С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр надаас дор мэдлэг боловсролтой юм билээ
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та монголчуудын хар хайрцагны бодлогын талаар ном бүтээжээ. Тэгэхээр Монголд хар хайрцагны бодлого ямар байдлаар хэрэгжээд явж байна вэ?
-Дэлхий дээр маш олон төр байгаа. Өөрөөр хэлбэл, хаант, шашинт, капиталист, социалист, намт гэх мэт. Манай улс социализмын үед намт төртэй байсан шүү дээ. Тэгэхээр төрийн хувьд олон янз байдаг байна. Харин үзэл санаа гэж байх ёстой. Үүнд ардчилал, либертари, капитализм, социализм зэрэг олон төрлийн үзэл санаа байна. Тэдгээр үзэл санааг төр нь ойлгож, мэдэрч явдаг байх ёстой. Улс төрийн үзэл санааг авч хэрэглэж байгаа нь энэ гээд ард түмэн, улс орон хохирол үзэж болохгүй.
Харин ч амьдрал нь өдөр ирэх бүр илүү сайжрах ёстой. Гэтэл манай улс социализмаас ардчилал руу шилжиж байгаа нь гээд төрөө үгүй хийчихсэн. Тиймээс төрөө нурааж хаяад, төрийн хар хайрцагны бодлого огт байхгүй болчихсон. Одоо үед хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл энэ байна шүү дээ.
Сүүлийн 20 жилд зүгээр л нэг улс төрийн үзэл санааг хэдэн залуус дагаж хөөрцөглөлөө. Энэ хугацаанд олон хүн архинд орж, амь насаа алдлаа. Ард түмнийг ажил хөдөлмөр эрхлээд, амар тайван амьдрах бололцоог нь хангасан нийгэм бидэнд хэрэгтэй. Тиймээс төрийн хар хайрцагны бодлого өнөө цагт үгүйлэгдэж байна. Жишээ нь, Япон улс хаант төртэй. Харин үзэл санаа нь ардчилал байдаг. Япончууд сайхан амьдраад явж байна.
-Монгол Улсад төр байхгүй. Зөвхөн үзэл санаагаар өдгөө хүрсэн гэлээ. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ?
-Төр, ардчилал хоёрын ялгааг ойлгож, мэдсэн хүн манай улсад алга байна. Төр, ардчилал гэдэг нэр томъёог хүртэл мэдэхгүй байна шүү дээ. Наймаачид, бизнесийн бүлгийнхэн төрийн албанд эзэн суучихсан байна. Тиймээс тэд яаж төрийн ажил хийж чадах юм бэ. Ерөнхий сайд С.Батболд бизнесээ хийгээд явж байсан нь хамаагүй дээр. Төрийг авч явах мэдлэг боловсрол энэ хүнд байх ч үгүй. Ардчилсан нам гээд хүртэл байж л байна. Ардчилал гэдгээ хүртэл өдгөө хэр нь тайлбарлаж чадахгүй явна. Одоо бараг төрийн толгойд эзэн суусан бизнесийнхэн төр мэт харагдаж байна.
-Монголчууд одоо ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ. Ер нь хүн бүр бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэсэн ойлголттой явдаг?
-Биднийг нийгэм гэж хэлэхэд хэцүү. Олон хүний бөөгнөрөл. Энэ бол нийгэм биш. Нийгэм гэдэг нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, буруу, зөвтэй, адил тэгш боловсролтой байх ёстой. Нийгмээ тодорхойлоход маш хэцүү байна. Ардчилсан нийгмийн дөрвөн үнэт зүйл байдаг. Шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, хоорондоо ах дүүс шиг байх гэсэн зүйлсүүд ардчилсан нийгмийн суурь нь байдаг.
-Төргүй, нийгмээ тодорхойлж чадахгүй улс орон одоо хаачих вэ?
-Бизнесийнхэн болон мөнгөтэй баячуудын гарт орно гэсэн үг. Монгол хүн хувийн амьдрал хүсэл мөрөөдөл, эрх чөлөө ярих ямар ч боломжгүй болж эхэлж байна шүү дээ. Иргэд 21 мянга, сая төгрөгөө хараад л амьдрах байх. Түүгээр л иргэдийн амьдрал тодорхойлогдоно. Тэгэхээр манай улс дээрээ хязгааргүй баян хүмүүстэй. Дороо туйлын ядуу иргэдтэй улс орон болох гээд байна. Зарим нь гадаадын томоохон компаниудын гар хөл болчихсон байна. Тиймээс ийм дүр зургийг монголчууд хамтдаа өөрчлөх ёстой. Тодруулбал, багш нь багшаа, бөх нь бөхөө, бизнес нь бизнесээ, улстөрч нь улс төрийнхөө ажлыг хийгээд явах хэрэгтэй.
-Монгол Улс өөрчлөгдөх, шинэчлэгдэх ёстой гэж хүн бүр ярьж байна. Та ч бас өөрчлөлтийн талаархи бодлоо хуваалцлаа. Өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн тулд хаанаас, юунаас эхлэх вэ?
-Ард иргэдээс эхэлсэн нь дээр гэж боддог. Учир нь оюун ухаан, уураг тархи, сэтгэл зүрх, итгэл үнэмшлээсээ аваад өөрчлөгдөх хэрэгтэй. Түүнчлэн хөгшин залуу гэлтгүй мэдлэг боловсролтой болох ёстой байна. Манай улсад, олон нийтэд сөргөөр нөлөөлж, муу үлгэр дуурайл үзүүлж буй хүмүүсийн нэрсийг би жагсаасан байгаа.
-Энэ их сонин байна. Тэдгээр хүмүүсийн нэрийг хэлж болох уу?
-”Хас гурвалжин” ТББ-ын тэргүүн З.Бат-Отгон, Арго, Чингис хаан академийн ерөнхийлөгч П.Давааням, нийтлэлч Баабар, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар байна. Титэм үгээр өөрийнхөө үзэж, туулсан бүхний л амьдралаа ярьж байна. Энэ нь залууст даанч хэрэггүй. Түүнчлэн хэрэгтэй хэрэггүй лам нар байна. Бид саяхан Богдтой болчихлоо. Одоогоос 100 жилийн өмнө нь бид Богдоо устгаад, түвд, манж нарыг нутгаасаа хөөж гаргасан. Гэтэл эргээд нөгөө түвдүүд нь орж ирж байна. Бурхан хаана ч хамаагүй байдаг зүйл биш ээ. Зөвхөн хүний сэтгэл зүрх, оюун ухаанд байдаг зүйл шүү дээ. Ер нь хүн бүрийг бурханлиг байхыг л сургасан байдаг. Түүнээс зурсан, шавраар урласан зүйл чинь бурхан огт биш. Түүнчлэн энэ хорвоо дээр бурхны хүйсийг хүртэл мэдэх хүн байхгүй. Бид оюуны сэхээрлийн, гэгээлиг зүйлийг хэлж, ярьж улс орноо сайхан болгохгүй бол хар бараан сүүдрээсээ салах цаг болсон.
-Таны хувьд улс оронд болохгүй байгаа зүйлтэй хэрхэн тэмцэх вэ?
-Монгол Улс даяар лекц уншиж явна. Монголын зуун хүнд өөрийнхөө дуу хоолой, үзэл бодлоо хүргэнэ. Үүнийг иргэн хүн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж хэлж болно.
-Зарим зүйлийг хийж, хэрэгжүүлэхэд эрх мэдэл хэрэгтэй байна гэж ярих хүн олон байдаг. Тиймээс улс төрд орох сонирхол таныг хөтөлж байгаа юу?
-Улс төрд орохоос өөр арга алга. Өөрийн үзэл санаагаа улс төрийн хэмжээнд хэлж, ярьж дуулгах шаардлагатай. Одоогийн 76 хүний мэдлэг боловсролыг харах юм бол их л хэцүүхэн дүр зураг харагдана. Сэтгэлийн хөдөлгөөн, хар таамаг, багцаа, үгийн цэцэн, хэрүүлийн чадвараар улс төр хийдэггүй. Улс төр хийж байгаа хүмүүс мэддэг, чаддаг, ёс суртахуунтай, ард түмэндээ хайртай байх ёстой.
-Та МАХН-ын дарга болох сонирхолтой байсан юм уу. Таны хүсэл санаснаар тань шийдэгдээгүй болохоор Н.Энхбаяраас туурга тусгаарласан хэрэг үү?
-Үнэн. Би МАХН-д эрүүл ажиллагаа явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. МАХН-ыг орчин үеийн шинэлэг улс төрийн нам болъё гэж бодож, төлөвлөж байсан. Гэтэл МАХН-ын даргаар Н.Энхбаярыг сонгосон. Дараа нь нөгөө Н.Энхбаяр нь М.Энхсайхан нартайгаа нэгдсэн. Тэгэхээр байдаг л нэг улс төрийн нам болж эхэлсэн. Миний өөрчлөлт, шинэчлэлийг хийх хүсэл маань хаагдсан. МАХН-д намайг байх эрхийг хааж, шүүх хурал хүртэл хийлгэсэн. Түүнчлэн манай намын байрлаж байгаа байрыг хаах бичиг хүртэл шүүхээс ирж байсан. Тиймээс миний хувьд хуулийнхаа хүрээнд МАХН-д байх эрх хаагдсан. Ер нь намуудад улс төрийн онолчид байдаггүй. Тиймээс ямар төрлийн улс төр хийгээд байгаагаа огт мэддэггүй хүмүүс шүү дээ.
-Тэгэхээр танд улс төрийн нэлээд шахалт иржээ?
-Намайг улс төрд орж ирэхэд дургүй хүн олон байгаа. Хүмүүс үнэндээ шинэчлэгдэхээс, өөрчлөгдөхөөс үнэхээр айж, эмээж байна. Энэ ч утгаар МАХН-ынхан надаас айсан. Тиймээс Н.Энхбаярыг намын даргаар тавьсан байхгүй юу. Хэрвээ намайг даргаараа тавьсан бол өдийд МАХН орчин үеийн шинэлэг нам болох байсан. Даанч тэд шинэ зүйлийг хүссэнгүй. Дассантайгаа хоцорлоо доо.
-Н.Энхбаяр Монголын сэхээтнүүдийн тоонд зүй ёсоор ордог. Монгол Улсын төрийн тэргүүн байж үзсэн хүн. Харин та Н.Энхбаярын мэдлэг боловсролыг юу гэж дүгнэсэн бэ?
-Н.Энхбаяр мэдлэг боловсролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаахан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байхгүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургууль дүүргэсэн гэдэг. Тэгэхээр миний мэдлэг боловсролыг түүнтэй харьцуулах арга байхгүй. Би бол олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролтой хүн.
-Монголчууд мэдлэг боловсрол тааруухан хүнээр улсаа удирдуулаад явсан гэж та хэлж байна уу?
-Тухайн үед Н.Энхбаяраас өөр олигтой хүн байгаагүй юм чинь. Арай дээр нь Н.Энхбаяр байсан байна. Харин одоо бол цаг үе өөр. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мундаг хүмүүс эх орондоо ирж байна. Тиймээс Монголд шинэ улс төрийг бий болгож, босгож ирэх хэрэгтэй.
-Ер нь таны үзэл бодлыг Н.Энхбаяр хүлээж аваагүй юм биш үү?
-Н.Энхбаярт өөрийн үзэл бодол, ном бүтээлээ сонирхохыг санал болгож байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг эрх мэдэл дунд явсан.
Харин тэр эрх мэдэл нь Н.Энхбаярыг эвдсэн юм байна лээ. Н.Энхбаяр мэдлэгтэй хүний үгийг сонсдоггүй. Өөрийгөө дэлхийн бүх зүйлийг мэддэг гэсэн биеэ тоосон зантай. Мөн буддын шашныг нэлээд хүндэтгэдэг. Тэгэхээр төрийн хүн мухар сүсэгтэй, шашинч байж болохгүй. Төрийн хүн шашнаас ангид байх ёстой.
-Н.Энхбаяр ирэх жил сонгуульд нэр дэвших гээд өнөөдөр гудамжны улс төр хийгээд явж байна. Дахин төрд гарвал ямар байдал үүсэх бол?
-Ирээдүйг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэгэнт хүн улс төр хийх гэж байгаа бол хариуцлага гэгч зүйлийг огт мартаж болохгүй. Н.Энхбаяраас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаар нь хариуцлага асуух ёстой. Н.Энхбаяр алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч Н.Энхбаярт хариуцлага тооцож чадахгүй л байна шүү дээ. Мөн С.Баяр гэх мэт маш олон хүн байна. Үнэхээр Н.Энхбаяр алдаа оноогоо ухаараад, засч залруулчихаад тогос шиг гоёод, хөхөө шиг донгоддог болчихоод улс төрд ахин орж ирэх хэрэгтэй.
-Таныг дэмждэг залуус байдаг гэсэн. Даанч хэн нэгнээс айгаад харилцаагаа ил гаргахыг хүсдэггүй гэж дуулсан юм байна. Тэд хаанаас хэнээс юунаас айдаг юм бол?
-Нийтэд ил гарч болохгүй, баларна гэж ярьдаг залуус бий. Түүн дотор МАН, АН-ын залуус ч байдаг. Худлаа ярих хүнд надтай бараг гар бариад мэндэлж, зогсохоос хүртэл айж явдаг. Цаад талд нь дарамт шахалт их байдгаас ийнхүү болгоомжилдог юм шиг байна лээ. Тэгэхээр Монгол Улс социализмын дарангуйллаас ардчиллын дарангуйлал руу шилжчихсэн байгаагийн тод жишээ. Үүнийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан хүртэл хэлж байсан.
-Намууд ирэх оны сонгуульдаа бэлтгээд, зарим нам, эвсэлтэй нэгдэж байна. Танай нам хэн нэгэнтэй нэгдэх үү?
-Сонгууль бодох завгүй явна. Надад ном бичих, лекц унших ажил байгаа. Манай нам соён гэгээрүүлэх чиглэлийн нам. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулна.
-Удахгүй төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан болох юм гэсэн. Тэд дахин хувьсгал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Онолынхоо хувьд бид ямар хувьсгал руу орох гээд байна вэ?
-Монголын нийгэм, улс төрийн амьдралдаа зохицсон шинэчлэлт өөрчлөлт хийх ёстой. Мэдээж үүнийг тэд хувьсгал гэж нэрлэх байх. Манайд гарсан хувьсгалууд гаднаас залууртай байсан. Өөрөөр хэлбэл, 1921, 1990 оны хувьсгал гадаадын бодлогоор хийгдсэн. Түүхэнд гадаадын залуургүй хувьсгал хийж байсан зүйл байхгүй байна шүү дээ. Монголчууд харанхуй засгаасаа салах цаг болсон. Шинэ шинэлэг зүйл рүү тэмүүлэх үе ирсэн. Хувьсгал гэдгийг айлган сүрдүүлэх, Засгийн газрын ордон руу нум сум харвахыг хэлэхгүй. Харин иргэд янз бүрийн байдлаар бухимдлаа төр засагтаа илэрхийлж байх ёстой. Миний хувьд хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлт, хүмүүсийн тархинд явах ёстой гэж боддог.
-Та УИХ-ьш гишүүн Ц.Шинэбаяртай хамтарч ажиллаж байна. Та хоёр өмнө нь МАХН-д хүчин зүтгэж байсан. Тэгэхээр Ц.Шинэбаяртай хамтарч ажиллахад үзэл бодлын хувьд санал нэгдэж байна уу?
-Тэр тал дээр асуудалгүй. Миний бүтээсэн номыг нэлээд уншиж байгаа.
-Танай нам одоогоор хэчнээн гишүүнчлэлтэй байна вэ?
-1000-аад хүнтэй. Монгол Улсын иргэн бүр манай намыг дэмжигч байгаасай гэж боддог.
-ХМХН гэхээр хүмүүст хуучны нэртэй юм байна гэдэг утгаар хүлээж авч байсан. Тэгсэн хэрнээ намын уриа нь орчин цагийнх гээд их гайхсан байдалтай байсан шүү дээ. Ягаад энэ нэрийг өгсөн юм вэ?
-Нэрний хувьд хуучин байж болно. Дэлхийгээр тарсан монголчуудад зориулж өгсөн нэр байгаа юм. Манайхан дотроо сууж ярилцаж байгаад нэрээ сонгосон.
Б.ПҮРЭВЖАВ
URL: