МАН-ын “нялх Сэнгүм”-үүдийн мөрөөдөл

МАН дотор “нялх Сэнгүм”-ийн бүхэл бүтэн арми бий болжээ. Дандаа мөнгөтэй айлын өнгөтэй хөвгүүд. Их сургууль хагас дутуу төгсөв үү, үгүй юү том улстөр мөрөөдөж аавын шийр хатаахаар яарна. Зарим нь “Аав түргэн надад суудлаа өг” гэж дарамталж байж ч мэднэ шүү. Удахгүй болох МАН-ын бага хурлаар бага хурлын гишүүн болохыг мөрөөдсөн өчнөөн “Сэнгүм” байгаа дуулдана. Бараг өнөөгийн бага хурлын гишүүдээс олон горилогч бий болоод хуучин гишүүдээ хуу солилтой нь биш, хэцүүхэн байдалд МАН-ын дарга нар оров бололтой.

Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны “нялхас” намын удирдлагадаа олон болзол тулгадаг бололтой юм. Хийсэн том ажил нь гэвэл өнгөрсөн өвөл УИХ-ын шүүмжлэл хэлдэг хэдэн гишүүний зургийг дэвсэлж, нэрсийг нь бичсэн цаас шатааж дөвчигнөсөн. Циркийн байранд болсон МАХН-ын Онц их хурлыг жаахан үймүүлэх шиг болсон. МАСЗХ гэдэг байгууллагыг үндэслэгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх залуучуудын байгууллагын нэрийг Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо хэмээн шинэчилж, Хэнтий нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар тэргүүн болгосноор жинхэнэ “нялх Сэнгүм”-ийн армийг бүрдүүлсэн.

Одоо тэд Засгийн газрын дэргэд Залуучуудын агентлаг байгуулахаар зүтгэж эхлэв гэнэ. Монголын нийт залууст зориулсан агентлаг биш л дээ, тэр нь. Угсаа язгуур өндөр, бэл хөрөнгө сайтай, хур баян, төрөөс хөрөнгөжсөн дээд тушаалын эцэгтэй, амьдрал гэдгийг огт мэдэхгүй, явган алхаж үзээгүй, МАН-ын залгамж халаа нялзрайхан “Сэнгүм”-үүдийн л байгууллага. Агентлагийн дарга нь Хэнтийн Бэрхийн уурхайд төрж өссөн Л.Оюун-Эрдэнэ. Яах вэ, “Сэнгүм” дотроо бол арай амьдрал үзсэн нь. Ядахдаа багадаа орос мэргэжилтнүүдээс сурсан жигнэмэг хийх аргыг телевизээр харуулчихаж байна лээ. Наадуулаа бодвол өтгөрүүлсэн сүүгээр гурил зуурчихдаг юм билээ.

Удахгүй Засгийн газар дэргэдээ эрх танхи өссөн ч том улстөрд суудал горилсон “Нялхсын” агентлагтай болох вий. Биедээ ахадсан том жиптэй ирээдүйн боссууд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр цуглардаг газар нь тэр агентлаг болно. Боорцог биш бялуу идэж өссөн тэд ишиг эврээ ургахаар гэгчээр өнөөдөр агентлаг, маргааш яам нэхэх дэг шүү. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Засгийн газар Залуучуудын яамтай болж Л.Оюун-Эрдэнэ сайд, дэд сайд “Сэнгүмүүд”-тэйгээ Төрийн ордонд заларч ч мэднэ.

Д.ОЮУН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих