хийдэг ном журамтай аж. Б.Хурцыг элчин сайдаар ажиллуулах асуудлыг Ерөнхийлөгч дэмжсэний дараа өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж түүний томилогоог хэлэлцэж дэмжээд байна.
Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Л.Болд “Бид маш ноцтой асуудал ярьж байхад Байнгын хорооны гишүүд асуудалд нухацтай хандахгүй байна. Шударга ёс, хууль бус, захиалгаар ажиллаж байгаа асуудал байгаа учраас өмнөх Засгийн газар огцорсон. Ямар учраас надтай хамт ажиллаж байсан хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна. Олон нийтийн дунд яригдаж байгаа бүх мэдээллийг ил болгох хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй“ гэсэн санал бодлоо түрүүлж илэрхийлэв. Ингэснээрээ тэр “түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгч болж ТЕГ-ын дарга асанд ам руугаа “алгадуулчихлаа”.
Эрхэм гишүүний энэ асуултад Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу, үгүй юу? Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээн УИХ-ын гишүүнийг хурлын танхимд нь “накаутанд” оруулчихав.
Б.Хурцын “Би цааш нь ярих уу, болих уу” гэсэн тавласан өнгө аястай үг танхимд суусан олон гишүүдийн зүрхэнд шар ус хуруулчихав бололтой, хуралдааныг хаалттай явуулах горимын санал хүртэл гаргаад авна билээ. Нөгөө айсан хүнд аргал хөдөлнө гэгч л болсон байх.
Л.Болд гишүүн ийнхүү эхэлж дуугарч ам руугаа “алгадуулснаас” хойш ихэнх гишүүдийн дуу намсч, духаараа харж суусан хэмээн тэнд байсан хэвлэл мэдээллийнхэн шоглох тоглохын дундуур хэлээд байгаа нь учиртай. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг л юм болов гэнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Улаан цайн ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ энэ бүхэн бол тусдаа асуудал. Шалгадаг хянадаг байгууллагаараа явна биз.
Харин үхсэн буурны толгойноос амьд ат айна гэдэг шиг ТЕГ-ын ээлж халаагаа өгсөн даргын сүр бараанд номхорч зөөлөрсөн эрхэм гишүүдээ бодхоор дэн дун.
Намрын чуулган эхлээд сар гаруй болж байхад хурлын танхимд нэг ч удаа харагдаагүй Б.Наранхүү гишүүн өчигдөр ажлаа хийхээр ирсэн нь олны анхаарлыг татав. Б.Хурцыг дэмжихээр ирсэн хэмээн түүнийг тодотгож байна. Ажилдаа ирдэггүй гишүүнийг хүртэл ингэж “түргэн авахуулж” Б.Хурц өөрийн нөлөө сүрээ гишүүдэд бас давхар харуулав бололтой.
Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар З.Энхболдод олонхиороо баалуулж сөрөг хүчнийхэндээ “хохь чинь“ гээд тавлуулаад сууж байсан нь хэдхэн хоногийн өмнө. Гэтэл өчигдөр Б.Хурцыг УИХ-ын чуулганы танхимд Зи-гээс тод байлаа гэцгээж байна.
Б.Хурцын асуудлыг хэлэлцэх үед УИХ-д хэдэнтээ улиран сонгогдсон хуучин гишүүд бүлх залгичихсан юм шиг чимээгүй сууж амнаасаа хий гаргахыг хүссэнгүй. Дуугүй байх нь тэдний хувьд өлзийтэй байсан биз.
Л.Болд гишүүн Б.Хурцын хоёрын “асуулт хариулт”-ын дараа Ж.Батзандан гишүүний дуу ч намсч, сүр нь буурсан юм байх.
Ш.Раднаасэд гишүүний хэлсэн шиг “УИХ-д “Но”-гүй хүн ховор гэдгийг энэ хурал нотоллоо хэмээн цахим орчинд жиргэж байгаа нь талаар бус бололтой.
Ийм нэгэн хурал болж өндөрлөв. Хэн нь бяртай, хэн нь хулчгар байв гэдгийг олон түмэн цэнхэр дэлгэцээр харж, чихээрээ сонссон учраас олныг нурших гээд яахав.
Харин энд нэг зүйл анхаарал татна. ТЕГ-ын дарга байсан хүний хувьд Б.Хурцад сайн саар бүх талын мэдээлэл байгаа нь тодорхой. Гэхдээ тэр бүхэн хэн нэгнийг айлгах, тэр дундаа УИХ-ын гишүүдийг дуулгавартай байлгах “судсыг нь барих” хэрэгсэл байж боломгүй мэт. Хэрэв тийм мэдээлэл баримт байдаг бол тэр бүхнийг хянадаг шалгадаг байгууллагуудад нь шилжүүлж нэг талд нь гаргах учиртай. Нөгөө талаасаа зэвсэг наймаалсан тухай яриа нь үнэн худал аль нь болохоосоо үл хамаарч энэ бол улсын нууцтай холбоотой яригдах асуудал учраас ингэж нийтэд дэлгэж тавиад байх нь хэр зохимжтой вэ.
Төр төмбөгөр, ёс ёмбогор. Ярих асуудал бий. Ярихгүй зүйл гэж бас бий. Энэ бүхнээс харахад Монгол төрийн стандарт, хэм хэмжээ гэдэг юм эрхгүй үгүйлэгдээд байх шиг харагдлаа.
М.Нэргүй
Zaluu.com
URL: